НҮБ: Дэлхий дахин хуванцар хаягдлаа 80 хувиар бууруулж чадна
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинэ тайланд улс орнууд 20 хүрэхгүй жилийн дотор хуванцар бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой гэжээ. Хуванцар бохирдол нь Хойд туйл, далай тэнгис, амьсгалж буй агаар хүртэл дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж буй гамшиг юм. Тэр ч байтугай экосистемийг өөрчилдөг. Сүүлийн хэдэн арван жилд хуванцар үйлдвэрлэл, ялангуяа нэг удаагийн хуванцар үйлдвэрлэл огцом өсөж, хог хаягдлын менежментийн систем үүнийг гүйцэж, хөгжиж чадахгүй байна. Дэлхий дээр 2021 онд 139 сая тонн нэг удаагийн хуванцар хог хаягдал үүссэн байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2060 он гэхэд дэлхийн хуванцар үйлдвэрлэл гурав дахин өснө.
Хуванцрыг дахин ашиглах нь хамгийн шилдэг арга гэдгийг тайланд дурдсан байна. Дахин боловсруулснаар 2040 он гэхэд хуванцар бохирдлыг 30 хувиар бууруулах боломжтой аж. Дэлхий даяар жил бүр хуванцар материалын ердөө ес орчим хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсэг нь хогийн цэгт хаягддаг эсвэл шатаадаг. Мөн тайланд шинэ хуванцар бүтээгдэхүүнийг хямд өртгөөр бүтээхэд нөлөөлдөг чулуужсан түлшний татаасыг зогсоохыг зөвлөжээ. Чулуужсан түлш нь бараг бүх хуванцар материалын түүхий эд юм. Боодол, уут зэрэг нэг удаагийн бүтээгдэхүүнд тохирох өөр материалыг ашиглах, тэр дундаа илүү амархан задардаг бордоо болохуйц түүхий эд ашигласнаар хуванцар бохирдлыг 17 хувиар бууруулж чадна гэдгийг тайланд дурджээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен "Бидний хуванцрыг үйлдвэрлэх, ашиглах, устгах арга зам нь экосистемийг бохирдуулж, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж, уур амьсгалыг тогтворгүй болгож байна" гэж мэдэгджээ.
Хуванцрыг дахин ашиглаж, дахин боловсруулдаг эдийн засагт шилжих нь уур амьсгал, эрүүл мэнд, агаар, усанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийснээр 2040 он гэхэд 3.25 их наяд ам.долларын хэмнэлт авчрах боломжтой гэж тайланд онцолсон байна. Хуванцрыг 80 хувиар бууруулах нь дэлхийн нүүрстөрөгчийн бохирдлыг жилд 0.5 тэрбум тонноор багасгана гэж тооцоолжээ. Мөн ихэвчлэн хөгжиж буй орнуудад 700 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой аж. Хэдийгээр эдгээр бүх өөрчлөлтийг хийсэн ч дэлхий 2040 он гэхэд богино хугацааны бүтээгдэхүүнээс үүссэн 100 сая тонн хуванцар хог хаягдлыг зохицуулах шаардлагатай болохоор байгаа аж.
Эх сурвалж:Itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ