Оршуулах гэж байсан эмэгтэй амьд байжээ

Эквадорын иргэн 76 настай Белла Монтойя өнгөрөгч долоо хоногт цус харвалтын улмаас нас барсан гэж бүртгэгджээ. Баасан гарагт түүнийг оршуулахаар бэлтгэх явцад амьсгаатай байсныг гэр бүлийнхэн нь мэдэж тэр даруй эрчимт эмчилгээнд шилжүүлсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас уг хэргийг шалгахаар ажиллаж байгаа бөгөөд тэдний мэдээлснээр эмэгтэйн амьсгал алдагдаж зүрх нь зогсонги байдалд орсон байна. Сэхээн амьдруулахаар оролдсон ч бүтэлгүйтсэн тул жижүүр эмч үд дунд түүнийг нас барсан хэмээн бүртгэжээ. Үүнээс хойш түүнийг авсанд хэдэн цагийн турш байлгаж, оршуулах ёслолд зориулан хувцсыг нь солих үед тус өвчтөн амьсгаа авах гэж оролдсон байна.

Монтойя одоогоор өөрийг нь нас барсан гэж тодорхойлсон эмнэлэгтээ эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ба түүний хүү Балберан “Би юу болсныг бага багаар ойлгож эхэлж байна. Ээжийнхээ биеийн байдлыг сайжраасай, миний дэргэд удаан хамт байгаасай гэж хүсэж байна” хэмээн ярьсныг Франс Пресс агентлаг онцолсон юм.

Эх сурвалж: ВВС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ