Онгоцны сэг байж болзошгүй обьект илрүүлжээ

Австралийн Ерөнхий сайд Тони Аббот Энэтхэгийн далайн өмнөд хэсэг буюу Австралийн баруун өмнөд эрэг Перт мужийн усан хилээс 2500 километр зайтай байршилд сураггүй алга болсон Боинг 777-200 онгоцны сэг байж болох хоёр обьект илэрсэн тухай мэдээлэл хийлээ.

Австрали улс гуравдугаар сарын 15-наас эхлэн эрлийн ажиллагаанд нэгдсэн бөгөөд дээрх онгоцны сэг байж болох зүйлсийг хиймэл дагуулаас авсан зургийн тусламжтайгаар илрүүлж улмаар зураг дээрх байршлын дагуу нисдэг тэргүүд илгээсэн байна.

Австралийн агаарын хүчний нисдэг тэргээс гадна Шинэ Зеланд, АНУ-ын онгоцнууд тус байршил руу нисээд байгаа аж. Гэсэн хэдий ч Австралийн ерөнхий сайд сураггүй алга болсон 370-р нислэгийн онгоцны сэг байж болзошгүй хэмээн таамаг төдий байгааг давхар дурдсан байна.

Сүүлийн өдрүүдэд эрлийн ажиллагаа мухардалд орж онгоцны сэг, осол болсон газрыг эрж хайх гэхээс илүүтэй онгоцны нисгэгчид, болон зорчигчдыг судлах ажлыг идэвхжүүлэн хулгайлагдсан байх магадлалтай хэмээн үзээд байгаа. Улмаар Малайзын засгийн газар нислэгийн чиглэлээ өөрчлөн шатахууны хүрэлцээнээс хамааран нисэж болох боломжит талбайг тооцож асар уудам орон зайд эрэл хайгуулыг үргэлжлүүлэхээс аргагүйд хүрч олон улсын тусламжийг хүсээд байгаа.

Үүний зэрэгцээ янз бүрийн батлагдаагүй таамаглал төдий мэдээллүүд ихээр гарч онгоцонд зорчигсдын ар гэрийнхэн ихэд бухимдалтай хүлээж авч эсэргүүцэл илэрхийлээд байна.

Ийм үед Австралийн талаас хийсэн энэхүү мэдээлэлд эрлийн багийнхан болон олон нийт ихэд анхааран ажиглаж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ