Үр хөндөлтийг сонгож буй хосуудад

Үр хөндөлт гэж юу вэ?
Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд байгалийн жам ёсоор эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг багажийн тусламжаар авч, жирэмснийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.

Үр хөндүүлэх үед болон түүний дараа гарах өөрчлөлтүүд:

Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд:
-Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
-Халдвар орж цаашид хүндрэх
-Өвдөлтийн шок
-Зөөлөн эд урагдах, умай цоорох
-Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх

Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:
-Сарын тэмдэг алдагдах
-Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
-Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
-Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
-Архаг үрэвсэл сэдрэх
-Үргүй болох
-Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
-Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.

Үр хөндүүлсний дараа биений юм хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэд хонож ирвэл хэвийн гэж үзэх вэ?
Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан үргэлжлэх зэрэг өөрчлөлт гарч болно. Үр хөндүүлснээс хойш 1 cap гаруй болоод сарын тэмдэг ирэх ёстой. Энэ нь урьд нь хэд хоноод сарын тэмдэг ирдэг байснаас хамаарна.

Үр хөндүүлсний дараа цус гарах ёстой юу? Хэрвээ их хэмжээтэй гарвал яах ёстой бол?
Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах ёстой. Хэрвээ их хэмжээтэй цус гарвал эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай.

Үр хөндүүлсний дараа хэд хоногийн дараа эмэгтэй хүний бие эргэж хуучин хэвэндээ ордог вэ?
Үр хөндүүлсний дараа 1 cap болоод эмэгтэйн бие хэвийн байдалдаа орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орно.

Энэ хугацаанд эмэгтэйчүүд биеэ хэрхэн арчлах ёстой вэ?
-Эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих
-Биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж хэрэв халуурах бие эвгүйтэх шинж илэрвэл эмчдээ хандах
-Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаанд архи тамхинаас татгалзах
-Үр хөндсөний уршгаар биеийн эсэргүүцэл суларч эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддагийг анхаарч аминдэмээр баялаг илчлэг хоол хүнс хэрэглэх
-Эмчийн хяналтанд байх
-Үр хөндүүлсний дараа хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохисгүй нөлөөллөөс болгоомжил

Үр хөндүүлсний дараа хэд хоноод бэлгийн харьцаанд орж болох вэ?
Үр хөндүүлсний дараа умайн амсар нээлттэй, умайн хана гадны халдварт мэдрэмтгий байдаг тул 1 cap буюу биений юм иртэл тэвчихийг зөвлөе. Бэлгийн харьцаанд орохдоо дахин жирэмслэхийг хүсээгүй бол гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэн мөн үүний зэрэгцээ бэлгийн замын халдвар /гонорей, трихомонадын гаралтай кольпит/-аас сэргийлэх шаардлагатай. Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг үзэлгүйгээр дахин жирэмслэх тохиолдол цөөнгүй тул жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харьцаанд яаран орж болохгүй. Мөн халдвар авч, тэр нь умай, дайврыг хамрах аюултай.

Үр хөндүүлсэнээс хойш хэр зэрэг хугацааны дараа жирэмслэлтээс сэргийлэх гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж болох вэ? Ямар арга нь илүү тохиромжтой вэ?
Үр хөндүүлсэнээс хойш дээр дурьдсан хугацаа өнгөрсний дараа бэлгийн харьцаанд орохдоо л жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэж эхлэх нь зүйтэй. Эхний үед бэлгэвч илүү найдвартай. Цаашид гэр бүл төлөвлөлтийн кабинетийн эмчийн заавар, зөвлөлгөөний дагуу өөрийн эрүүл мэндэд тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Үр хөндүүлснээс хойш хэр зэрэг хугацааны дараа дахин жирэмсэлвэл тохиромжтой вэ?
Үр хөндүүлснээс хойш 1-1,6 жилийн дотор дахин жирэмслэхгүй байх нь зүйтэй. Үр хөндөх ажилбарыг 6 сарын дотор, мөн үүнээс богино хугацаанд ойр ойрхон хийлгэвэл олон дахин хуссанаас умайн хана нимгэрч улмаар цоорч болзошгүй бөгөөд ийм үед эмчлэхэд хүндрэлтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй.

Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Бэлгийн харьцааны болон цусны урсгалын замаар эмгэгтөрөгч нянгууд эмэгтэйн дотоод шүүрлийн хос булчирхай өндгөвчийг гэмтээж үрэвсүүлэхийг өндгөвчний үрэвсэл гэнэ. Үүсгэгч нь янз бүрийн эмгэгтөрөгч нянгууд, вирус, шимэгч, эгэл биетүүд байдаг.

Умайн үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвчин үүсгэгч нянгууд умайн хөндийд орж умай үрэвсэхийг умайн үрэвсэл гэнэ. Үр хөндөлт умайн үрэвсэл үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Умайн хүзүүний шархлаа гэж юу вэ?
Умайн хүзүүний шархлаа нь бие даасан өвчин биш, харин үтрээн, умайн хүзүүний сувгийн, умайн үрэвслийн үед ялгардаг ялгадсын нөлөөгөөр умайн хүзүүний сувгийн гадна талын олон үет хавтгай хучуур эсүүд гэмтэж нэг үет бортгон эсээр солигдож үрэвсэхийг хэлнэ. Ийм учраас үтрээн ба умайн хөндийн үрэвслээс сэргийлэх, үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.

Дайврын үрэвсэл гэж юу вэ?
Өвчин үүсгэгч нянгууд дороос дээш бэлэг эрхтэний замаар дамжин өгсөх чиглэлээр эсвэл цусны урсгалаар уруудах замаар умайн гуурсан хоолой ба өндгөвчинд орж үрэвсэхийг дайврын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал.

Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл ахуйн, ялангуяа бэлэг эрхтэний болон бэлгийн харьцааны дэглэм зөрчигдвөл эдгээр өвчнүүд үүснэ. Төрсний дараахь үед эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс эмэгтэйчүүд төрсний дараахь халдвараар өвчилдөг. Үр хөндөлт, ялангуяа эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлэх нь үрэвсэлт өвчин үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бэлгийн харьцааны соёлыг эрхэмлэн, бэлгийн замаар халдварлагч аливаа өвчнөөс сэргийлж бэлгэвч хэрэглэх нь энэхүү өвчнөөс сэргийлж чадна. Дулаан хувцаслаж доороосоо даарахгүй байх нь хамгийн чухал байдаг гэнэ шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ