Миний мэддэг, сонсох дуртай "Камертон"

  Монголын хамгийн шилдэг хамтлагуудын тоонд "Камертон" орох нь зүй. Тус хамтлагийнхан нэгдэхээсээ өмнө Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нар нэгэн залуутай хамтарч дуулдаг байсан бол Д.Болд, Г.Мэнд-Амар хоёр ангийнхаа гурван охинтой хамтлаг байгуулчихсан байсан юм.

   Өөрөөр хэлбэл тэд тус тусдаа хамтлагтай байсан аж. 1995 оны зургадугаар сарын нэгэн өдөр Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ хоёр сургуулийнхаа буюу ХБК-ийн шатан дээр Д.Болд, Г.Мэнд-Амар нартай тааралдаад, ангийнх нь гурван охины хоолойтой тэдний хоолой нийлэхгүй байгааг хэлжээ. Гэтэл маргааш нь Д.Болд алдарт "Beatles"-ийн "Yesterday"-г ноотолчихсон ирж, тэдэнтэй уулзаад, дөрвөн хоолой салгаж дуулсан чинь маш гайхамшигтай болсноор "Камертон" хамтлаг мэндэлсэн түүхтэй. Уг хамтлагийн нэрийг Төрийн соёрхолт, АЖ, нэрт морин хуурч Г.Жамъянгийн охин, Төрийн шагналт, "Камертон" хамтлагийн ахлагч Д.Болдын ээж, дуурийн дуучин, УГЖ Ж.Цэцгээ өгсөн гэдэг. "Камертон" нь хөгжмийн зэмсэг хөглөхөд хэрэглэдэг болд сэрээ бөгөөд Kammerton хэмээх герман үгээс гаралтай. Ингэж Монголын хөвгүүдийн анхны дөрвөл хамтлаг "Камертон"-ыг 1995 оны зургадугаар сарын 24-нд Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар, Б.Эрдэнэбат нар байгуулжээ.

Энэ хамтлаг нь дөрвөн хоолой салгаж дуулсан Монголын анхны хамтлаг билээ.

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод

Алиманхан сарны болорхон туяанд

Анхны болзоонд зогсмоор санагдана

Аяа миний 18 нас

Ахиж ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Тэднийг олны танил болгосон дуу нь "Маамуу нааш ир". Уг дууны талаар "Камертон"-ыхон "Энэ дууг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг, бараг л манай хоёр дахь сүлд дуу шүү дээ. Тиймээс бид балчир багачуудаас авахуулаад өтөл насныхны мэддэг энэ дууг анхныхаа уран бүтээл болгон сонгосон" хэмээн өгүүлсэн удаатай. Эл дууны үгийг Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосныг бид мэднэ. Хамтлагаа байгуулснаас 14 хоногийн дараа хөгжмийн зохиолч, "Хоовон" хэмээх Г.Энхбаярын тайлан тоглолтонд тайзан дээр анх гарч, "Маамуу нааш ир" дуугаараа олны сонорыг мялаасан байна.

Монголын анхны богино долгионы радио FM 102.5 одоогоос бараг 30 жилийн өмнө буюу 1996 онд байгуулагдахад тус радиогийн хөгжмийн нэвтрүүлгээр анх цацагдсан дуу бол мөнөөх "Камертон"-ы "18 нас". Мөн "Сонор" студийн анхны бичлэг ч тэдний "18 нас".

Эртнээс маш их бэлдэж, төлөвлөсөн анхны тоглолт "18 нас"-ынхаа өмнөх орой тэдний сэтгэл ихэд хөдлөн, унтаж ч чадаагүй гэнэ билээ. Тоглолтын тасалбар хоёр хоногийн өмнө дууссан тул "Камертон"-чууд аав ээж, ах дүү, хамаатан садандаа "шаг"-ийн үнээр тасалбараа худалдан авч өгсөн аж. "Анхны тоглолт маань бидний санаанаас огтхон ч гардаггүй. Бид дуундаа хэт автаад, өөрсдийгөө ч мэдрэх чадваргүй болчихсон байсан" хэмээн хамтлагийн залуус дурссан бол "Хит энтертайнмент"-ийн захирал Н.Давааням агсан "Гадаадын алдартай хамтлагуудынх шиг охид орилолддог тоглолт анх удаа Монголд зохиогдсон" гэж энэ тоглолтыг дүгнэсэн нь бий. "Пентатоник-1995" бол тэдний хувьд хамгийн аз сорьсон, мөн сэтгэл түгшүүлсэн үе байв. Учир нь тэд ийм наадамд анх удаагаа оролцох гэж байсан юм. "Шилдэг дебют хамтлаг" номинацид нэр дэвшсэн тэдний сэтгэлийг түгшээж байсан хамгийн том "проблем" бол ёслолын ажиллагаанд өмсөх хувцас байв. Аз болоход тэр үед дөрвөн найз нь "Улаанбаатар" зочид буудалд зөөгчөөр ажиллаж байсан ба тэдний хувцсыг гуйж өмссөн "Камертон"-ыхон 1995 оны шилдэг дебют хамтлагаар шалгарсан билээ.

Хамтлаг байгуулагдсанаас хоёр жилийн дараа Д.Болд, Б.Эрдэнэбат нар АНУ-д, Л.Ган-Эрдэнэ Германд сурах гэж байсан ч Д.Болд, Б.Эрдэнэбат хоёрын виз бүтээгүй аж. Хожим нь Эба "Болдоо бид хоёрын виз бүтээгүйд маш их баярлаж явдаг. Хэрвээ бид бүгдээрээ явчихсан бол "Камертон" өнөөдрийн энэ өндөрлөгт хэзээ ч хүрэхгүй байх байсан юм" гэж өгүүлсэн удаатай Тэдний тарах болсныг дуулсан фенүүд тэр тусмаа охид гүн шоконд орж байв. Түүгээр ч барахгүй хайртай хамтлагийнхаа галзуу үнэнч фен болохоо харуулж, эм уусан тохиолдол цөөнгүй гарсан гэдэг. Харин "Камертон"-ыхон энэ тухай ярих маш дургүй юм билээ.

Доторхон нууцлагхан гэгээн хүсэлдээ

Дотнохон танилхан царайг ургуулаад

Үүрээр түүнийхээ улаахан уруулаар

Үнсүүлж зүүдэлж сэрмэгцээ ичингүйрсэн

Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

  Тэд нэг, нэг насны зөрөөтэй агаад Л.Ган-Эрдэнэ 1976 оны 12-р сарын 2-нд, Б.Эрдэнэбат 1977 оны 12-р сарын 15-нд, Д.Болд 1978 оны 11-р сарын 16-нд, Г.Мэнд-Амар 1979 оны 2-р сарын 13-нд мэндэлжээ. Эба, Болдоо нар уран нугараач эгч, дүү хоёртой гэрлэснийг бид мэднэ. Хамтлагийнхнаас анхлан үрийн зулай үнэрлэсэн нь Эба. Тэд өнөр өтгөн гэр бүлтэй болсон. Хоёр дахь амьдралаа зохиосон Ганаа, Мээдээ нар ч өнөр өтгөн өрхийн тэргүүнүүд.

Дашрамд дурдахад Г.Мэнд-Амар, Л.Ган-Эрдэнэ хоёр гэрлэхгүй байх нь "Камертон"-ы дотоод бодлого, өөрөөр хэлбэл тэд фенүүдийнхээ анхаарлын төвд байх нь хамтлагийн менежмент байсан юм.

Ганаа нэгэн ярилцлагадаа "Нуух юм юу байх вэ. Энэ бол үнэн. Мээдээ бид хоёр ч биш Болдоо, Эба бүгдээрээ эхнэр авахгүй шүү гээд л ярьдаг байлаа. Гэтэл бодит амьдрал дээр огт өөр юм байна" гэж өгүүлсэн байдаг.

Тэд манай хамтлаг, дуучдаас анхлан нүцгэн зургаа авахуулж, олны нүдийг хужирласан. Хамтлагийн ахлагч Д.Болд "Тэр үед бид жаахан хүүхдүүд байлаа. Юманд нэг л сонин ханддаг байсан" хэмээн дурссан нь бий. Ийм л арвин намтар, түүхтэй дөрвөн залуу та биднийг 28 жил байлдан дагуулсан байх юм. Дахиад хэдэн жил урлагийн тайзнаа "од" болон гялалзахаа тэд л мэдэх билээ.

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод

Алтан нарны болорхон туяанд

Анхны болзоонд зогсмоор санагдана.

Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас.

Ш.Эрдэнэтөр Эх сурвалж:Bataar.mn

No description available.

No description available.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Сонсогч (66.181.161.129)
    Гайхалтай. Ялангуяа Болд дэндүү хөдөлмөрч. Амжилт
    2023 оны 06 сарын 24 | Хариулах