НАСА: САНСРЫН ШИНЭ ЭРИН ЭХЭЛЛЭЭ

Улиран одож буй он сансрын судалгааны салбарын хувьд шинэ эринийг нээлээ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ дарга Чарльз Болден мэдэгджээ.

Онцолвол, НАСА агентлаг тойрог замын улсын мэдлийн аппаратуудыг хувийн хөрөнгө оруулагчдын бүтээсэн аппаратуудаар солих үндэс суурийг тавьснаараа илүү өргөн хүрээнд төсөл хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Хүн анх задгай сансарт гарснаас хойш бараг хагас зуун жил өнгөрөөд байгаа бол хүн төрөлхтөн зөвхөн саран дээр л хөл тавьж чадсан. Ангараг гараг руу одоохондоо уран зөгнөлт зохиолчид л “нисч очоод ирсэн” билээ. Бодит амьдрал дээр энэ гарагийг роботууд л судалж байгаа бөгөөд Улаан нүдэн гарагийн нууцыг хэзээ тайлах нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ энэ жил сансар огторгуйд жолоодлогот хөлгөөр маргааш биш юм аа гэхэд нөгөөдөр нислэг үйлдэж эхлэх найдлага бий болсон. Жишээлбэл, “Шаттл” хөлгүүдийг ашиглах 30 жилийн хөтөлбөр дуусчээ. Хамгийн сүүлд хоёр, тав, долдугаар сард сансрын нислэг үйлдсэн бөгөөд үүний дараа тэдгээр хөлгүүдийг музей, шинжлэх ухааны төвүүдэд тавьсан юм. 2015 он хүртэл Америкийн сансрын нисгэгчид Оросын “Союз” хөлгөөр тойрог замд гаргах ба энэ хугацаанд хувийн бизнес эрхлэгчид хүмүүсийг сансарт нисгэх болон Олон улсын сансрын станцад /ОУСС/ ачаа хүргэх зориулалттай сансрын хөлөг бүтээх гэнэ.

ОУСС-ын анхны бүрдэл хэсгүүд бүр 1998 онд бий болсон боловч 2000 онд буюу станц дээр сансрын анхны нисгэгчид очих үед албан ёсоор үйл ажиллагаа нь эхэлжээ. НАСА агентлагийнхан саяхан тус станцад соронзон альфа туяаны хэмжигч багаж хүргэсэн бол багийн бүрэлдэхүүн робот нисгэгчтэй болсон юм. Үүнийг мэдэгдэхүйц амжилт гэж хэлж болно. Гэхдээ долдугаар сард ОУСС-ын ээлжит ажлын тайланг танилцуулсны дараа янз бүрийн орнуудын шинжээчид сансар огторгуйд эргэлт хийж болох судалгааны өөр бусад төслүүд дээр ажиллахаар болжээ.

Ашиглалтаас гарсан “Спирит” болон хуучирсан “Оппортьюнити” аппаратыг орлох “Кьюриосити” аппаратыг Ангараг гараг руу хөөргөснийг НАСА агентлаг энэ оны бас нэгэн чухал үйл явдал гэж үзэж байна. Үүнээс гадна гараг хоорондын “Мессенжер”, “Жуно” станцыг Буд, Бархасвадь гараг руу хөөргөсөн бол Веста сүүлт одыг судлахын тулд “Даун” аппаратыг хөөргөжээ.

Харин жолоодлогот хөлгөөр хэзээ сансарт нислэг үйлдэх бол? Энэ талаар тодорхой судалгааны ажил хийгдэж байгаа ажээ. Жишээлбэл, өнгөрөгч зургадугаар сард НАСА агентлаг болон АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх нэн орчин үеийн батлан хамгаалахын судалгааны төслүүдтэй /ДАРПА/ хамтран “Зууныг дамжин оддод хүрэх нь” гэдэг нэртэй сансар судлалын ажиллагаа явуулж эхэлснээ зарласан байна. Энэ ажиллагаа нь ойрын 100 жилийн хугацаанд жолоодлогот хөлгөөр Нарны аймгаас гаран аялах боломж олгох гэнэ.

Мөн “Lockheed Martin” компани дэлхийн тойрог замаас гадна нислэг үйлдэх хөлөг бүтээх зорилготой, одоогоор дөнгөж эхлүүлээд дутуу орхисон байгаа “Орион” гэдэг төслийг дуусгахаар шийджээ. Ингэж чадвал, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг 210 хоногийн дотор ойролцоох гараг болон солир дээр очих боломжтой болох юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард шилдэг “сансрын хүргэгч” шалгаруулах Commercial Crew Development (CCDev) хөтөлбөрийн эхний дүн гарсан бөгөөд “Boeing”, “Sierra Nevada Corporation”, “Blue Origin” болон “SpaceX” компаниуд ялсан байна. Одоогийн байдлаар эдгээр компаниас “SpaceX” компани бусдаасаа тодрох магадлал өндөр байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард дээрх компаниудын бүтээсэн хөлөг онгоцуудыг ОУСС-д залгах туршилт явуулах юм байна.

Үүнээс гадна НАСА агентлаг “Orbital Sciences” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Уг компани сансрын аппаратуудаа ОУСС руу илгээх бас нэгэн хувийн хэвшлийн сансрын тээвэрлэгч болж магадгүй байгаа бөгөөд сансрын салбар дахь хувийн хөрөнгө оруулагчдын боловсруулж байгаа хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон технологийн дэмжлэг үзүүлдэг байна. Үүнээс дүгнэхэд, сансар судлалын ирээдүй хувийн хэвшлийнхнээс шалтгаалах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ