Дайн ойртсоор байгаа тул удаан амьдарна гэж найдалтгүй

Америкийн эдийн засагч, улстөрийн тоймч Пол Крейг Робертсын нийтлэлийг товчлон хүргэж байна. АНУ, Их Британий Засгийн газрууд болон өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд гэж нэрлэгддэг Суртал ухуулгын яамдын явуулж байгаа Оросын эсрэг урьд хожид байгаагүй сөрөг суртал ухуулгын зорилго бол даян дэлхийг дайнд татан оруулах. Ялагчгүй дайнд шүү. Европын Засгийн газрууд амар амгалан нойрноосоо “сэрэх” хэрэгтэй.

Яагаад гэвэл Европ өөрийн “аюулгүй” байдлын баталгаа болгон газар нутгаа Америкийн пуужингийн баазуудад ашиглуулж байгаагаасаа болж, хамгийн түрүүнд уур утаа болон замхрах юм. “Zero Hedge”-ийн Тайлер Дёрден “Оросын Засгийн газар 50 тэрбум долларыг “ЮКОС” компанид төлөх ёстой гэсэн Нидерландын шүүхийн хууль бус тогтоолын хариуд ОХУ далд утгатай хариу өгсөн.

“ЮКОС” бол авлигад идэгдсэн, Оросын өмчийг хулгайлж, татвар төлөхөөс зайлсхийж байсан компани шүү дээ. Ерөнхийлөгч Путиний зөвлөхөөс шүүхийн энэхүү шийдвэрийн хариуд Орос юу хийх бол гэж асуусан. Зөвлөх “Европт удахгүй дайн дэгдэнэ. Энэ шийдвэр ямар нэг ач холбогдолтой гэж та үнэхээр бодож байна гэж үү?” гэж хариулсан” хэмээн бичжээ. Өрнөд өөрөө нэвт шувт илжирч ялзарсан учраас Оросын эсрэг хүчээ нэгтгэж байна.

Тэдгээр орны элитүүд эд баялгаа хуримтлуулахдаа эрх баригчдыг нь худалдан авч болдог сул дорой улс орнуудыг тонож дээрэмдсэн (үүнийг яаж хийдгийг мэдье гэвэл Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчин нүглээ наминчилсан нь” гэдэг номыг худалдан авч уншаарай) төдийгүй мөн өөрсдийн эх орны ард иргэдийг ч хулгайлж дээрэмдсэн.

Энэ тал дээр Америкийн элитүүдтэй хэн ч эгнэхгүй. Шинэ XXI зуунд тэд өөрийн орны чинээлэг дунд давхаргын ихэнхийг устгаж чадсан. Харьцуулал: Орос орон бол худал хуурмаг дээр үндэслэн байгуулагдсан дарангуйлагч гүрний балгас дээр үүсэн бий болсон бол АНУ, Их Британи эсрэгээр худал хуурамчаар хүрээлүүлсэн дарангуйлалд живж байна. Өрнөдийн элитүүд одоо амтат хоол мэт Орос орныг тонон дээрэмдэхийг хүсч байгаа.

Харин тэдний замд Путин саад болжээ. Асуудлыг шийдэхийн тулд тэд Украины Януковичоос ангижирсан шиг түүнээс сална гэж мөрөөдөцгөөж байна. Дээрэмдэн тонохоос өөр юм хийдэггүй элитүүд ч, дэлхийд манлайлах үүргээ хадгалах гэж зууралдагсад ч тэр ялгаагүй нэг л зорилготой. Тэд Орос орныг өөрөөс хараат улс болгох гэж хүсдэг.

Энэ зорилго л өрнөдийн санхүүгийн империалистууд болон улстөрийн империалистуудыг нэгтгэдэг. Их Британий “The Economist” сонин хэрхэн Путин ба Оросыг ад чөтгөр мэт сурталчилж байгааг хараад би хүртэл шоконд орсон. Өрнөдийн шар хэвлэлийн түвшинг харахыг хүсвэл, Оростой дайтах гэсэн эрмэлзлэлийг нь мэдье гэвэл энэхүү солиотой, шал худал суртал ухуулгыг унш.

“The Economist” сонины материалд ямар ч баримт нотолгоо байхгүй... Тэд дэлхийг дайнд татан оруулахаас өөр зорилго агуулаагүй. Өрнөдийн элитүүд, Засгийн газрууд тэр чигтээ зүгээр нэг авлигад идэгдсэн юм биш тэд солиотой. Тэгэхээр миний өмнө нь бичиж байсанчлан “Удаан амьдарна гэж найдах хэрэггүй”.

М.Цогзолмаа, www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ