ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨРТ: Зүрх, судсаа эрүүл байлгах нь өдөр тутмын энгийн алхмуудаас эхэлнэ

Жил бүрийн 9 сарын 29-ний өдөр дэлхийн бүх иргэд өдөр тутамдаа хийдэг зүйлсээсээ түр амсхийж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ зүрх судасны эрүүл мэндэд анхаарч санаа тавих, зүрхээ эрүүл байлгахын төлөө ямар алхам хийх хэрэгтэйг сануулан, илүү ухаалаг сонголтууд хийж хайртай хүмүүстэйгээ урт удаан, илүү аз жаргалтай амьдрахыг уриалдаг өдөр юм.

“Дэлхийн зүрхний өдөр бол хүн бүрд зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулах, анхааруулга өгөх зорилготой өдөр юм”

Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний Төв”, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр төвлөрөн хэрэгжиж буй төслүүд болон “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг” хамтран 5 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил дэлхий дахинаа “Зүрхээ таньж, зүрхээ хайрлая” уриан дор нэгдэж, дэлхийн зүрхний федерациас санаачилсан чиглэлийн дагуу барилга талбайн гэрэлтүүлгийг улаан өнгөөр гэрэлтүүлж зүрх судасны эрүүл мэнддээ анхаараарай гэсэн сануулга, дохио өгөх, зүрхээ хайрлах хамгаалах аргыг зааж өгөх үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалсан.

зураг

 

Монгол улсын хувьд зүрх судасны нийт өвчлөлийн талаас илүү хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг. Тиймээс тус өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулж хүндрэлээс сэргийлэх талаар ард иргэдийн мэдлэгийг сайжруулах, мэдээллээр тогтмол хангахад голлон анхаарч байна.

Артерийн даралт ихсэх өвчин нь ихээхэн хэмжээний хохирол учруулах хүртлээ өөрт мэдэгдэх зовуурь, шинж тэмдэг төдийлөн тод илэрдэггүй, зарим хүмүүст огт мэдэгддэггүй тул "чимээгүй алуурчин" гэж нэрлэгдсээр ирсэн.

Артерийн даралт гэдэг нь артерийн судсан дотуур урсаж байгаа цусны судасны хананд үзүүлж буй даралтыг хэлдэг бөгөөд хэвийн түвшин нь 120/80 мм муб байдаг. Артерийн дээд даралт тогтмол 120 мм муб-с өндөр, эсвэл доод даралт 80 мм муб-с өндөр байдаг бол түүнийг артерийн даралт ихсэх өвчин гэж оношилно. Даралт ихэссэн үед өөрт төдийлөн мэдэгддэггүй учраас 18 наснаас дээш буюу насанд хүрсэн хүн бүр даралтаа үзэж, тэмдэглэж, хянасан “өөрийн хяналт” тус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэхэд хамгийн чухал үүрэгтэй.

Харамсалтай нь ихэнхдээ артерийн даралт ихсэх өвчин нь бай эрхтний гэмтэл, хүндрэл илрэх үед оношлогдож байна. Бай эрхтэн гэдэг нь хүний биеийн хамгийн нарийн артерийн судаснуудтай эрхтнүүд болох нүд, тархи, зүрх, бөөр бөгөөд даралт тогтмол өндөр байсны улмаас гэмтэж, цаашлаад эргэшгүй өөрчлөлтөд орсон байдаг нь зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг амь насанд аюул учруулдаг өвчин юм.

2020 онд Улаанбаатар хотын иргэдэд хийсэн судалгаагаар: 

  • 23.6% нь артерийн даралт ихсэх өвчинтэй,
  • тэдгээрийн 30% нь өөрийгөө даралт ихсэх өвчинтэйг мэддэггүй,
  • даралт ихсэх өвчинтэйг мэддэг хүмүүсийн 56.8% нь даралт бууруулах эм уудаг,
  • эм уудаг хүмүүсийн 32% нь л хяналттай.

Артерийн даралт ихсэх өвчинтэйг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч өөрт тохиолдож болох эрсдэл хүндрэлийн талаар мэдэхгүйн улмаас хайхардаггүй, бууруулах талаар үйлдэл хийдэггүй, даралт бууруулах эм уудаг ч хяналтгүй буюу тогтмол уудаггүй, өдөр бүр даралтаа үздэггүй, өөрт тохирсон эмийг тохиромжтой тунгаар ууж чадахгүй байгаа зэргээс хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин нэмэгдэж хүндрэл үүсэж иргэд цэл залуу насандаа ч амь нас, эрүүл мэндээ алдах хандлага ихсэж байна.

Хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин нь хөдөлмөрийн чадвар эрт алдалт, эрт нас баралтад хүргэх голлох шалтгаануудыг нэг бөгөөд алсдаа биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд муудах, амьдралын чанарыг буурах, эдийн засагт асар их дарамт учруулахад хүргэдэг.   

Сайн мэдээ нь артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин юм. Гагцхүү артерийн даралт ихсэх өвчний шалтгаан, түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийг мэдэж, өөрт байгаа эрсдэлт хүчин зүйлс, зан үйлийг илрүүлэн засаж залруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, артерийн даралтаа тогтмол үзэх, хянах, өвдсөн бол эмчилгээг тууштай хэрэглэх нь хүн бүрийн насан туршийн үүрэг хариуцлага гэдгийг ойлгох нь чухал.

Зүрх, судсаа эрүүл байлгах нь өдөр тутмын энгийн алхмуудаас эхэлдэг.

АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ АМИН ЧУХАЛ 8 ДАДАЛ ЗУРШИЛД:
  1. Зохистой хоол хүнс хэрэглэх
  2. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  3. Бүх төрлийн тамхины хэрэглээ, өртөлтөөс зайлсхийх
  4. Чанартай унтаж амрах
  5. Биеийн жинг хэвийн түвшинд хүргэх
  6. Цусны холестеролыг хэвийн түвшинд хүргэж бууруулах
  7. Цусны глюкозыг хэвийн түвшинд хүргэж хянах
  8. Артерийн даралтаа хянах

Дэлгэрэнгүйг: (3) Facebook

Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, тэмцэх нь цохилж буй зүрх бүрийн хувьд чухал зүйл юм. Тиймээс ард иргэдийг дэлхийн зүрхний өдрийн хүрээнд зохиогдож буй дараах үйл ажиллагаанд оролцож, зүрхээ таньж зүрхээ хайрлах уриалгыг түгээж байна.

1. 9 сарын 29-ний баасан гарагт 15-18 цагийн хооронд зүрх судасны үндэсний төвийн эмч нар ард иргэдийн асуултад хариулт өгч цахим уулзалт зохион байгуулна. Цахим уулзалт “Зүрх судасны үндэсний төв - Иргэдэд” Facebook хуудсанд шууд дамжуулагдана. Сэдэв: Зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байх боломжтой юу Даралт ихсэлтийн талаар таны мэдэхгүй нууц, Зүрхний цохилтын тоо, хэмнэл чухал уу?

зураг

 

2. 9 сарын 30-ны бямба гарагт 10 цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зүрхэн хэлбэртэй маршрутын дагуу алхаж, гүйж, дугуй унах. Мөн мэргэжлийн зүрх судасны хөдөлгөөн засал, сэргээн заслын эмч нар гэртээ хийх боломжтой дасгал зааж өгнө.

зураг

 

3. Айл бүр, байгууллага бүр артерийн даралт хэмжих аппараттай болж даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулан хүндрэлээс сэргийлэх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ