Уолкер: Би тааралдсан бүгдийг ууна, уучлаарай!

 

Английн “Манчестер Сити” 10 гаруй жилийн өмнөөс эхлүүлсэн том төслийнхөө үр шимийг үзэж, Аваргуудын лигийн цомыг түүхэндээ анх удаагаа өргөлөө.

Энэ улирлын финалын тоглолтын төгсгөлд сэлгээгээр талбайд гарсан англи хамгаалагч Кайл Уолкер энэхүү баярыг нижгэр тэмдэглэхээр шийдснээ ний нуугүй ярьжээ.

“Би тааралдсан бүгдийг ууна. Уучлаарай, Гарет (Саутгейт). Би бүгдийг нь дуусгаад дуусгаад явчихна. Магнай хагартлаа баярлана гээч нь энэ байх. Миний мөрөөдөл биеллээ шүү дээ. Миний хувьд энэ клуб маш эрхэм. Одоо 33 настай хэрнээ талбайд гарахгүй бол сэтгэл их шаналдгаа ч би нуухгүй. Залуус миний үгийг сонсож, үлгэр дуурайлал аваасай. Багийнхаа талбайд гарахын өмнө би өөрийн үгээ хэлээд амжсан. Юу гэж хэлсэн бэ гэхээр "Миний мөрөөдөл биелэх эсэх нь та нарын гарт байна шүү" гэсэн юм. Гэхдээ дарамталж юмуу сүрдүүлж хэлсэн юм биш л дээ” хэмээн Уолкер өгүүлжээ.

“Яагаад мөрөөдлийнхөө тухай яриад эхлэв гэж хүмүүс бодож байж магадгүй. Өнөөдөр аав, ээж хоёр минь стадионд ирж, тоглолт үзлээ. Бид Шеффилдийн жирийн нэгэн гэр бүл. Амьдрал амар байгаагүй ээ. Тиймээс би энэ баярт мөчөө аав ээжтэйгээ хуваалцсандаа үнэхээр их баярлаж, бахдаж байна. Энэ бол онцгой агшин.

Ээж минь хүүдээ зайрмаг авч өгөхийг хүссэн ч гэлээ мөнгөгүй байсныг нь би санаж байна. Гэтэл өнөөдөр хүүтэйгээ хамт ийм том ялалтын баярыг тэмдэглэлээ. Үүнд л би баярлаад, жаргаад байгаа юм. Хүн их баярлахаараа хэлэх үгээ олддоггүй гэнэ билээ. Одоо би яг тэгж байна. Энэ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж, требл хийнэ гэдэг бол гайхамшигтай амжилт шүү. Энэ багт ирээд би зургаан жил болжээ. Баг надад бүхнээ зориулсан шиг би ч өөрийгөө шавхаж өгсөн. Энэ клубт би насан туршдаа өртэй. Хэдэн зуунаараа өртэй” хэмээн Уолкер өгүүлсэн байна.

Эх сурвалж Р.Гэгээ

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ