Чөлөөт бөхийн U23 насны анхны улсын аваргууд тодорлоо

 Чөлөөт бөхийн U23 насны анхны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Анхдугаар тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

 

Жин тус бүрт аваргалсан тамирчид зургаадугаар сарын 10-18-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох U23 насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 23-29-нд Финландын Тамперед болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

 

Эрэгтэйчүүдийн багийг гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай '"Алдар" спорт хороо 164 оноогоор тэргүүлж, спортын мастер Ё.Батдархан, Цогтгэрэл дасгалжуулагчтай "Дархан-Хасу FOHOW MNU03" баг 146 оноогоор, ОУХМ Ц.Оюунболд дасгалжуулагчтай Спортын төв сургууль 129 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

 

Эмэгтэй багийн хувьд гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 170, ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" спорт клуб 125, спортын мастер Э.Батмөнх дасгалжуулагчтай Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуудь 122 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ