Нүүрсний хулгайд холбогдсон анхны 17-ийн хэрэг хааш замхрав?
Өнгөрсөн жилийн 12 сард 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгийг хулгайлсан, завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг АТГ-аас зарласан.
Гэвч тэр цагаас хойш бүтэн 10 сар өнгөрсөн ч эдгээр хүмүүсээс ял зэм хүртэж байгаа Эрдэнэс таван толгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ганцаараа байна. АТГ-аас анх зарласан нүүрсний хулгайч гэх 17 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгаас эхлээд УИХ-ын нэр бүхий гишүүд, зарим аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид багтсан.
-
Ерөнхийлөгч асан Х.Баттулга
-
ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
-
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
-
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
-
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
-
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
-
ЕТГ-ын дарга асан З.Энхболд
-
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
-
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
-
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
-
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
-
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
-
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
-
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
-
"Эрхэт Монгол" группийн захирал Х.Мандахбаяр
АТГ-аас дээрх 17 нүний нэрийг зарлахдаа тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно гэдгийг онцолсон.
Гэтэл өнгөрсөн хугацаанд Б.Ганхуягаас бусад хүмүүсийн нүүрсний хэргийг АТГ-аас хэрхэн мөрдсөн, прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьсан, шүүхээр шийдвэрлэгдэхээр хэн хэний асуудал нь шилжсэн, хэн хэн нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож нэр нь цагаадсан эсэхийг өдгөө хэн ч мэдэхгүй хэвээр байна.
УИХ–аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Нээлттэй сонсгол” явуулахаар төлөвлөсөн боловч өнөөдөр хүртэл эл сонсгол хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Нүүрсний хэргийн ганц “холбогдогч” Б.Ганхуяг нээлттэй сонсгол явуулбал хэлэх үг байна гэдгээ шүүхийн танхимаас зарлаад байгаа. Харамсалтай нь эл нээлттэй сонсголыг явуулах сонирхол УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүдэд байхгүй байгаа нь нууц биш бололтой. Тэд ямарч үнээр хамаагүй нээлттэй сонсголыг явуулахгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж байх бий.
Хэрэв МАН-ын удирдлагын зүгээс нүүрсний хулгайтай холбогдох нээлттэй сонсголыг явуулахгүй, нэр бүхий нүүрсний хулгайчдаа шүүхээр яллуулахгүй юм бол тэдэнд итгэх иргэдийн итгэл алдарч, ирэх оны УИХ-ын сонгуульд санал алдах нь тодорхой болсон. Тиймээс ямарч гэсэн нүүрсний сонсголыг явуулж, нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийн үнэн мөн чанарыг олон нийтэд илчлэх нь МАН-д өлзийтэй. Гэвч “жоомоо устгах гээд гэрээ шатаах”-ын үлгэр биелэх бий гэдгээс МАН-ын нэр бүхий нөхөд ихээхэн болгоомжилж байгаа биз.
Ямартай ч нүүрсний хулгайн “анхны 17”-оос хэн нь нүүрстэй холбоотой, бас холбоотой гэдгийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн магадлаагүй байгаа нь үнэн.
А.Галт
Sanuulga.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД