Оросууд алт, мөнгө, хүрлийг нэг дор хамав

Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлсэн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн чөлөөт тэшилтийн бөөн гараат 50 км-ын уралдаан өндөрлөж тамирчид бариандаа орж ирлээ.

Энэ төрөлд ОХУ-ын цанын тамирчид эхний гурван байрыг бүгдийг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэнээр өчигдрөөс эхлэн медалийн тоо, чанараар тэргүүлж байсан Сочигийн эзэд амжилтаа улам баталгаажуулж байна.

Олимпийн долоо дахь өдөр эрэгтэйчүүдийн 4х10 км-ын буухиа уралдаанд багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байсан Александр Легков 1:46:55.2 хугацаанд барианд орсноор энэ төрөлд олимпийн аварга болсон бол ОХУ-ын Максим Вылегжанин 1:46:55.9 хугацаанд хурдалснаар мөнгөн медалийн болзол хангалаа.Максим Вылегжанины хувьд Сочигийн олимпоос гурван мөнгөн медаль хүртээд байна. Тэрээр сүүлийн уралдаандаа ийнхүү эх орон нэгт тамирчин Александр Легковоос 7-хон дойлоор хоцорч барианд орж мөнгөн медалийн эзэн болсноор ямар хүчтэй өрсөлдөөн явагдсаныг харуулж байна.

Мөн л ОХУ-н тамирчин Илья Чернусов 1:46:56.0 буюу өмнөх хоёроосоо 9-хөн дойлоор дутуу барианд орж хүрэл медалийн эзнээр тодорлоо.

Ингэснээр ОХУ 12 алт, 11 мөнгө, 9 хүрэлтэй болж удаалж яваа Норвегийн тамирчдын амжилтаас илүү гараад байна. Энэ уралдааны өмнө ОХУ, Норвегийн тамирчдын амжилт алтан медалиар тэнцэж, мөнгөн медалийн чанараар Оросууд тэргүүлж байсан юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ