“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. 

Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. 

Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн.

"Хубилай хааны усан флот" дурсгалын зоосны үзүүлэлт: 

  1. Жин: 50 грамм                                                                 
  2. Он: 2024                                                           
  3. Нэрлэсэн үнэ: 750 төгрөг                                
  4. Металл: Зэс (Алтаар бүрсэн)                                          
  5. Диаметр: 38.61 мм                                                                 
  6. Чанар: Proof                                                                        
  7. Технологи: Smartminting, Ultra High Relief  

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, “Нара” их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллалаа.

Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан “Хубилай хаан” 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс-Япон Улс” 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд “Монгол-Япон 50 жил” 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд “Хубилай хааны зарлиг” ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн  худалдаанд гаргаж байсан юм.  
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ