Б.Батаа: Дунд ангийн хүүхдүүд мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн гүн хоцрогдолд орчихлоо

EduCoach төслийг санаачлагч, боловсрол судлаач Баатарын Батаатай англи хэлийг хэддүгээр ангиас зааж эхлэх нь тохиромжтой талаар ярилцав.  Тэрээр боловсролын салбарт нийт 20 жил ажиллаж байгаа бөгөөд хувийн, төрийн өмчийн дунд сургуульд багшилж байсан, дунд сургуульд ОУ-ын хөтөлбөрийн хичээлүүд заасан, шалгалтын мэргэжилтэн, сургалтын менежерийн ажлуудыг хийж байсан, судалгааны байгууллагуудад ажилласан хүн юм.

Боловсрол судлалын чиглэлд хүний танин мэдэхүй, сурах чадвар гэсэн үндсэн хоёр сэдвийг дагнан судалдаг.

-Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн баасан гарагт хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ хуульд англи хэлийг дунд сургуульд судлах үндсэн гадаад хэл гэж үзжээ. Боловсролын толгой хуульдаа ингэж нэг гадаад хэлийг онцгойлон заадаг жишиг бусад орнуудад байдаг уу?
-Байж болох зүйл. Хүн төрөлхтний шинжлэх ухааны хэл англи хэл болсон тул ингэж хуульчилсан байх. Монгол хүүхэд англи хэл сурвал илүү олон хүнтэй хэл нэвтрэлцэх бололцоотой болно. Орос, хятадын дунд сургуулийн хөтөлбөрт ч гэсэн нэгдүгээрт гэж сонгож судлах гадаад хэл нь англи хэл байгаа шүү дээ.

-Таны бодлоор англи хэлийг хэддүгээр ангиас нь заах ёстой вэ?
-Энэ бол нэг, хоёр сургуулийн тухай асуудал биш, Улаанбаатар хот болоод нийт 21 аймгийн 330 суманд байгаа сурагчдын тухай асуудал. Сурагчдын дийлэнх олонх буюу эгэл жирийн айлын хүүхдүүдийн боловсрол, ирээдүйн тухай асуудал тул энэ талаар бид тун нухацтай бодох ёстой. Хүүхэд аль болох бага насандаа хоёрдогч хэлийг сурвал тухайн хэлийг илүү хурдан сурдаг нь  үнэн. Гэхдээ боловсрол гэдэг зөвхөн гадаад хэлээр тодорхойлогдох зүйл биш.

ОРЛОГО ӨНДӨР АЙЛЫН ХҮҮХЭД АГУУЛГЫН ХОЦРОГДОЛД ОРДОГГҮЙГ СУДАЛГААГААР ТОГТООСОН

-Эх хэлээ ямар түвшинд эзэмшсэн хүүхэд гадаад хэл судалж эхлэх нь зөв бэ?
-Бага боловсролын үндсэн зорилго юу вэ? Хүүхэд 1-5-р ангидаа дунд ангид сурах чадварыг олж авсан байх шаардлагатай. Тэгэхээр энэ нь бага боловсролын үндсэн зорилго юм.  Монгол хүүхдүүд дунд ангид их тааруу сурч байна. Олон хүүхэд агуулгын гүн хоцрогдолд орсон. Нарийн тоог Боловсролын үнэлгээний төв гаргах ёстой байх. Миний мэдэх олон сургуульд энэ нь санаа зовоомоор өндөр хувийг эзэлж байна. Маш олон хүүхэд тухайн ангийн хичээлээ ойлгохгүй, даалгавраа гүйцэтгэж чадахааргүй  сул чадвартайгаар дунд ангид орж байна.

 

Боловсрол гэдэг зөвхөн гадаад хэлээр тодорхойлогдох зүйл биш.

-Яагаад тэр вэ? 
-Энэ нь бид бага ангид нь мэдээлэл боловсруулах, сэтгэж бодох, сонсох, ярих, унших, бичих зэрэг танин мэдэхүйн болоод харилцааны суурь чадваруудыг хангалттай сайн эзэмшүүлж чадахгүй байгаатай холбоотой. Ийм нөхцөлд анги ахих тусам хичээлд үр дүнгүй суудаг сурагчдын тоо ихэснэ.

АНУ агуулгын хоцрогдлын талаарх судалгааг маш сайн хийсэн байдаг. Энэ судалгаанаас харахад АНУ-ын өндөр орлоготой айлын хүүхдүүд агуулгын хоцрогдолд бараг ордоггүй. Харин дунд болоод бага орлоготой айлын хүүхдүүд агуулгын хоцрогдолд их хэмжээгээр ордог байна.  Монгол улсын хувьд бид нийтээрээ орлого багатай. Төрийн өмчийн дунд сургуулиудад орлого багатай айлын хүүхдүүд л ихэвчлэн сурч байна.  Тэгэхээр тэд агуулгын гүн хоцрогдолд орсон байх магадлал тун өндөр юм.  Төрийн өмчийн дунд сургуулийн бага боловсролын хөтөлбөрийн хувьд англи хэлийг 3-р ангиас нь зааж эхэлье гэж бодохоос илүү агуулгын гүн хоцрогдолд орсон сурагчдын тоог яаж цөөлөх вэ гэдгийг анхаарах нь чухал юм.

Бид одоо англи хэлийг хэддүгээр ангиас зааж эхлэх ёстой талаар маргалдаж байна. Би харин эхэлж “Хүүхдүүд маань бага ангидаа дунд ангид амжилттай суралцахуйн үндэс болох ерөнхий ур чадваруудаа хангалттай сайн эзэмшиж чадаж байна уу?” гэдэгт анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

 

Маш олон хүүхэд тухайн ангийн хичээлээ ойлгохгүй, даалгавраа гүйцэтгэж чадахааргүй  сул чадвартайгаар дунд ангид орж байна.

Дунд ангид сурагчдын судлах хичээлийн тоо нэмэгдэж, үзэх агуулга нь эрс тэлдэг. Энэ үед сурагчид тэр их хэмжээний агуулгыг мэдлэг  болгон хувиргах ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэд маш сайн боддог, сэтгэдэг, уншдаг, ярьдаг, бичдэг болсон байх хэрэгтэй. Эдгээрийг нийтэд нь  21-р зууны ур чадварууд гэх бөгөөд бага ангид монгол хэл, математикийн хичээлээр, тэр дундаа 3-5-р ангийн агуулгаар  эзэмшүүлдэг. 

Гэтэл бид яг энэ цаг хугацаанд англи хэлийг давхар үзэж эхлэх тухай бодож байна. 3-р ангиас англи хэлийг үзэж эхэлбэл бага ангийн сурагчдын агуулгын хоцрогдол улам л ихэснэ.  Хүүхдүүдийн мэдээлэл боловсруулах чадварт суралцах цагаас нь бид хомсолж, гадаад хэл заах нь. Энэ хэрээр хүүхдийн чадвар эзэмших цаг багасна. Энэ асуудлыг л бодмоор байгаа юм. 

МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛ СУРДАГГҮЙ, УНШИХ, БИЧИХ, БОДОХ ЧАДВАРТ СУРАЛЦДАГ

-Тэгвэл хэддүгээр ангиас нь заах нь зөв бэ?
-Хэддүгээр ангиас үзэх вэ гэхээс илүүтэй одоо манай төрийн өмчийн сургуулиудын бага боловсролд ямар тулгамдсан асуудал байгааг ойлгох хэрэгтэй байна. Төрийн өмчийн сургуулийн сурагчдыг дунд ангид агуулгын болоод чадварын хоцрогдолгүй яаж оруулах вэ? гэдэг нь тулгамдсан асуудал юм. Ихэнх хувийн сургуулиудад сурагчид хоёрдугаар ангиасаа англи хэлийг үзэж эхэлж байгаа. Тэгвэл тэд яагаад англи хэлийг амжилттай сураад байна вэ?

Нэгдүгээрт, төрийн өмчийн болон  хувийн сургуулийн багш нарын ур чадварын түвшин ялгаатай байна. Хувийн сургуулиуд илүү өндөр цалин, урамшуулал амлан илүү сайн багш нарыг нь сургуульдаа ажиллуулж байна. Энэ бол нуух юмгүй үнэн.

Хоёрдугаарт, хувийн дунд сургуулиуд дурын хүүхдийг сургуульдаа авдаггүй болчихсон. Хүүхдээс нь шалгалт авч, хандлага төлөвшлийг нь ажиглаж, аав, ээжтэй нь ярилцаж үзэж байж сонгож байна. Тэд аутизмтай, даунтай, анхаарлын дутмагшилтай хүүхдийг авдаггүй.

Гуравдугаарт, хувийн сургуульд нэг ангид байх сурагчдын тоо цөөн, сурагчид илүү олон цагаар хичээллэдэг. Төрийн өмчийн сургуульд нэг анги 40-50 хүүхэдтэй хичээллэж, 12.30-д тарж байхад хувийн сургуулиудад сурагчид нь нэг ээлжээр  15.00-16.00 цаг хүртэл хичээллэнэ. Мөн хувийн сургуулиуд агуулгын хоцрогдолд орохоор байгаа сурагчдаа хичээлийн дараа авч үлдээд давтлага өгнө. Төрийн өмчийн дунд сургуулиудад ийм боломж байгаа юу? Хэн хоцрогдлыг нь нөхөж байна вэ?

Тэгэхээр хувийн дунд сургуулиудыг төрийн өмчийн дунд сургуулиуд шууд дуурайж болохгүй юм. Тэнд хэрэгжиж болж байгаа хөтөлбөр төрийн өмчийн сургуулиудад амжилттай хэрэгжинэ гэсэн үг биш. Хувийн сургуулийн нөхцөлийг төрийн өмчийн дунд сургууль хангаагүй байхад адил хөтөлбөрийг шууд нэвтрүүлбэл одоогийн байдлыг улам л муутгана.         

Хүүхдүүд маань англи хэлийг эрт үзэж эхэллээ гээд англи хэл нь автоматаар сайжрахгүй. Одоо хүүхдүүд ЕБС-д нийт долоон жил, их сургуульд дор хаяж нэг жил англи хэл үздэг. Тэгсэн атлаа сайн сурахгүй байгаа нь багшийн заах аргазүй, сурагчдын сурах чадвартай холбоотой. Хэдэн жил үзэх нь чухал биш. Харин тэдний сурах чадвар ямар вэ? гэдэг нь илүү чухал. Тэгэхээр бид буцаад л бага ангийн монгол хэл, математикийн хичээлийн сургалтын чанар ямар байгаа вэ? гэдэг рүү ирнэ. Сууриа сайн тавихгүйгээр өндөр байшин барьж болохгүй биз дээ.                                                 

-Хүүхдүүдийн агуулгын хоцрогдол цар тахлаас улбаатай юу?
-Үгүй. Социализмын үед ч байсан, түүнээс хойш ч байгаа үзэгдэл. ЭЕШ-ын дүнгээс харахад сурагчдын маань агуулга эзэмшилтийн хувь жил ирэх тусам улам л муудаад байгаа. Мөн байгалийн ухааны хичээлүүдээр/физик, хими, биологи/ шалгалт өгч буй сурагчдын тоо нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр шалгалт өгч буй сурагчдын тооноос 3 дахин цөөн байна. Энэ нь бид байгалийн ухааныг хүүхдүүддээ зааж чадахгүй, сурагчид маань эдгээр агуулгыг эзэмших чадваргүй байгааг харуулж байгаа юм.  Бага ангид эх хэлний болоод математикийн сургалтын чанар алдагдсан байхад сурагчид дунд ангид байгалийн ухааны болоод бусад бүх хичээлийг ойлгох, эзэмших чадвар муудна.  Бид орчин үеийн хүүхэд байгалийн ухааны хичээлээ сонирхохоо больчихжээ гэж боддог. Тийм биш. Тэд байгалийн ухааны хичээлийг ойлгох чадваргүй болоод байгаа юм.

ХҮҮХЭД ЭРТ АНГЛИ ХЭЛ ҮЗЛЭЭ ГЭЭД АНГЛИ ХЭЛ НЬ  САЙЖРАХГҮЙ

-Хүүхдүүд бага наснаасаа англи хэл сурч эхэлснээр эх хэлээ хоёрдугаарт тавих, монгол хэлээ сайн сурах хүсэлгүй болох, цаашлаад өв соёлдоо анхаарахгүй байх эрсдэлтэй юу?
-Үнэхээр тийм эрсдэл бий. Хүүхдүүд маань мэдээллийг хүн төрөлхтний түгээмэл хэл дээр авбал өөрт нь амар. Хамгийн сүүлийн үеийн, чанартай  контентууд англи хэл дээр байгаа тул хүүхдүүд youtube үзэж байна. Англи, Америк, Канад, Австрали, Сингапур, Шинэ Зеланд гээд өндөр хөгжсөн олон орон англи хэл дээр ном, сонин, мэдээ, мэдээллээ гаргаж байгаа. Ийм нөхцөлд хүүхдүүд маань тэдний соёлыг шүтэж, тэдний хэлээр мэдээллийг авах сонирхол нь маш хүчтэй байна. Тэгэхээр тэд эх хэлээ үнэ цэнтэй гэж бодохгүй байх, эх хэлээрээ мэдээлэл авахгүй байх, эх хэлээ дутуу эзэмших эрсдэл тун өндөр.

 

Эх хэлээ үнэ цэнтэй гэж бодохгүй байх, эх хэлээрээ мэдээлэл авахгүй байх, эх хэлээ дутуу эзэмших эрсдэл тун өндөр.

Дэлхийн улс орнууд одоо “Бүтэн хүүхэд” хэмээх боловсролын загварыг ярих болсон. Энэ загвараар хүүхдийг академик мэдлэг өндөртэй, бие бялдраа өв тэгш хөгжүүлсэн, сэтгэцийн эрүүл мэнд нь сайн, харилцааны зөв хандлага төлөвшилтэй байхыг чухал гэж үзэхээс гадна  “үндэсний ялгамжтай байх”  гэсэн хүчин зүйлийг бас их чухал гэж үзсэн байдаг. Хүүхдүүд маань монгол өв соёлоо эх хэлээрээ л дамжуулан эзэмшинэ. Эх хэл бол бидний соёл, сэтгэлгээ, түүх юм.  Эх хэлээ устгавал бид ялгамжтай байдлаа устгах эрсдэлтэй.

Хүүхэд нь англи, монгол хэлээр ярьж чадаж байгаагаар бахархдаг эцэг эх олон байдаг. Гэхдээ тэдний хүүхэд монгол хэлтэй юу? Монгол хэл дээр шүлэг, тууж, роман бичиж чадах уу? Ярьдаг болох нь хэлний хамгийн доод түвшний чадвар шүү дээ. Бичгийн хэл л дээд түвшний чадвар.

Бид гадаад хэлээр мэдээлэл аваад эхлэхээр өөрийнхөө хэлээр сэтгэж, бүтээл туурвиж чадахаа больж байна. Одоо монгол хэл дээр нэг жилд утга зохиолын хэдэн номыг шинээр бичиж, хэвлүүлж байна вэ? Эх хэл дээр маань агуулга байхгүй бол хүүхдүүд монгол хэлээ яаж сурах вэ?  Манай утга зохиолын ихэнх бүтээл 20-р зуунд бичигдсэн. Гэтэл одоо цаг үе өөрчлөгдчихөөд байна. Үзэл сурталжсан, социализмын үеийн агуулгыг одоо уншуулж болохгүй байна. Тэгэхээр шинэ цагийн хүүхдүүдэд тохирох, тэдний сонирхлыг татахаар шинэ номуудыг хэн бичиж байна вэ?  Монгол хэл, уран зохиолын багш нарт маань сурагчдад монгол хэлээ заах нь улам л хүнд болж байна.  Учир нь эх хэл дээрээ бичигдсэн бүтээлүүд багадаад байна. Англи хэл шүтээд байгаа хүүхдүүд монгол хэлээрээ утга зохиолын бүтээл бичиж чадах уу?

-Л.Энх-Амгалан сайд англи хэлний багш дутагдалтай учир хүүхдүүд гуравдугаар ангиас англи хэл үзнэ гэжээ.
-Багш нар дутагдалтай байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, төрөлт ихэссэн. Хоёрдугаарт бид багшийг үнэ цэнтэй мэргэжил гэж үзэхгүй байна. Багш бол тааруу мэргэжил, цалин багатай, нэр хүндгүй, хэрэггүй ажил гэж нийгэм даяар үзэх боллоо. Үүний уршгаар багшлах хүн цөөрсөн.   Гуравдугаарт, манай багш нарт ажлаас халшрах хам шинж түгээмэл байна. Энэ хам шинжид эмч, багш хамгийн ихээр өртөж байна. Энэ нь төрийн олон жилийн муу менежменттэй холбоотой.         

Боловсролын салбарыг ямар аргаар удирдаж буй менежмент нь тодорхойгүй байна. Дарга нар тооцоо судалгаа муутай, дэндүү олон зүйлийг сэдэж санаачилдаг. Тэгээд сэдсэн зүйлсийнхээ эцсийн үр дүнг үзэлгүй орхидог. Тэгээд л дахиад л олон зүйлийг сэдэж санаачилдаг. Энэ нь багш нарыг ажлаас нь халшруулах гол хүчин  зүйл болж байна. 12-р анги төгсөж буй сурагчид багшийн мэргэжлийг сонгохгүй байгаа үндсэн шалтгаан нь цалин биш, харин дээрх хам шинж юм. Ажлаасаа халширсан багшийгаа харсан сурагчид юу гэж багш болъё гэж бодох вэ дээ.

 

Багш нарт ажлаас халшрах хам шинж түгээмэл байна. Энэ хам шинжид эмч, багш хамгийн ихээр өртөж байна.

Боловсрол үйлчилгээний салбар тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгт өндөр шаардлага тавьдаг болжээ. Эцэг эхийн хэт өндөр шаардлага багшид бас дарамт болж байна. Бид нийгмээрээ зан чанарын төлөвшил муутай улс болчихсон. Тэгэхээр монгол ээж, аавын гараар хүмүүжсэн, зан чанарын төлөвшил муутай хүүхдүүд сургууль, цэцэрлэгт ороод багшийн ажлын ачааллыг бас хүндрүүлж байна. Япон эсвэл хятад хүүхдийг сургасан бол тэдэнд илүү амар байсан байх. Боловсролгүй ээж, аавуудын зөв төлөвшүүлээгүй, цэцэрлэгт  явуулаагүй, гэрт нь ном уншиж өгч байгаагүй, хүмүүжилгүй хүүхдүүдийг сургах нь бага ангийн багшид маш хэцүү байгаа. Бас үүн дээр нэмээд даалгавраа огт хийж ирдэггүй хүүхдүүдийг багш яах вэ? Нэг ангид хүмүүжилгүй олон хүүхэд ороод ирэхээр багш тэднийг яаж сургах вэ? Энэ нь их том асуудал болсон.

-Ээж аавуудын үүрэг их өндөр юм байна. Гэтэл зарим нь сургууль руу л хамаг бурууг оноож дайрдаг.
-Хүүхэд гэлтгүй бид нийтээрээ харилцааны ур чадвар муутай, сэтгэл хөдлөлөө барьж мэддэггүй, өндөр дуугаар, захирангуй, тушаасан өнгө аясаар, маргаан зөрчилдөөн үүсгэх маягтай харилцдаг болчихжээ. Бид нийгмээрээ ийм байхаар багш хүн ч гэсэн бас л ийм байна биз дээ. Багш л гэж нэрлэж байгаа болохоос тэд ч гэсэн нийгмийн маань нэг эд эс шүү дээ. Бүгдээрээ багш хүн байж ийм байна гэж тэднийг шууд буруутгахаас илүү энэ байдлаа яаж засах вэ? гэж хамтдаа бодох нь зөв байх.

Хүүхэд хамгааллаас гадна багш хамгаалал яасан бэ? Багш нар ажлын байрандаа бухимдаж байгаа тул бухимдлаа зөв илэрхийлэхэд нь бид тусалж, чиглүүлэн, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ёстой. Бид багшдаа харилцааны ур чадвар эзэмшүүлсэн үү?  Бас бид тэднийг бухимдахгүйгээр ажлаа хийх нөхцөлөөр хангаж чадаж байгаа юу?

Бид хэзээ нэг ээлжээр хичээллэдэг болох вэ? Хятадын олон хотод хүүхэд өдрийн найман цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг боллоо. Тэд ээж аав нь ажлаасаа тарахад нь хамт харьж байна. Гэтэл манай хүүхдүүд өдөр 12.30-н үед хичээлээсээ тарж байна. Гэртээ ирэхэд нь ээж аав нь байхгүй. Тэд ээж, аавыгаа ажлаасаа иртэл нь утсаа оролдох, компьютер тоглох, зурагт үзэх гэх мэтээр цагаа үр ашиггүй өнгөрөөж, буруу хэвшил, зуршилд суралцаж байна. Энэ хоёр улс хөдөлмөрийн нэг зах зээл дээр өрсөлдөхөд хэнийх нь боловсон хүчин илүү чадвартай байх вэ? Маргаашаа харж өнөөдрийн шийдвэрийг гаргах ёстой юм. Өнөөдрөөрөө буюу бидний нөхцөл байдал л ийм шүү дээ гээд л санхүүгийн байдалдаа уягдаад байвал асуудал улам хүндэрнэ.      

-Англи хэл заах арга зүйн тухайд та юу хэлэх вэ?
-Гурван үндсэн арга бий. Эхнийх нь англи хэл бол гадаад хэл гэсэн арга юм. Манай төрийн өмчийн сургуулиуд энэ аргачлалаар гадаад хэлийг сурагчдад зааж байна. Энэ аргаар хичээллэхэд сурагчид англи хэлнээс бусад хичээлийг монгол хэлээрээ судалдаг. Англи хэл хоёр дахь хэл гэсэн арга бас бий.  Энэ нь англи хэлээр мэдээлэл авах, дунд сургуульд судлах хичээлүүдээ англи сурах бичгээр судлах явдал юм. Гурав дахь нь англи хэлийг эх хэл гэсэн аргачлалаар зааж болно. Энэ аргаар англи хэлийг эзэмшүүлэхэд сурагчдад англи хэлийг заахгүй, харин англи хэл дээр уншиж ойлгох, илэрхийлж бичих, сэтгэж бодохыг заах юм.

-Боловсролын багц хуульд хувийн сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг байршлаас хамааран олгохоор заажээ. Харин Бүх нийт боловсролын төлөө эвсэл үүнийг эсэргүүцдэг. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн сургууль, цэцэрлэгүүдэд олгох нь буруу гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Тэр сурагч төрийн өмчийн сургуульд сурсан бол төр тэр зардлыг гаргах л байсан. Энэ утгаар нь төр хувийн дунд сургуульд зардлыг нь шилжүүлэн олгож буй юм. Нөгөө талаас эцэг эх нь татвараа төлчихсөн. Шилжүүлж байгаа зардал бол тэдний төлсөн татварын л мөнгө шүү дээ.

Ер нь боловсрол бол хөрөнгө оруулалт их шаарддаг, ашгийн бус салбар. Хэрвээ ашиг олдог бол маш цөөхөн хувийн сургууль л ашиг олж байгаа байх. Ашиг олдог хэдхэн сургуулиар нийт хувийн сургуулиудыг харж болохгүй.       

 

Боловсрол бол хөрөнгө оруулалт их шаарддаг, ашгийн бус салбар.

Төрийн болон хувийн дунд сургуулийн төгсөгчдийн чанарын хувьд их зөрүүтэй байдал бий болж байгаа юу гэвэл тийм. Хувийн дунд сургуулиуд илүү олон цагаар хичээллэдэг талаар би дээр дурдсан.  Мөн тэд төрийн өмчийн сургуулиудаас өөр хөтөлбөрөөр хичээллэж байна. Хувийн дунд сургуулийн төгсөгчид гадаадын их, дээд сургуульд илүү их сурч байна. Дотоодын хөдөлмөрийн зах зээлд хувийн сургуульд сурсан сурагчид илүү хүчтэй өрсөлдөгч болж байгаа нь үнэн. Гэхдээ энэ байдлыг би хувийн сургуулиудын буруу гэж хэлэхгүй. Хүүхдэдээ боловсрол хэрэгтэй гэж үзэж боловсролд нь орлогоосоо зарцуулж байгаа эцэг эхийг ч буруутгаж болохгүй. Энэ нь төрийн өмчийн сургуулиудын хөтөлбөр, менежмент нь тааруу байгаатай холбоотой.

Манай төр засаг олон жил дорвитой арга хэмжээ авахгүй байсаар төрийн өмчийн сургуулиудыг ийм байдалд оруулсан. Харин хувийн сургуулиуд төр засгаа хүлээлгүй гарц шийдлүүдийг өөрсдөө хайж, туршилт оролдлогуудыг хийж, энэ салбарт шинэ уур амьсгал, инновац оруулж ирж байна.  Хувийн сургуулиудыг хаах замаар зөрүүтэй байдлыг арилгана гэдэг мунхаглал. Түүний оронд төрийн сургуулиудынхаа сургалтын чанарыг яаж сайжруулах вэ гэдэгт бид анхаарал хандуулах шаардлагатай. Төр муу ажиллаж байгаа учраас тэд нийт иргэдээ, тэр дундаа төлбөр төлөх чадваргүй иргэдээ хохироож байна.

               БИ БАГШ БОЛСОН ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАДАГ, БАРЬЖ АВААД ҮНСМЭЭР САНАГДДАГ

-УИХ-ын гишүүн Н.Учрал Кэмбрижийн хөтөлбөртэй, улсын сургуулийг нэмэх ёстой гэж үздэг. Харин иргэний нийгмийн байгууллагууд энэ саналыг нь хүчтэй шүүмжилсэн. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Кэмбрижийн хөтөлбөртэй, төрийн сургуулийг аль болох нэмэх нь зөв. БШУЯ энэ хөтөлбөрийг бүтнээр нь авалгүй, математик, физик гэх мэтээр салгаж авах саналыг Кембрижид тавьсан юм билээ. Кембрижийн хөтөлбөр бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, ОУ-ын 3 том хөтөлбөрийн нэг. Мөн Их Британийн Pearson компанийн EdExcel  хэмээх олон улсын хөтөлбөр бий. Гурав дахь нь Швейцараас гаралтай IB гэж хөтөлбөр байгаа.           

 

МУИС 80 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. МУИС-д боловсролын үнэлгээг яаж хийх арга, аргачлал одоо хүртэл алга.

Ер нь дэлхий нээлттэй хамтын ажиллагаа руу явж байна. Мөнгөө л төлбөл бид дунд сургуулийн сургалтдаа дэлхийн ямар ч хөтөлбөрийг авч болно. Манай хувийн дунд сургуулиуд яагаад Кембрижийн хөтөлбөрийг түлхүү сонгодог вэ гэхээр энэ хөтөлбөр бол дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг Кембрижийн их сургуулийн боловсруулсан хөтөлбөр юм. Тэд их сургуульд ямар чадвартай хүн сайн сурдаг вэ гэдгийг мэднэ. Мөн тэд 800 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд боловсролын үнэлгээг хийж ирсэн 150 жилийн түүхтэй. Манай МУИС 80 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. МУИС-д боловсролын үнэлгээг яаж хийх арга, аргачлал одоо хүртэл алга.

-ЭЕШ-д хамгийн доогуур оноо авсан төгсөгчид багш болж байгаа нь үнэн үү?
-Үнэн. Ийм болоод удаж байна. Тэдгээр оюутан дунд  сургуульдаа тааруу сурсан тул их сургуулиас сайн мэргэжилтэн болж төгсөх нь ч эргэлзээтэй. Гэсэн ч би багш болсон хүмүүст маш их баярладаг, барьж аваад үнсмээр санагддаг.  Учир нь багш болох хүсэлтэй хүн байхгүй болчихлоо.    

-Удахгүй ЭЕШ эхэлнэ. ЭЕШ төгсөгчдийг зөв үнэлж чаддаг уу?
-Их сургуулийн багш нар их сургуульд сурах чадваргүй сурагчид сургуульд нь элсэж ороод байна гэж гомдоллодог. Энэ нь Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ыг уралдаант шалгаруулалтын хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбоотой.  ЭЕШ-ийн даалгавар шалгалт өгч буй хүүхдүүдийг хооронд нь л уралдуулж байгаа болохоос биш чи ийм түвшний чадварыг эзэмшиж байж их сургуульд амжилттай суралцана гэсэн шалгуур, хэмжүүрийг гаргаж чадахгүй байна. Ийм нөхцөлд уралдаант шалгалтад түрүүлсэн сурагч их, дээд сургуульд сурах чадваргүй байж болно. Сурагчид нийтээрээ чадваргүй байвал эхний 30 байрт орсон сурагчид ч чадваргүй байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр оноо авч, эхний 30-д орлоо гээд их сургуульд сурах чадвартай гэсэн үг биш.

Боловсролын үнэлгээний төв шалгалтын даалгаврыг тест хэлбэртэй байхаар боловсруулдаг. Тестээр сурагч даалгаврыг ямар аргаар гүйцэтгэснийг мэдэх боломжгүй.   Кембрижийн үнэлгээ сурагчдын чадварыг тестээр шалгадаггүй, хийснээр нь буюу гүйцэтгэлээр нь шалгадаг. Сурагчид юу сурснаа бичиж, үйлдэж шалгуулдаг.  Үнэлгээний энэ арга, аргачлалаар сурагчдад 21-р зууны ур чадваруудыг эзэмшүүлэх боломжтой. Харин тестийн аргаар бол хэцүү.

Манай ЕБС-ийн сургалтын хөтөлбөр чадвар эзэмшүүлэх зорилготой болсон. Гэтэл БҮТ-ийн шалгалт нь энэ зорилгоос зөрөөд байна. Хөтөлбөр, үнэлгээ хоёр зөрөөд байхаар багш яаж сурагчдадаа чадварыг эзэмшүүлэх юм бэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.  

Эх сурвалж:gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ