АН-ынхан дотоод ардчилагчдаа хүлээн зөвшөөрч чадах уу
Ардчилсан намд жигүүр байгуулагдсан талаарх яриа өнгөрч буй долоо хоногийн эхнээс л сонсогдсон. Намын дотоод ардчилал, засгийн эрхийг барьж байгаа намын хувьд асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас олон нийтийн дунд намын нэр хүнд унаж байгаатай холбоотойгоор жигүүр байгуулагдсан гэнэ. Ардчилсан нам бол бусад улс төрийн намаас арай өөр. АН бол өөр, өөрийн эрх ашиг бүхий бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл. Түүнийгээ ч ил зарладаг. Тэгвэл тус намын "Алтан гадас", МоАХ, "Кроун", "Нэг ардчилал", Зүүн хойд Ази, МҮДН, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг бүх фракцийн төлөөлөл бүхий гишүүд нь нэгдэж жигүүр байгуулсан байна. Тэд намынхаа ҮЗХ-г хуралдуулж, шинэ гишүүдээ томилох, цаашлаад намын их хурлаа хуралдууландүрэмдээ өөрчлөлт оруулах, намын дүрмийн хороо байгуулахыг шаардах гэнэ. Нэг ёсондоо намдаа агаар, салхи оруулахыг эрмэлзсэн байна.
Хачирхалтай биш гэж үү. Угтаа “МАН гэж шинэчлэгдэж чаддаггүй нам. Аль хорин жилийн өмнө л байсан хэдэн лидерүүд нь өнөө хэр нь хөгширснөө мэдэхгүй намын толгойд сууж л байна” хэмээн ярьж, шүүмжлэх хүн олон. Тэгвэл Ардчилсан нам ч гэсэн тэдэнтэй адилхан болчихсон аж. Хорин жилийн тэртээ ардчилал ярьж гарч ирсэн хэд нь өнөөг хүртэл намынхаа толгойд сууж, араасаа гарч ирсэн залуусынхаа үг хэлийг сонсдоггүй, зүгээр л дарга нарын тааллаар бүх асуудал шийдвэрлэгддэг гэнэ. Нэг ёсондоо Ардчилсан нам гэдэг бол Үндэсний зөвлөлдөх хорооны хэдэн гишүүдийн хүсэл зорилгоор, тодруулбал нам доторхи фракциудын дарга нарын тохиролцоогоор л бүх асуудал шийдэгддэг болсон байна. Намын ҮЗХ сүүлийн үед хуралдахгүй байгаа бөгөөд энэ сарын 15-нд хуралдаж, ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явагдах сурагтай байсан ч хойшлогдсон. Нэг талаар намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчлал хийх болсонтой холбоотой хэмээж байгаа ч зарим гишүүдийнх нь үзэж буйгаар намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн ҮЗХ хуралдах шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой гэх. Угтаа бол намын удирдах байгууллагад багтсан хүмүүс төрийн албан хаагч байж болохгүй гэх хуулийн зохицуулалт байдаг ч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн 30 орчим хувь нь төрийн албан хаагч мөртлөө намын аппаратад багтсаар байгаа.
Гэтэл АН-ынхан нөхөн сонгууль явуулж, Үндэсний зөвлөлдөх хорооныхоо гишүүдийг шинэчлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Ардчилсан нам засгийн эрхийг гартаа аваад даруй жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад өнөө хэр нь ҮЗХ-ны гишүүдээ өөрчлөхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг харуулж байгаа юм. Тэд суудлаасаа “ховхрох”-ыг хүсэхгүй байгаа нь үүнээс харагдаж байна.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа албан тушаалын бялууг тун сайн хуваасан нэгэн. Тэрбээр Шонхор, Ардчилсан хүчний холбоо, МҮДН, МоАХ-ны гол гол лидерүүдийг зохих суудалд нь тавьсан юм. Харин намын даргынхаа эсрэг чангахан дуугарсан УИХ-ын гишүүн МҮДН фракцийн гол лидерүүдийн нэг Р.Амаржаргал бялууны булан ч үгүй үлдсэн. Намын зарим гишүүний хэлж буйгаар АН-ын дарга Н.Алтанхуяг тун зальжин нэгэн бөгөөд нам доторхи фракциудын удирдлагуудтай сэмхэн хуйвалдсанаас намын үйл ажиллагаа бугшсан гэнэ. Энгийн жишээ гэхэд л залуу сэтгэлгээтэй гэх энэ намын ҮЗХ-нд сүүлийн хэдэн жил шинэ залуу боловсон хүчин нэг ч ороогүй гэж байгаа. Үндэсний зөвлөлдөх хо¬роо нь хуралдаагүй хоёр жил шахам болж байгаа бөгөөд намын дээд удирдлагад орон нут¬гаастөлөөлж буй төлөөллүүд жил тутамд солигдож байх ёстой боловч сүүлийн хэдэн жилийн туршид шинэч¬лэгдээгүй. АН-ын үндсэн дүрэм ёсоор намын даргыг дөрвөн жил тутамд намын Их хурлаар баталгаажуу¬лах заалт байдаг ч энэ нь билэгдэл төдий болон замхарч байгаа гэх.
Энэ мэтчилэн АН-ын лидерүүд намын дотоод асуудлаа зөнд нь орхиод зөвхөн эрх ямба, албан тушаалын төлөө улайрах болсон нь нам дотор жигүүр байгуулагдахад хүрчээ. Нөгөө талаар улс орны эдийн засаг хямрахад хүрчихээд байхад бодит байдалтай эвлэрэхгүй өөрсдийнхөө “арьсаа хамгаалах” үйлдэл хийж байгаад намын шударга гишүүд нь тэдний өмнөөс ичиж байгаагаа ч нуухгүй байгаа юм. Ямар ч байсан Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа улс орны шинэчлэлийн тухай ярьж, Засгийн газраа хүртэл “Шинэчлэлийн” хэмээн нэрлэсэн ч нам дотроо шинэчлэл хийгээгүй гэдгийг жигүүр байгуулагчид хэлж байна.
Тэд намаа эрүүл байлгаж, агаар салхи оруулахын төлөө байгуулагдсан гэх. Харин АН-ынхан дотоод ардчилагчдаа хүлээн зөвшөөрөх болов уу. Бүтэн долоо хоногийн турш олон нийт АН-д жигүүр байгуулагдсан талаар шуугиж байхад АН-ын удирдлагууд ганц үг ганхийсэнгүй. Мөн АН-д байгуулагдсан жигүүрийнхэн хэвлэлийн хурал хийнэ хэмээж байсан ч хийсэнгүй. Арай АН-ынхан дөнгөж өдөлсөн жигүүрээ тасдаад хаячихсан юм биш биз.
Н.Будсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ