П.Цагаан: Монгол Улсад гайхамшгийг бүтээх боломж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Азийн хөгжлийн банкны захирал бөгөөд суурин төлөөлөгч Роберт М.Шоэлхаммер, Сангийн дэд сайд С.Пүрэв, эдийн засагчид, эрдэмтэд, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг нээлттэй хэлэлцүүлгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдал болох иргэдэд наалдацтай байдлыг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Дэлхий нийтийн хэмжээнд тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, орлогын хэт ялгаатай байдал өсч буй нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа юм. Дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг нийт хүн амын дөнгөж ганцхан хувь нь эзэмшиж, дэлхийн хамгийн баян 85 хүн дэлхийн хүн амын тэн хагас болох 3,5 тэрбум хүний эзэмшиж байгаатай тэнцэх эд баялгийг эзэмшиж байгаа судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд ч мөн эдийн засаг өсөхийн хэрээр тэгш бус байдал нэмэгдсээр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байлаа.

Эдийн засгийн эрх чөлөө үгүй бол хувь хүний эрх чөлөө хэзээд боогдмол байдаг

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Ардчилал, иргэдийн оролцоонд түшиглэсэн засаглалыг өнөөдөр дэлхий нийтээр хамгийн дэвшилттэй, үр ашигтай, зөв тогтолцоо хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Яагаад гэвэл гагцхүү иргэдийн оролцоотой жинхэнэ ардчилал тогтвортой бодит байдал руу залдаг. Аливаа асуудлыг хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаагаар нь дүгнэдэг боллоо. Дэлхий дахин даяарчлагдаж байна. Бизнес, хөрөнгө, санхүү, худалдаа, арилжаа наймаа, тээвэр, харилцаа холбоо, интернэт зэргээс даяарчлал хэрхэн эрчимтэй явж байгааг бэлхнээ харж болно. Үүний хажуугаар үзэл санаа, гүн ухааны сургааль болон шашны урсгалууд даяарчлалтай зэрэгцэн нийтийн хүртээл болж байна.

Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь хөгжил дэвшлийн сөрөг үр дагавар болж хамтдаа алхах боллоо. Ядуурал урьдын адил хамгийн хурц асуудлын нэг байсаар байна. Хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээг бүх хүнд хамааралтайгаар иж бүрэн шийдэж чадаагүй байна. Эдийн засаг, нийгмийн харилцааны тогтвортой хөгжлийг хангаж тэр бүр чадахгүй байгаа. Авлига, хээл хахууль, эрхтэн дархтан, улс төр, бизнесийн бүлэглэлийн өмнө нийтийн эрх ашиг хүч дутан сөхөрч, иргэд, олон нийт шууд бусаар болон илээр хохирсоор байна. Хүний эрх, ардчилал, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зарчим нь ихэнх тохиолдолд цаасан дээрх тунхаглал төдий байх нь хаа сайгүй оршсоор байна.

Эдгээр сөрөг асуудлыг зөвхөн хөгжлийн бодлогоор л шийдэж, даван туулж чадна. Хувь хүний эрх чөлөө, хувь хүний нийгмийн хариуцлагыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй хөгжилд хүрэх цорын ганц үндсэн арга хэрэгсэл, урьдчилсан нөхцөл юм.Иргэдийн хүсэл эрмэлзлийг хаан боогдуулсан, иргэдийн сонголтыг хязгаарласан аливаа саад тотгорыг арилгах нь хөгжлийн эрхэм зорилго гэж үзэх ёстой. Эдийн засгийн эрх чөлөө үгүй бол хувь хүний эрх чөлөө хэзээд боогдмол байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх бүрэн эрхийн хугацаандаа төвлөрлийг сааруулах, шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогыг өөрийн үйл ажиллагааны нэг гол хэсэг болгож ирсэн. Энэ удаагийн, 2013-2017 оны бүрэн эрхийн хугацаандаа ухаалаг төрийн тогтолцоог бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Иргэдийн оролцоо болон ухаалаг төрийн бодлого нь хамтдаа хөгжилд хүргэх алтан түлхүүр гэж дүгнэж болох юм” гэв.

Монгол Улсад эдийн засгийн оролцоог дэмжсэн бодлого явуулах шаардлага тулгарч байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлэг дээр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхийг судалж үзэхэд оролцоог дэмжсэн улс төрийн тогтолцоотой болон оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого явуулдаг улс үндэстнүүд хөгжсөн байдаг. Харин шахаж хяхдагулс төрийнтогтолцоотой улс орнууд зогсонги байдалд орж, ядуу зүдүү болсон байдаг. Энгийн жишээ хэлэхэд хоёр Солонгос байна. Солонгосын хойг хуваагдах үед Хойд Солонгос өнөөг бодвол өндөр хөгжилтэй байсан. Гэтэл өнөөдөр Хойд, Өмнөд Солонгос бүх зүйлээрээ газар тэнгэр шиг ялгаатай болсон. Америк тивд европчуудыг анх очих үед испаничуудын очсон Латин Америк маш их баян байсан. Испаничууд омгийн ахлагчдыг барьж, хураасан алт, эрдэнэсийг нь дээрэмдэж, бэлэн зүйлээр баяжихыг эрхэмлэсэн. Хойд Америкт очсон колоничлогчид эхлээд хатуу хандсан ч сүүлдээ бизнес, худалдаа арилжаанднутгийн иргэдийн оролцоог дэмжих бодлого явуулсан. Өдгөө хойд, өмнөд Америкийн хөгжлийн ялгаа ямар байгааг харж байгаа. Африк ч ялгаагүй.

Өнөөдөр Монгол Улс сонголтын зам дээр ирээд байна. Өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хувьд шилжилт хийсэн. Одоо бол эдийн засагт оролцоог дэмжсэн бодлого явуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ухаалаг төрийн санаачилга дэвшүүлсэн. Энэ нь хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг нь эдийн засгийн бодлого. Нөгөө нь ухаалаг төрийн бодлогын асуудал юм. Энгийн жишээ хэлэхэд УИХ-д сонгогдоход мөнгөтэй хүмүүст давуу тал олгох биш, нийт нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олгох ёстой. Энэ талаар Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа.

Эдийн засгийн бодлого дээр олигархийн, монигархийн, эсвэл намын, фракцын, аймгийн гэх мэт субъектив хүчин зүйлээр хандаж бодлого явуулах юм бол Монгол Улс хөгжихгүй. Мөн төр, засаг бэлэнчлэх сэтгэлгээг дэмжиж ирсэн нь хамгийн буруу бодлого байсан. Одоо ч Оюутолгой, Тавантолгой ашиглалтад орвол бүгд баяжина гэж хүлээх нь буруу. Ажил хийж чадах хүн бүрийг эдийн засгийн харилцаанд оруулах бодлого явуулах юм бол тэр бол оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого болох юм.

Шувууны хоёр жигүүрээр зүйрлэвэл нэг нь шийдвэр гаргадаг улс төрийн хэсэг, нөгөө нь баялаг бүтээгчид, эдийн засгийн салбарын бодлогын асуудал юм. Оролцоог дэмжсэн тал руу бодлогоо чиглүүлэх юм бол Монгол Улс өнгөрсөн 24 жилд тайван замаар ардчилалд шилжиж, шинэ ололт, шинэ гайхамшиг бүтээсэн шигээ ирэх 24 жилд бас хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байна.

Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл зориг, тэвчээр хэрэгтэй. Түүний тулд улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох хэрэгтэй. Үүний аль алин дээр Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг Монголд оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлогын тулгын чулуу, эх ундарга нь болоосой гэж хүсч байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ