Допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй гэдгээ МҮБХ мэдэгдэв
Олон нийтийн сүлжээнд төрийн наадамд зодоглосон бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариуны талаарх мэдээллүүд цацагдаад буй.
Энэ талаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо(МҮБХ)-ноос албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Үүнд эдгээр мэдээлэл нь олон нийтэд болоод бөхчүүдэд ч ойлгомжгүй байдал үүсгэж байгааг дурдаад "Үндэсний Их Баяр Наадмын тухай хуульд "... допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна" гэж заасан ба энэ дагуу баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага авсан.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд "Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана" гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь авсан шинжилгээнийхээ хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай ба харин МҮБХ-нд ч тэр, цаашлаад нэр бүхий сэтгүүлч, сайтуудад ч урьдчилан мэдээлэх ёсгүй юм.
МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой гэсэн албан ёсны байр суурьтай байгаа. Иймд нэр дурдсан хороод, байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллаж, олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлэхүйц аливаа мэдээллийг тараахгүй байхыг хүсье" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ