Өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанар

Домгоос үзэхэд Бурхан багш (Гаутам Будда) хүмүүн бидний өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанарыг "Агуу Хүмүүн байхын Найман Үнэн" (The Eight Truths of Great Human beings) нэртэй сургаалиар хэлж үлдээсэн гэдэг. Японы Зэн буддизмийн нэгэн тод төлөөлөгч Их Зэн багш Доген мөн таалал төгсөхөөсөө өмнө Буддагийн дээрх сургаалийг тодотгон тайлбарлаж үлдээсэн байдаг.

Дээрх гэгээнтнүүд чухам ямар шинж чанарыг эрхэмлэх талаар бидэнд хэлж үлдээхийг хичээсэн юм бол? 8 үнэнг англи хэлнээс албан бусаар орчуулж жагсаавал:

1. Багыг хүс (Small desire)
Хүслээс бүр мөсөн ангижрах нь хүмүүн бидэнд боломжгүй нь тодорхой. Ядаж л хүслээс ангижрахыг "хүсэж" байж ангижрах болохоор бас нэг хүсэл үлдчих гээд байдаг. Бүх хүслийг таягдаж хаях бодлоо орхиж, зүгээр л багыг хүсэхийг хичээх хэрэгтэй юм боловуу. Хүсэл шунал гэж ч орчуулж болох байх.

2. Ханаж цадсанаа мэдэж бай (Know satisfaction)
Ханаж цадахаа мэдэхгүй улс хичнээн баяжаад ч ядуу л байгаад байдаг. Байгаа юмандаа ханамжтай байж сурвал ядуу хүн ч баян мэт амьдрах. Нэг жишээ татъя.
Нэгэн залуухан Зэн багш танилын хамт гудамжинд явж байгаад үзэсгэлэнт бүсгүйтэй таарчээ. Зэн багш:
- Хараач! Ямар сайхан бүсгүй вэ? Танил:
- Тэртээ тэргүй өөрийн болгож чадахгүйгээс хойш түүнийг хараад ч яах билээдээ гэжээ. Зэн багш үүнийг хожим тайлбарлахдаа: "Миний хувьд тухайн бүсгүйг хажуунаас нь харсанаараа л сэтгэл сэргэж сайхан мэдрэмж авч "өөрийн нүдний таашаал болгоод авч" байгаа нь тэр. Танилын хувьд нүдэндээ ч, сэтгэлдээ ч таашаал авалгүй үлдэж байгаа нь харамсалтай."

3. Амар тайван жарга (Enjoy tranquility)
Элдэв чимээ шуугианаас холдож хоосон орчинд ганцаар байхыг эрхэмлэх нь амар тайван жаргал юм гэж Бурхан багш тодорхойлжээ.

4. Уйгагүй хичээж оролд (To practice diligence)
Чулуун дээрээс тасралтгүй ус дусаал байхаар чулуу хонхойж цоордогийг бид мэднэ. Уйгагүй хичээл оролдлогын үнэхээр сайхан жишээ.

5. Анхаарал, сонор сэрэмжээ бүү алд (Do not lose mindfulness)
Яг одоо байгаа орчиндоо анхаарлаа хандуулж, мэдэрч амьдрах тухай ойлголт юм.

6. Сэтгэл тогтворжуулах бясалгал тогтмол хий (To practice the balanced state of dhyana)
Зазэн хэмээх суугаа бясалгал бол Бурхан багшийн өөрийнх нь хэрэглэдэг байсан бадамлянхуан суултаар сууж хийдэг бясалгал билээ. Түүнийг тогтмол хийж байхыг бидэнд хүсчээ.

7. Эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг хичээ (To practice wisdom)
Өөрийнхөө талаар байнга эрэгцүүлэн бодож, өөрийгөө ажиглаж байвал эрүүл саруул ухаанаа гээхгүй байж чадна гэж Бурхан багш тодотгожээ.

8. Дэмий хоосон ярианд бүү оролц (Not to engage in idle discussion)
Хамгийн инээдтэй хэсэг нь энэ юм. Хожим Бурхан багшийн сургаалийг судлахаар Сүм хийд байгуулагдаж лам нарын анги нийгэм үүсээд ирсэний дараа бясалгал үйлдэж суухаасаа илүү хоорондоо цэцэрхэж маргалдах нөгөө л хүний нийгмийн хэв шинжээ хадгалсан лам нар бий болохыг урдьчилж мэдэж анхааруулсан мэт сайхан сургааль юмаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ