119 дүгээр ангид нас барсан оюутан цэргийн авга ах Г.Батдэлгэр: Яагаад айлын эрүүл саруул хүүхдийг цэрэгт авч явчихаад, цогцос хүлээлгэж өгч байгаа юм бэ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид энэ сарын 19-ний өдөр “Оюутан цэрэг”-т татагдсан хүү дөрөв дэх өдрөө буюу 22-ны өдөр нас барсан хэрэг гарчээ. Энэ талаар хүүгийн авга ах Г.Батдэлгэртэй ярилцлаа.

-Та юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Миний дүүгийн хүү Батбаатарын Билгүүнтөгс 20 настай, эрүүл саруул, сургуулийнхаа онц сурлагатай шилдэг оюутан хүү байлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумд наймдугаар ангиа төгсөж, “Монгол Коосэн” технологийн коллежийн цахилгааны ангийн дөрөвдүгээр курсийн оюутан байв. Цэргийн албанд татагдсанаас хойш дөрөв дэх хоногтоо нас барчихсан гэх харамсалтай мэдээ дууллаа

-Юуны учир тийм зүйл болчихсон тухай тодруулсан уу?

-Цэргийн ангиас нь дасгал хийж, гүйх явцад ухаан алдсан. Гурав хоног ухаангүй байсны улмаас нас барсан гэсэн тайлбарыг өгсөн. Энэ тал дээр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас асуутал “Бид зөвхөн байраар л хангадаг. Сургалтыг хотоос ирсэн хүмүүс тусгай программаар зохион байгуулдаг” гэж хэлнэ лээ.

-Цэргийн албанд татагдахад эрүүл мэндийн үзлэгт оруулдаг шүү дээ. Талийгаач ямар нэгэн өвчин хуучтай байсан уу?

-Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Бүх шалгалт, үзлэгийг даван туулж цэрэгт тэнцсэн. Оюутан цэрэгт явахын тулд 3.0 голчоос дээш дүнтэй, сурлага, эрүүл мэндээрээ тэргүүлдэг байх ёстой юм билээ. Тэдгээр шалгуурыг давсны үр дүнд явсан. Тэгэхээр эрүүл саруулыг нь өөрсдөө нотлоод аваад явсан гэсэн үг биз дээ. Гэвч миний дүү удалгүй нас барчихлаа. Хэрвээ манай дүү эрүүл мэндийн шаардлага хангахааргүй хүүхэд байсан бол яах гэж анхнаасаа эрүүл гэсэн магадалгааг эмчээс өгсөн юм бэ. Энэ хариуцлагагүй зүйл дээр асуудал хөндөх хэрэгтэй. Бие бялдрын асуудалтай байлаа ч гэсэн дасгал хөдөлгөөн хийснээс болж ухаан алдана гэж байхгүй шүү дээ. Би хардах эрхийнхээ өнцгөөс харахад халуун наранд дэглэсэн байх гэж бодож байна. Эргэлтээр хүмүүс очиход огт уулзуулдаггүй. Халуун наранд зогсоо зайгүй гүйлгэж байгаа харагдсан гэж сураг сонссон. Цэргийн хүмүүсийн яриагаар цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан заавал халуун наранд гүйлгэх биш өглөөний сэрүүнд ч гүйлгэж, цаг хугацаагаа уялдуулан, тохируулдаг ёстой байдаг гэж ярина лээ. Ямар байдлаар дасгал хийлгэсэн болоод тэр хүүхэд ухаан алдаж унав. Эсвэл чи яасан доожоогүй юм гээд цохиж авсан уу, мэдэхгүй байна. Зүгээр байсан хүүхэд гурав хоног ухаангүй байна гэдэг байж боломгүй асуудал.

-Ухаангүй байх хугацаанд нь гэр бүлийнхэнд нь мэдээлэл хүргэсэн үү?

-Огт мэдээлэл хүргээгүй. Манай хүргэн Солонгосын цэргийн албанд ажилладаг хүн бий. Тэр хүний хэлснээр “Солонгост зодуулсан, дарамтлуулсан шалтгаанаар цэрэг нас бардаг болохоос дасгал хөдөлгөөний аяс даалгүй ухаан алдана гэж байдаггүй. Тийм учраас гадны нөлөө орсон байх гэж сэжиглэж байгаа” гэж хэлсэн. Энэ талаар ямар ч мэдээллийн хэрэгсэл ярихгүй байна. Ээж, аавд нь биеийн байдлыг нь үзүүлээгүй, зөвхөн шинжээчид л үзсэн. Одоогийн байдлаар моорогт цогцос нь байгаа.

-Хүүгийн аав, ээж юу хийдэг хүмүүс вэ. Цэрэгт явахдаа аав, ээждээ юу гэж хэлж байв?

-Ээж нь Хархорины ерөнхий боловсролын сургуулийн багш, аав нь лам хүн. Оюутан цэргийн хугацаа нь хоёр сар учраас суралцах хугацаандаа оюутан цэргийн албаа хаачихвал дараа нь төгсөөд, Япон явж сурахад ойр зуурын зүйлс ч гэсэн цэгцэрчихсэн байна гэж бодсон байх л даа. Надад “би ангидаа япон хэлэндээ хамгийн сайн нь” гэж хэлж байсан. Тийм сурлага сайтай сайхан хүү минь байхгүй болчихлоо шүү дээ. Ийм зүйл болоод байвал хэн цэрэгт явах юм бэ. Цэрэг гэдэг эрлэгийн элч гэж бодно уу гэхээс хүнд хэрэгтэй эд гэж бодогдохоо болилоо. Дахиад хичнээн хүүхэд үхэх юм бэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Тэр халуунд хүүхдүүдийг гүйлгээд л байсан гэсэн. Тийм халуунд чинь хүн гүйх нь байтугай гадаа жаахан зогсоход л хэцүү байсан шүү дээ. Наршчих гээд. Албаар тэгж яргалж, дэглэдэг юм уу. Яагаад тийм халуунд хүүхдүүдийг зогсоо зайгүй гүйлгэж байгаа юм бэ. Гүйлгэсэн байлаа гэхэд зүгээр гүйж яваа хүн шалтгаангүйгээр ухаан алдах уу. Ухаангүй гурав хоног байхад нь яагаад аав, ээжид нь хэл дуулгаж уулзуулсангүй вэ. Ямар нэгэн яргалалт, тамлалт, дэглэлт байсан л гэж бодож байна. Зүв зүгээр байсан хүүхэд гурав хоног ухаангүй байна гэж юу байсан юм бэ.

-Дүү тань зан харилцааны хувьд ямар хүн байсан бэ?

-Ямар нэгэн огцом уур байхгүй. Дөлгөөн, тайван хүүхэд байсан. Цочир уур, илүү дутуу зангүй. Харин ч хүн гаднаас нь хараад элэг барихаар доожоо муутай харагддаг. Тийм л дөлгөөхөн хүү байсан шүү дээ. Түүнээс биеийн эрүүл мэнд болоод бусад зүйлсээрээ өөлөөд байхаар хүүхэд байгаагүй.

-Найз охинтой байсан уу?

-Найз охин ч гэж ярьж байгаагүй. Найз охингүй байсан байх аа.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Ах дүү хэдүүлээ вэ?

-Хоёр эрэгтэй хүүхэдтэй айлын бага хүү. Монгол Улсад хэрэгтэй офицер хүүтэй болно гэж сайн санаалж явуулсан ч долоо хонолгүй бурхан болчихлоо. Шүүхийн шинжилгээний хариу нь 21 хоногийн дараа гарна гээд тайлбар өгөхгүй байгаа. Ээж, аав нь сэтгэл санаа нь тогтворгүй, сүм хийд, буяны ажлыг нь хөөцөлдөөд, юу хийх учраа олохгүй гунисан байдалтай л байна.

-Цуг алба хааж байсан оюутнуудтай нь уулзсан уу?

-Хамт цэрэгт явсан оюутнуудаас лавлаж тодруулж ч амжаагүй явна. Түүнийг асуух сөхөө ч алга. Ирэх гурав дахь өдөр ажил явдал нь болж, хэрэгцээтэй гэвэл дахин шарилыг нь гаргаж магадлангаар оруулж магадгүй. Харин одоогийн байдлаар цогцосноос нь шүүхийн задланд хэрэгтэй бүх мэдээллийг нь авчихсан гэсэн. Аав ээж нь залуухан, хөдөөний хүмүүс байдаг болохоор тэр талаар сайн мэдээлэл байхгүй. Даралт нь 200 хүрчихсэн ухаан санаа нь орж гаран, тариа хийлгэсэн байдалтай байна.

-Шүүх шинжилгээгээр оруулахдаа аав, ээжээс нь зөвшөөрөл авсан уу?

-Үгүй. Задлан хийснийхээ дараа аав ээжид нь хэлсэн байсан. Шүүх шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Тэр болтол ямар нэгэн байдлаар дүгнэлт хэлэх боломжгүй гээд ерөөсөө мэдээлэл өгөхгүй байгаа.

-Аав, ээж нь хүүгийнхээ байр байдлыг үзсэн болов уу. Биед нь ямар нэгэн байдлаар халдсан байх магадлалтай ил харагдах шарх, хөхөрч няцарсан зүйл ажиглагдаа болов уу?

-Ерөөсөө аав, ээжид нь харуулаагүй. Одоо моорогт л байгаа. Өнөө (зургадугаар сарын 24-25-ны шилжих шөнө) шөнө очиж цогцсыг нь Өвөрхангай руу авч явах юм гэсэн. Шүүх шинжилгээнийхэн л үзсэн. Ээж, аав нь хараагүй л байна.

-Аав, ээж нь хүүгээ харъя гэж асуусан болов уу?

-Түүнтэй манатай л явна. Эрүүл саруул хүүгээ цэрэгт явуулсан ямар л хүн хүүхдээ цогцос болчихно гэж бодох вэ дээ. Аав, ээж нь сэтгэл санаа нь маш хүнд, юу хийж хаана яваагаа ч мэдэхгүй, сандарсан түгшсэн байдалтай байна. Тэг, ингэ гээд хэлэх ч хэцүү юм. Сэтгэлд нь сэв хийчих байх гээд бид ч айж байна. Залуухан аав ээж шүү дээ. Миний дүү тавь ч хүрээгүй. Ийм залуухан дүү минь хүүхдээсээ өнчрөөд үлдлээ. Задлан шинжилгээ хийх процесс яаж явагддагийг ч мэдэхгүй. Тэр талаар асуух сэтгэл зүй ч одоохондоо алга.

-Та энэ тухай хэзээ мэдэв?

-Би дөнгөж өнөөдөр (зургадугаар сарын 23-ны өдөр) л мэдлээ. Аав нь над руу утасдаж хэлсэн. Би амралтад амарч байгаа юм л даа. Ийм харамсалтай мэдээ сонсоод миний ч даралт ихсээд сэтгэл санаа тогтворгүй, сандарч түгшсэн байдалтай л байна. Хүүгээ алдсан хүн чинь үнэхээр харамсаад, олигтой ч ярьж чадахгүй уйлаад л байсан.

-Хүү Өвөрхангайн хүүхэд байв уу. Тэндээсээ цэрэгт татагдсан уу?

-Өвөрхангайн Хархоринд наймдугаар анги төгсөөд, хотод коллежид элсээд л анх ирсэн. Оюутан байх хугацаандаа л цэргийн албаа цуг хаачихвал дараа нь төрийн албанд орсон ч өөрт нь хэрэгтэй гэж яриад л цэрэгт элсэж, Төв аймгийн Алтанбулаг сумын 119 дүгээр ангид очсон. Гэтэл долоо ч хоноогүй хүүхдийнхээ шарилыг авахаар очиж байдаг. Үнэхээр утгагүй хэрэг байгаа биз дээ.

-Аав, ээж нь маш их гомдолтой байгаа байх?

-Ямар ч байсан 21 хоногийн дараа шүүх шинжилгээний хариу гарахыг хүлээж байна. Тэр хариунаас шалтгаалж дараагийн арга хэмжээгээ авах байх. Батлан хамгаалахад хүүгээ явуулаад, нэг сайхан офицер хүүтэй болно. Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалахад хэрэгтэй бэлтгэл офицертэй болно гээд л сайн санаад явуулсан. Гэтэл долоо ч хоноогүй хүүгийнхээ цогцсыг авахаар явж байна. Тийм байхад ямар л сайн байх вэ дээ.

-Энэ талаар ерөөсөө мэдээлэл гараагүй нь нууцалсан байх магадлалтай юу?

-Иймэрхүү байдалтай байвал цэргийн албанд явахаас залуус дургүйцдэг болно. Тус асуудал дээр дүйцүүлэн төлбөр төлдөг гэсэн тэрийг нь өгөөд л салъя гэсэн бодолтой хүмүүс олон болох байх. Манайхан хаацайлж ээж, аавыг нь элэг бариад дуугүй л болгочихдог юм шиг байна лээ. Би ч цэргийн албанд явсан. Олон сайхан найз нөхдөө алдсан хүн. Яагаад муу зүйлс энэ газраас тасардаггүй юм бэ. Үүнд маш их харамсаж байна. Миний үед дэглэлт гэдэг зүйл маш их байсан. Одоо ч байсаар байгаад сэтгэл эмзэглэх юм. Энэ асуудлаас дараагийн хүмүүст нь цочрол өгч, дахиж ийм асуудал битгий гараасай л гэж хүсч байна. Шүүх цагдаад ерөөс итгэхгүй байгаа. Угаасаа нууцалсан болохоор л ямар ч мэдээлэл гарахгүй байгаа байх. Дөнгөж 18, 19, 20-той хүүхдүүд л тэнд очдог. Яагаад айлын хүүхдийг эрүүл саруул авч явчихаад, цогцос хүлээлгэж өгч байгаа юм. Юуг нь нууцлаад мэдээлэл ч өгөхгүй байна вэ. Сайхан дүүгээ алдсандаа үнэхээр гомдолтой байна.

-Цэрэгт очсоны дараа аав, ээжтэйгээ холбогдсон болов уу?

-Оюутан цэрэгт татагдахаар боллоо л гэж хэлсэн. Цэргүүдийг очиход нь л яг шорон шиг утсыг нь хурааж аваад, хэнтэй ч уулзуулахгүй, эргэлт оруулдаггүй юм билээ. Яг дектатуртай шорон шиг л байлгадаг гэсэн. Зүйл ангигүй зүгээр л нэг шорон шиг. Миний сонссоноор Батлан хамгаалахын их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнууд МУБИС-ийн нэг оюутныг тахир дутуу болгож байсан гэж сонссон. Би анги дааж авдаг байхад оюутан ангийн маань хүүхдүүдийн яриагаар их гүйлгэж, дарамталдаг байсан гэдэг. Шарх сорви үлдээхгүйн тулд дэрээр даруулж байгаад зоддог, ямар нэгэн зүйл болохгүй бол дарамтлах зодох зэрэг нь наад захын асуудал байдаг гэнэ лээ.

Б.ЭНХГЭРЭЛ

Эх сурвалж:dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ