ОУХМ Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна.

-63.5 кг жинд манай улсын тамирчин, ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Руслан Абдулаевтай өнөөдөр тулалдсан юм. 

Тэрбээр аваргын төлөөх тулаанд эзэн орны тамирчинд ялагдсанаар ДАШТ-ийг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ. 
Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдсан.

Ингэснээр Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин болжээ. Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан гэдгийг Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ