Н.Энхбаяр, Х.Наранхүү Т.Ганди нараар “шахаа”-чдын жагсаалт эхэлнэ

-ӨНГӨРСӨН ХАВРААС “ЭРДЭНЭТ”-Д МАШ ОЛОН ШАЛГАЛТ ОРСОН БАЙНА-

Эрдэнэтийн “идээ бээр”-ийг шахахад Монголын авлигачдыг илрүүлж, шийтгэж чадна гэдэг ч лөөлөө бололтой. Өнгөрсөнд хэн хэн хэдэн төгрөгийн шахаа хийж, хичнээн хохирол учруулсан талаар дуугарах зоригтой аавын хүү тэнд алга юм билээ. Дээрээс “замечание” хүртсэн, айж байна гэх үгс дуулдав. Хуулийн хэлтэс, өр барагдуулахынхан нь өч төчнөөн төгрөгийн өртэй хувь хүн, албан байгууллага, компаниудыг хэвлэлээр нэрлэсэн, өөр юу ярих вэ гэхээс өөр мэдээлэл өгөхгүй нь. Уул нь ажлын хэсэг байгуулагдаж, Эрдэнэтэд өртэй буюу урьдчилсан гэрээгээр хэдэн арван сая доллар аваад сураг алдарсан хүмүүстэй тооцоо бодох сураг дуулдсан. Гэвч одоогоор энэ ажил “маш нууц” хэвээр.

“Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь ашигтай, ашиггүй хөрөнгө оруулалт хийж, идэж уусан асуудал их. Хүссэн нь өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн шахдаг, шахахын тулд авлига өгдөг зэрэг олон асуудал бодитой нүүрлэжээ. Тус үйлдвэртэй урьдчилсан гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө аваад алга болсон хүн олон аж. Шаарны үйлдвэр байгуулна гэж гэрээ хийгээд 1.6 сая ам.доллар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж 5 сая ам.доллар авсан хүмүүс одоо хэр нь сураггүй байдаг юм байна.

Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн агуулахад хамгийн багаар бодоход 12 гаруй тэрбум төгрөгийн шахааны бараа хог болон хэвтэж байж. “Говь” компанийн ноолууран хувцас, тэмээний ноосон хөнжлүүд, Хятадын тосон балаас эхлээд хэдэн мянган хайрцаг бүхий “хог” байсан үнэн аж. Шахааны бизнест тодорхой хүрээний улстөрчид болон хур хөрөнгөтөй бизнесменүүд манлайлдаг. Гэхдээ бүгд өөр компанийн нэрээр бараагаа шилжүүлдэг байсан аж.

Өнгөрсөн хавраас эхлээд ТӨХ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас “Эрдэнэт” үйлдвэрт маш олон удаагийн шалгалт орж, ухаж төнхжээ. ТӨХ-ны шалгалтын дүнгээс харахад бараа материал нийлүүлэх нэрээр их хэмжээний мөнгө авсан компанийн захирлууд болон улстөрийнхөн олон ажээ. 2009 онд “Шим технологи” ХХК тус үйлдвэрээс зэс, молибден худалдаж аваад, өдгөөг хүртэл барааны төлбөр болох 2 сая 441 мянган ам.долларыг төлөөгүй байна. Уг нь шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн талд мөнгийг нь эргүүлэн өгөх шийдвэр гарчээ.

“Грийт глобал интернэйшнл” ХХК ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 2008 оны хоёрдугаар сарын 17-нд 1 сая 580 мянган ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 31-нд 1.3 сая ам.доллар, 2009 оны есдүгээр сарын 15-нд 439 мянган ам.доллар тус тус авчээ. Харамсалтай нь ямар бараа, материал нийлүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй байдаг аж.

-ШАХААНЫ БИЗНЕСИЙН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Н.ЭНХБАЯР ГЭВ

Тус үйлдвэрт сэлбэг хэрэгслүүдийг зах зээлийн үнээс өндрөөр тооцож нийлүүлж байжээ. Тухайлбал, 10 төгрөгийн үнэтэй зүйлийг 15-аар өгдөгөөс эхлээд агуулахдаа учиргүй их бараа авчирч овоолсон нь мөнгөний эргэлтэд нь шууд нөлөөлж, цалингаа ч тавьж чадахгүй байдалд хүртэл орсон аж. “Эрдэнэт үйлдвэрийг элгээрээ мөлхөхөд хүргэсэн хүмүүсийг Н.Энхбаяр тэргүүлж, Х.Наранхүү, Ч.Ганзориг, УИХ-ын гишүүн Т.Гандигаас эхлээд улс төр бизнесийнхэн толгой цохидог байна. Н.Энхбаярын гэгддэг, Гонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэдэг хоёр компани “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон.

Урьдчилгаа төлбөрт 4.000.000 шахам ам.доллар авсан байдаг. 2005 оны гуравдугаар сарын 25-нд H-L-240305, 2006 оны зургадугаар сарын 27-нд H-L-230606 тоот гэрээ, 2007 оны аравдугаар сарын 24-нд 1.6 сая ам.долларын өртөг бүхий 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулж, нийтдээ 3.4 сая ам.доллар залилсан байна.

“Эрдэнэт”-ийн захирал асан Х.Наранхүү тус үйлдвэрийн 20 жилийн ойн баяраар Хятадаас баахан хадаг яндар, аяга таваг цуглуулан шахаж, улмаар ажилчиддаа бөөндсөн явдалд ахмадууд нь ихэд дургүйлхдэг юм билээ. Одоо Ч.Ганзоригийн хамт “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, төрийн өмчит үйлдвэрийн газрын төсвийг хэтрүүлэн ашиглаж, үргүй зардал их хэмжээгээр гаргасан, мөн улстөр, бизнесийн хүрээнийхэнтэй хамтарч шахааны наймаа хийсэн гэх үндэслэлээр шалгагдаж буй. УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Ганди хүртэл “Мөнх Замбала” ХХК-иараа дамжуулан 2008 оны тавдугаар сарын 21-нд 827 мянган ам.доллар авсан ч одоог хүртэл ханган нийлүүлэлтээ хийгээгүй байдаг аж. “Моннис групп”-ийн шахааны бизнес ч үе үеийн удирдлагуудын үед цэцэглэжээ. Энэ жилийн хувьд тус бүр нь 46-48 мянган ам.долларын үнэтэй белазын дугуй нийлүүлж буй юм байна. Тус үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын шахааны асуудалд ТӨХ-ны дарга асан Д.Сугар Ц.Нанзаддорж нарын нэр ч холбогддог аж. Ингээд тоочвол дуусахгүй урт жагсаалт хөврөх юм билээ...

Эрдэнэт үйлдвэрийн удирдлага “Үргүй зардлыг багасгая” уриатай ажиллаж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс саяхан ажилчин бүртээ 350 мянган төгрөгийн “хишиг“ хүртээжээ. Удахгүй 500 мянган төгрөгийн хишиг хүртээх сурагтай. Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн шинэ даргадаа ам сайтай байна лээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт шахахаар гэрээ нь хийгдсэн хэдэн зуун баримтыг хүчингүй болгож, шинээр гэрээ байгуулахыг зогсоожээ. Тиймээс шахааны бизнес хийдэг нөхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, дургүйцлээ элдвээр илэрхийлж, багагүй “дарамт шахалт” үзүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ