С.Батболд: Сөрөг хүчний хяналт, оролцоотой, тунгалаг, нээлттэй засаглал руу явуулах шаардлага гараад байна
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ярилцлаа.
-МАН-ын бүлгээс нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулж Засгийн газрын хоёр сайдыг огцруулахаар асуудал тавилаа. Тэгэхээр та эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд хүндхэн засгийг энэ Засгийн газарт шилжүүлсэн үү. Тухайлбал, 2012 онд?
-Сүүлийн жил гаруйн хугацаанд манай эрх баригчид эдийн засаг муу болсон. Үүний үндэс өмнө нь тавигдсан. Шалтаг, шалтгаан нь өмнөх Засгийн газар гэсэн зүйлийг яриад байгаа. Тэгэхээр бодит амьдрал дээр дүр зураг арай өөр. 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болсон. Хамтарсан Засгийн газар байсан. Бид 2010, 2011, 2012 онд эдийн засгийн өсөлтийг Монголдоо төдийгүй, бүс нутаг, олон улсын түвшинд эрчимтэй гаргаж, хөрөнгө оруулалтыг татаж, олны анхааралд орсон. Үнэн хэрэгтээ өсөлтийг харуулж чадсан. Гэтэл энэ өсөлт жил хагасын хугацаанд хурдны хувьд удааширлаа. Олон зүйлээр макро эдийн засгийн үзүүлэлт муудлаа. Төсвийн алдагдал, ханшны өсөлт, савалт, төгрөгийн сулралтай холбогдуулж ард түмний худалдан авах чадвар 30 хувиар буурсан. Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, үнийн өсөлтөд орсон гээд олон зүйлийг аваад үзэхээр бүхэлдээ амаргүй нөхцөл байдал өнөөдөр хүрлээ. Бид үүнээс гарах зарчим ямар байх ёстой, яагаад ийм байдалд оров гэдэг дүгнэлтээ хийх нь чухал. Өнгөрсөн намрын ээлжит бус чуулганаас эхлүүлээд зөв дүгнэлтээ хийе, бодитой гарцаа тодорхойлъё гэж нэлээд олон сарын турш ярилаа. Бахь байдгаар л байна. Дэлхийн эдийн засгийн хямрал, өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа, эсвэл гадны хүчин зүйл рүү чиглүүлж байгаа болохоос бодитой дүгнэлийг Засгийн газар. Тэр дотроо эдийн засаг, санхүүгийн хүндрэлийн талаар гаргаж чадахгүй байна. Тиймээс энэ дүгнэлийг хариуцлагатай холбож хийх ёстой гэдгээр МАН-ын бүлэг асуудал тавьсан.
-2012 оны хавар Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Тиймээс ирэх дөрвөн жилд Монголын эдийн засгийн өсөлт, хөгжил одтой байх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн нь бий. Харамсалтай нь ийм дүр зураг харагдахгүй байна?
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өсөлтийн эрч хүчийг нэмэгдэхүүлэх асуудлыг бид төдийгүй олон улсын валютын сан, бусад өрсөлдөх чадварын судалгааны байгуулага итгэл, хүлээлттэй байсан. Харамсалтай нь ажил болохгүй байна. Дахиад хэлэхэд, энэ боломжийг бүрэн дүүрэн алдах учиргүй. Энэ боломжийг идэвхжүүлэх, сэргээх, ажил болгох ёстой гэдгээр манай намын бүлэг зарчмын байр суурьтай байгаа. Тэр утгаараа зөв дүгнэлт хийх талд нь хариуцлагын асуудлыг яръя. Цаашид хийх гарцыг намууд, тэр дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд нэгдэж, ойлголцож, хамтарч шийдвэрлэж явъя гэдэг дээр зарчмын байр суурь нэг байгаа. Гэхдээ энэ асуудлыг суурь, зарчмаар нь авах нь чухал.
-Тэгэхээр 17 хувийн эдийн засгийн өсөлттэй, долоон их наядын төсөвтэй. Дээр нь төсвөөс гадуур дахиад долоон их наядын хөрөнгөтэй ийм санхүү, эдийн засгийг удирдсан хэрнээ өнөөдөр ийм болчихлоо. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Өмнөх засгийн үед, ялангуяа манай Засгийн газар бодлогын тогтвортой, нээлттэй, мөн өрсөлдөгч болон сөрөг хүчнээ оролцуулсан хяналтыг хангаж өгсөн. Дээр нь Төсөв, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд эдийн засгийн суурь шинэчлэл, өөрчлөлтийг нэлээд сайн хийсэн. Нөгөө талаар бүтээн байгуулалтын томоохон төсөл болох Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь эхлэлийг нь тавиад өгсөн. Бид энэ бүх зүйлийг тавьж, гаргаж ирсэн байгаа юм. Хэрвээ энэ эрч хүч, дээр нь өөрийн тань, миний удаа дараа хэлж байсан төсвийн 7,4 их наяд төгрөгийн зарлагатай, Хөгжлийн банкны 500 гаруй сая ам.доллар, “Чингис” бондын эх үүсвэртэй, мөн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн дэмжлэгтэй, үүний зэрэгцээ Засгийн газрын бондтой гээд өргөн хүрээний эх үүсвэртэй байсан бол мэдээж хэрэг эдийн засгийн өсөлт бидний ярьж байснаас даруй 1,5-2 дахин, магадгүй өндөр байх ийм боломж нөхцөл бүрдэх байсан гэж эдийн засагчид ярьж байгаа юм. Би үүнтэй санал нэг байгаа. Нөгөө талаас 2013 онд бодит нөхцөл байдал байсан уу гэвэл байлаа. Энэ бодит нөхцөл байдал, дээр дурдсан эх үүсвэрүүд эдийн засгийн өсөлтийн тогтвортой бөгөөд хурдыг нэмж өгч чадсангүй. Харин макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурсан. Мөн ард иргэдийн аж амьдралыг эергээр биш доош буулгасан. Үнэ, ханш энэ бүгд нэмэгдсэн ийм үзүүлэлттэй гарч байгаа нь гарцаа байхгүй дүгнэлт хийх ёстой. Мөн хариуцлага ярих ёстой. Цааш хийх алхмаа нээлттэй, Төсвийн хуулийнхаа хүрээнд зохих ёсны өөрчлөлтүүдийг хийх нь чухал. Ялангуяа сөрөг хүчний хяналт, оролцоотой, тунгалаг, нээлттэй засаглал руу явуулах шаардлага гараад байгаа юм байна гэдэг нь энэ бүгдээс харагдаж байна. Тийм учраас бид энэ шаардлагыг системтэй бөгөөд зарчимтайгаар тавиад байгаа юм.
-Нэг ёсондоо бодлого алдагдаад байна гэсэн үг үү. Цаашид гэрэл, гэрээ харагдаж байна уу?
-Бодлогын залгамж чанар, тогтвортой хөгжлийн бодлогыг нээлттэй, ил тод хуулийн хүрээнд явуулах нь зайлшгүй хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
-Сангийн сайд Ч.Улааны хувьд Тавантолгой, Оюутолгойгоос урьдчилаад авсан зээлийн мөнгийг төлж байгаа учир төсөв дарамттай байгаа гэдэг тайлбар хэлж байна. Мөн өмнөх Засгийн газрын алдаа гэж үзээд байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өмнөх Засгийн газрыг хамтарч барьж байсан. Хоёрдугаарт, Ч.Улаан сайд “Зүү хаашаа, утас тийшээ” гэж ярьж байсан. Тэгэхээр УИХ-аас хоёр нам хамтарсан засаг байгуулахдаа Хүний хөгжил сан байгуулна, түүнээс хувь хишгийг ард түмэнд хүртээнэ. Сар болгон 21 мянган төгрөгийг иргэн бүртээ олгоно гэсэн зарчим гаргасан. Манай Засгийн газар үүн дээр нэлээд сайн ажилласан гэж би хэлж чадна. 21 мянган төгрөгийг ард иргэдэд хүргэсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 2,5-аас доошгүйгээр нэмэгдүүлсэн. Эдийн засгийг бодитой, 18 орчим хувийн өсөлтийг гаргаж чадсан. Мөн эдийн засгийн цаашдын өсөлтийн суурь шинэчлэл, эдийн засгийн эргэлтэд орох томоохон төслүүдийг хөдөлгөж чадсан. Тэгэхээр ийм зүйлүүдийг гаргасан ирсэн. Нөгөө талаас Хүний хөгжил сангийн хуулийг хэрэгжүүлэхдээ эх үүсвэрийг аль болох Засгийн газарт, үндэснийхээ эдийн засагт дарамт багатайгаар шийдэх зарчим барьсан. Тухайлбал, бид Эрдэнэтээс 70 саяыг ногдол ашгийн урьдчилгаа болгож авсан. Ямар нэгэн зээлийн хүүний тухай асуудал биш. Монгол Улсад ногдож байгаа урьдчилгааг хуулийн дагуу авч Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн. Мөн Хятадын нүүрсний импортлогч компанитай бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрийг нь авсан. Урьдчилгаа төлбөр 350 сая ам.долларыг аваад үүнээс тодорхой хэсгийг аж ахуйн байгууллагын эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд үлдээгээд дийлэнх хэсгийг Хүний хөгжлийн сангийн хуулийн хэрэгжилт буюу 21 мянган төгрөгт зарцуулсан байгаа. Нэг үгээр хэлэхэд, томоохон аж ахуйн нэгж байгууллагад том төслийн хүрээнд мөнгийг нь тарааж өгөх биш. Нийт ард түмэнд хүртээмж болгох зүйлийг манай Засгийн газар хүргэж чадсан гэж үзэж байгаа. Ард түмнийхээ амьжиргаа, цалин, тэтгэврийгдэмжсэн. Оюутолгойн төлбөрийн урьдчилгааг авсан нь бодитой зээлийн хүү, өрийн ачаалал гэхээс илүү ногдол ашиг. Нөгөө талаас эдийн засгийн ачаалал өгч байгаа энэ зүйлийн хослол болж байгаа юм. Үүнийг аваад нийт эдийн засагт ирж байгаа ачаалал, хүндрэлийн үндэс суурь нь энэ юм гэж хэлэх нь өрөөсгөл дүгнэлт. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс багасаж байгаа нь валютын ханш огцом савахад нөлөөлөх юм. Нэг үгээр хэлэхэд, тогтвортой, өрсөлдөх чадвартай, бизнесийн таатай орчин бүрдэж чадахгүй байна. Үүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн итгэл үнэмшилт таатай биш гэсэн үзүүлэлт. Тийм учраас үүн дээр бид дүгнэлт хийх ёстой гэдэг асуудлыг үүнтэй холбогдуулж тавьж байгаа юм.
-“Чалко”-гийн гэрээ үнэхээр муу болсон юм уу?
-Засгийн газар аж ахуйн гэрээнд оролцдоггүй. Нээлттэй зах зээлийн аргаар буюу үнэ, гэрээний хэлцэл байсан гэдгийг бид тэр үед, дараа нь энэ гэрээг тойрсон яриа, маргааны хүрээнд гарган тавьсан. Тэр үед нүүрсний үнэ 72 ам.доллар хүрч байгаа хэмжээнд гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг аван аж ахуйн харилцаагаар явуулж байсан. Гэтэл энэ гэрээний нөхцлийг сайжруулах нэрэн дор гэрээний хэрэгжилт тасалдсан асуудал эргээд Монгол Улсын эдийн засагт валютын урсгал, экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн. Энэ зүйлийг бодиттойгоор дүгнэхгүй бол буцаад өөрсдийн гаргасан алдаа, энэ зүйлээ өмнөх Засгийн газар, тодорхой аж ахуйн гэрээ хэлцэлд түлхэнэ гэдэг өөрөө өрөөсгөл дүгнэлт. Энэ бүгдийг гарцаагүй ярилцах ёстой юм. Тухайн үед “Чалко”-той хийсэн гэрээ, хэлцлийг олон улсын зах зээлийнх нь дагуу хоёр аж ахуйн байгууллага хийсэн. Үүнд Засгийн газар оролцож, эсвэл гэрээ хийлгэх, тасалдуулах тийм харилцаанд ороогүй. Төрийн зүгээс ийм оролцоог хийж байгаагүй. Тухай үед Засгийн газар нүүрсний экспортын гэрээ хэлцэлд, Эрдэнэс Тавантолгойн үнэд орж байгаагүй. Оролцох ч ёсгүй байгаа юм. Төр үнэ, ханш тогтоох, гэрээг хэрэгжүүлэх ажилд оролцох ёсгүй. Аж ахуйн журмаар нээлттэй хийсэн гэрээ. Дараагийн Засгийн газар үүнийг эргэж харна, сайжруулна, зогсооно, тасалдуулна гэсэн энэ зарчмаар хандсаны үр дүнд экпортын ачилт зогсож, унасан байгаа. Үнэ ханш нь 40 гаруй ам.доллар болсон ийм л зүйл. Тийм учраас үүн дээр зөв дүгнэлт хийх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ