Крымийн хойгт юу болоод байна вэ

Крымийн хойгт юу болоод байна вэ

Крымийн хойг өнөө цагт Укриан улсын мэдэлд “Крымийн Автономит Бүгд найрамдах улс” хэмээн оршдог. Хүн амын ихэнхийг оросууд эзэлдэг бөгөөд укриан, татарууд цөөн хувь нь. Оросууд Крымийн хойгийг 200 илүү жил эзэн сууснаас хойш 1954 онд ЗХУ-ын удирдагч Никита Хрушев Укриан улсад бэлэглэж орхисон. Энэ явдал Орос улсын геополитикийн асар чухал бүс нутгаа алдсан түүхийн алдаа хэмээн оросууд ярьж бичсээр ирсэн түүхтэй. Хрушев өөрөө орос-укриан гэр бүлээс гаралтай тул ийм шийдвэр гаргасан ч гэдэг. Тэгвэл түүхийн энэ алдаагаа засах завшаан оросуудад олдсон бололтой.

Оросуудыг Сочид олимп хийж байх хооронд Укрианд сөрөг хүчнийхэн төр эргүүлж Европын холбоонд элсэхээр болоод орхив. Цаагуураа л нарийн төлөвлөсөн цаг хугацаа мэт. Хуучин Зөвлөлтийн харьяаллын бүс нутагт одоо л ид нөлөөллийн хүрээгээ тэлж хүчирхэгжиж буй орос баавгай юу гэж хажуу бөөрөнд нь америк тэргүүтэй шар толгойтууд гэрээ засахыг хүлээж суух вэ. Шууд Киевээр оролдолгүй эртнээс олон зуун мянган эрсийнхээ цусаар газар шороог нь тамгалсан Крымийн хойгийг авахаар шийдэв бололтой.

Симфереполийн нисэх буудлыг эзэлсэн цэргүүд

Үүнийг сүүлийн хэдэн өдөр Крымд болж буй үйл явдал гэрчилж байна. “Крым бол Оросынх” хэмээн уриа хашгирсан ямар нэг туг, таних тэмдэггүй хэрнээ цэрэг хувцсаар жигдэрсэн зэвсэгт этгээдүүд Крымийн хойгийн Симфереполь хотын нисэх буудлыг өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 28-нд эзлэн авсан. Крымийн автономит улсын нийслэл Севастополь хотод Укрианы сөрөг хүчнийхний В.Януковичийг үлдэн хөөж босгосон түр Засгийн газрыг эсэргүүцэгч олон мянган орос иргэд “Укрианы нацизмыг зогсоо”, “Крым бол Оросынх” гэх зэрэг уриа лоозун барьж жагсаал цуглаан хийж байна. Зураг дээр ОХУ-ын далбааг барьсан жагсаал дунд хуучны ЗХУ-ын алх хадуурт улаан далбаа ч харагдаж байгааг та анзаарсан бизээ.

Севастопольд болж буй жагсаал

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой гэж хэлэхгүй ч Укрианы хил дагуух Оросын армийн анги нэгтгэлүүд, Хар тэнгисийн флот бэлэн байдалд орсон мэдээллүүдийг өрнөдийнхөн уламжилж байна. Магадгүй Крымийн хүн амын олонх болох орос үндэстнүүдээ хамгаалах нэрийн дор ОХУ-ын Хар тэнгисийн флот тус хойгт десант буулгахыг ч байг гэх газаргүй.

Яг үүнийг Путин ч тэр Крымийн оросууд ч тэр адилхан хүсэж байгаа. Укрианы ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Турчинов “Укриан улс дотооддоо хуваагдах аюултай тулгараад байна” хэмээснээс үзэхэд байдал хэдийнэ хурцадсан бололтой. Мөн өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама яаран мэдэгдэл хийж Укрианы дотоод асуудалд оролцолгүй элдэв зэвсэгт мөргөлдөөнийг өөгшүүлэхгүй байхыг ОХУ-д уриалсанаас үзэхэд өнөө маргаашгүй Крымийн хойгийг оросууд хүчээр дахин нэгтгэх цаг тулаад буйг америкчууд ч ойлгосон бололтой.

Оросын танкууд Укрианы хил рүү явж байна

Укриан уу Орос уу

Баруун зүгт үүсээд буй энэ асуудалтай холбоотой мэдээллүүдийн дор гадаадынхан төдийгүй монголчууд ч хоёр талтай үзэл бодлоо илэрхийлж байна.

Оросын талыг баримтлагчид укриан орос хоёр нэг хэл, нэг соёл, нэг шашинтай ер нь л адилхан оросууд гэж бичиж байгаа бол нөгөө тал нь ардчилсан Укриан бий болж олон улстай харилцах замд нь оросууд л саад болоод байна Укриан бол Белорусс биш хэмээн бичицгээх.

Крым дэх укриан болон орос иргэдийн мөргөлдөөн

Угтаа аль нь ч зөв юм. Олон зууны турш польш, оросууд укрианы газар нутгийг булаацалдан дайн тулаан зогсолтгүй хийж ирсэн байдаг. Үүнээс ч өмнө Бат хаан хүчирхэг байсан Киевийг галдан шатааж эзэлснээс хойш укрианчууд тэн хагас нь цааш нүүж унгар, польш, молдавуудтай ойртсон гэдэг. Түүхийн явцад Укрианы баруун хэсэг зөвхөн укриан хэлээр ярьдаг оросуудын нөлөөнд дургүйцдэг иргэд оршин суудаг бол зүүн укрианд орос хэлээр ярьдаг оросыг дэмжигчид дийлэнх нь бий.

Харин өмнөд хэсэгт дээр дурдсан орос, татар, укриан иргэд холилдон суудаг Крымийн хойг бий. Дашрамд сануулахад Крымийн хойгтой монголчууд бид түүхийн сэжмээр салшгүй холбоотой бөгөөд үүнийг дор нөхөн сийрүүлье.

Монголыг монголоор нь

Крымийн хойг бол монголчуудтай салшгүй холбоотой түүхт бус нутаг юм. Анх Бат хааны байлдан дагуулалтын үеэр монголчууд Крымийн хойгийг өөрийн болгосноос хойш буюу XIII зуунаас хойш энд монгол угсаатнууд амьдарсаар ирсэн. Оросыг 200 гаруй жил ноёрхсон Зүчийн хүү Батын Шивэрийн их ой нуруудаас, Уралын нурууны цаадах тэгш тал, Эрчис мөрнөөс Днепр мөрөн хүртэл нүдний хараа үл хүрэх, туурайтан эцэх, жигүүртэн цуцах энэ их уудам газар нутгийн хүн ардыг хураан захирч байгуулсан Алтан ордны улс нь задрахдаа Астрахань, Казань, Узбек гэх 4 улс үүсгэний 1 нь Крымийн хант улс билээ. Алтан ордны Монголчуудаар удирдуулсан Крымийн хант улс хуучны хүчирхэг байдлаа урт хугацаанд хадгалан үлдэж Оросуудыг ихээхэн сандаргаж байсан юм.

Крымийн монголчуудын довтолгоог оросын хаадууд зогсоож чадахгүй аргаа барж байтал 1600 оноос түмэдийн Алтан хаан ойрадуудтай сөргөлдөн дайтах болсноор ойрадуудын дотор зохион байгуулалтын өөрчлөлт үүсч Ил тарвагатайгаас 150000 өрх торгуудуудаа дагуулан Хоо өрлөг ноён, Цагаадайн улсын хязгаар, Алтан ордны улсын хил залгаа нутаг Ижил мөрөнд ирж нутаглав. Төд удалгүй Эзэнтэй тайш, Дөрвөдийн Далай тайш нар харьяат албат өрх, агт малаа аван нүүж ирснээр Ижил мөрний хөндийд Халимагууд хэмээн нэрлэгдэх болсон ойрад угсааны хүчирхэг улс үүсэх эхлэл болсон билээ.

Улмаар 1700 он гартал зуу гаруй жил нэг монголоор нь нөгөөг нь даруулах гэсэн оросын хаадын арганд автаж Крымийн хант улс халимагуудтай дайтаж хүчийг барсаар мөхсөн байдаг. Энэ үеэс л оросууд Крымийн хойгт эзэн болсноор, Хар тэнгисийн боомтыг эзэмшиж худалдаа арилжаанаас ашиг олохын зэрэгцээ далайн цэргээ хөгжүүлж, хүчирхэг флотыг бий болгох боломжтой болсон гэдэг. Тус бүс нутагт Оросыг хазаарлаж байсан Крымийн хант улсыг мөхөөж өгснийх нь хариуд халимагуудад түүхийн гашуун зовлонг амсуулсныг түүх гэрчилдэг.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ