Украины тал гал зогсоох болзол тавив

Хилд хяналт тогтоож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын үйл ажиллагааг хангаж, барьцаалагдсан хүмүүсийг сулламагц л Донецк, Луганск мужид гал зогсоох боломжтой юм.

Ингэх нь хоёр тал гал зогсоох тийш урагшлах замд гол асуудал болж байна. Украины ГХЯ-ны тэргүүн Павел Климкин Берлинд болсон дөрвөн талын уулзалтын дүнг тайлбарлахдаа ийм болзол дэвшүүлжээ.

Украины эрх баригчид Оростой хэлэлцээ хийх “улаан шугамыг” тодорхойлсон юм гэж сайд хэлсэн байна. “Энэ нь маш хялбархан, үүнийг дараах байдлаар томъёолж болох бөгөөд нэгдүгээрт, Украин нэгдмэл, ардчилсан, европын улс байх ёстой, хоёрдугаарт Украин европын замаар замнах ёстой, Украин өөрийн аюулгүй байдлыг ямар холбоонд, хэрхэн хангах ёстойг өөрөө тодорхойлох ёстой” гэж Климкиний хэлснийг хэвлэлд дурджээ.

Украины ерөнхийлөгч Петр Порошенко хүчний байгууллагуудын удирдагчидтай зөвлөлгөөн хийхдээ, тус орны зүүн нутагт цэргийг дахин бүлэглэхийг санал болгосон байна. Ингэх нь давшилтыг үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай юм гэж төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Их хохирол амсаж байгаа хэдий ч, Украины цэргийнхэн болон Үндэсний гвардийнхан давшилтыг амжилттай үргэлжлүүлж байна хэмээн төрийн тэргүүн батлан илэрхийлжээ. “Бид өдөр бүр Украины баатруудыг алдаж байна” гэж Порошенко хүлээн зөвшөөрчээ.

Байлдааны ажиллагааны улмаас “Донбассын аж үйлдвэрийн чадамж хэрэг дээрээ байхгүй болж байгааг” ч тэр бас хүлээн зөвшөөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ