Бизнесээ эхлүүлэх үедээ доорх 10 алдааг бүү гарга: 1,2,3-р алдаа

Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү. Анх удаагаа бизнес эрхлэхэд бүр ч бэрхшээлтэй. Ихэнх хүмүүс бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг.

Яаж ийгээд эхлүүлсэн ч гэсэн шинэ бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг. Тэдний араас орох шаардлага байхгүй. Үүний тулд доорх 10 алдаанаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй.1. Ганцаараа зүтгэхээс зайлсхий. Цоо шинэ бизнесийг ганцаараа эхлүүлээд амжилтанд хүрсэн хэдэн хүн байдаг бол? Зөвхөн Ларри Эллисоны "Oracle" л байна.

Компани байгуулах нь үнэндээ маш хүнд ажил бөгөөд ямар ч бизнесийг эхлүүлэхэд ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш хүн шаардлагатай байдаг. Цөөн тооны хүмүүс л ганцаараа хийж чаддаг зарим нэг ажлыг эс тооцвол заавал хамтрагчидын асуудал босож ирнэ. Зарим хүнд сорилт, бүтэлгүйтлийг бусдын дэмжлэггүйгээр даван туулах боломжгүй байдаг. Мөн түүнчлэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бий болгох хэрэгтэй болдог. Бизнесээ эхлүүлэх мөнгөө ч босгох шаардлагатай тулгардаг.

Энэ бүх асуудлыг шийдэх нь үнэхээр толгой эргэм ажил юм. Найз нөхөд, мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах нь бизнесээ шинээр эхлүүлэхэд багагүй тус болно.

2. Бизнес төлөвлөгөөгөө битгий халтуурд. Бизнес төлөвлөгөөгөө хэр найдвартай хийснээр таны ирээдүйн амжилт тодорхойлогдоно.

Бизнес төлөвлөгөө нь таны бизнесийн хувьд амин чухал доорх асуудлуудыг тодорхойлоход л оршдог.

- Компани юунд хүрэхийг тэмүүлж байгаа
- Гол харилцагчид буюу танай үйлчилгээг худалдан авах хүн хэн бэ?
- Нийгмийн өмнө ямар үүрэг хүлээж буй болон үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дотооддоо хэвшүүлэх үнэт зүйл нь юу вэ?
- Компани хүсч буй үр дүндээ хүрэхийн тулд аль чиглэлд явах вэ?
- Компаний өрсөлдөгчид хэн бэ, тэд юу хийж байна вэ?
- Компани амжилт, хүрсэн үр дүнг хэрхэн хэмжиж болох вэ? зэрэг асуултанд хариулж шинэ бизнесийг зөв чиглэл рүү хөтөлдөг.

Өөрөөр хэлбэл бизнес төлөвлөгөө чанартай зохиосноор шинээр эхлүүлэх гэж буй бизнесээ бүх талаас нь харах боломж олгодог. Мөн түүнчлэн компани асуудалд орох үед эсвэл шинэ бизнест хөрөнгө оруулах эсэхээ шийдэх үед зайлшгүй бизнес төлөвлөгөөг урьдчилан харах хэрэгтэй.

Гэхдээ энэ нь хичээлд заадаг шиг нэг хэв маягийн зүйл байх шаардлагагүй. Ямар ч байсан дээрх чухал асуудлуудад хариулт өгөх бизнес төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна.

3. Мөнгөө буруу зарцуулахаас зайлсхий. Шинэ бизнес эхлүүлэх үед “мөнгөтэй байх нь” маш чухал бөгөөд үүнийгээ зөв зарцуулах шаардлагатай.

Тухайлбал бизнесийн эзэн буюу үүсгэн байгуулагч хэт их улайрч олон хүн ажилд авах үед мөнгө ихээр үрэгдэж алдаа гаргадаг юм. Эхэндээ бизнес эрхлэгчид ажилд авсан хүн бүрээ зайлшгүй шаардлагатай гэж бодож байж болно. Гэвч нухацтай хандахгүй бол ингэснээр ердөө л шинэ бизнес эхлүүлэхээр нөөцөлсөн мөнгөө л хурдан үрнэ гэсэн үг юм. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй хүмүүсээ алхам, алхмаар ажилд нэмж авах хэрэгтэй.

Ялангуяа бизнесийг санаачлагч нь тухайн бизнестээ их хэмжээний мөнгийг зарцуулаад үр дүнг нь хурдан харахыг хорхойсож байж болзошгүй. Ингэсэн тохиолдолд мөнгийг зөв зүйлд зарцуулахаасаа илүүтэй өөрийнхөө хүссэн зүйлд үрэх тохиолдол байдаг.

Харин танд хөрөнгө оруулалтын компани их хэмжээний мөнгөн санхүүжилт олгосон бол томоохон үр дүн нэн даруй шаардах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дэмий суух хэрэггүй, ажлаа шалавхан эхлүүл.

Гэхдээ доорх болзошгүй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, хариу үйлдлээ тооцоолсон байх шаардлагатай. Тухайлбал:

- Гэнэт багагүй мөнгө шаардагдах өөрчлөлт хийх шаардлагатай болоод хангалттай мөнгө нөөцлөөгүй бол яах вэ?
- Нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд анхны төлөвлөгөөгөө өөрчлөх болбол яах вэ?
- Хөрөнгө оруулагч амласнаасаа буцах буюу харилцагч мөнгөө төлөхгүй бол яах вэ?
- Бизнесийг урагшлуулах чухал хэсэг нь төсөөлснөөс хэт үнэтэй байвал яах вэ? Ийм нөхцөлд зарцуулах мөнгө байгаа юу? Гэх мэт

Санхүүгээ зөв удирдаж зарцуулахгүй бол шинэ бизнес хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй байж магадгүй. Энэ талын тооцоолол сайтай хэн нэгнээс тусламж ав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ