Б.Пунсалмаа: Хамтын үйлдвэрлэлийн ЦОО ШИНЭ ЗАГВАР гаргаж ирэхээр ажиллаж байна
MONGOL MADE төслийн үүсгэн байгуулагч
М-ОЙЛ-ын Пунсаа гэгдэж бизнесийн салбартаа танигдсан энэ эмэгтэй гэнэтхэн л сонгуульд өрсөлдөж Сонгинохайрханд нэр дэвшсэн нь содон, соньхон үйл явдал болж байлаа. Сонгиныхон “Энэ эмэгтэй юу хийж чадах вэ” гэхээсээ илүү түүний алхаа гишгээ, өмссөн зүүсэн, үг ярианд нь анхаарлаа хандуулсан нь үнэн түүх. Хотын төвийн хөрөнгөтэй мөнгөтэй, гоё эмэгтэйд итгэх нь хүмүүст амархан байгаагүй байх. Сонгины сонгуулийг тэр авч чадаагүй ч, өнгө нь болж байсан нь бас нэгэн гоё түүх. Сэтгүүлчдийн хараанд нэг өртчихвөл “ярилцлагын хорхойтой араанд зуугддаг” нь улс төрч хүний замнал. Ажил ихтэй, ам чангатай Б.Пунсалмаа сонгуулийн паянгаа нэг ч удаа дэлгэсэнгүй харин MONGOL MADE-ээр овоглон дахин ил гарч ирлээ. “Тоочиклосон” хүмүүс нь ажигласаар л....
Асуулт асуух дөгөөг ажил хийж яваа хүмүүс өөрсдөө амархан гаргачихдаг хойно доо. Б.Пунсалмаа Шарк болжээ. Сошиалаар нэг сонин хачин. Түүн рүү утас цохилоо. “Мхн хэвлэлээс үү, одоо тэгэх ч болов уу гэж бодсон юмаа” гэв. “Та одоо бодох биш ярих хэрэгтэй байна. Ярихгүй бол таны тухай хачиртай түүхүүдээр хэчнээн өдөр ч бид зугаацаж чадна. Энэ танд таатай байхгүй л болов уу” гэж бэлдсэн аргаа хэрэглэн зөвшөөрүүлж санаагаа амрааж авав.
-Яриагаа тойруулахгүй шууд л эхэлье. Таныг Шарк Танк-д ороход маш олон хүн сонгуулийн PR-аа эхэллээ гэж харж байна. Дахиад нэр дэвших бэлтгэл ажил тань мөн үү?
-Баярлалаа би хариулахад бэлэн байна. (инээв) Тийм бодол алга. Улс төрийг заавал төрийн ордонд сууж эсвэл Их хурлын гишүүн болж хийдэг гэж бодохгүй байна. Би хийж буй ажил, хэлж буй үгээрээ одоо ч улс төр хийж байна. Харин миний хүсэл мөрөөдөл юу вэ гэж ярья. Миний хувьд зөвхөн өмнөх ажлуудаа сайн хийгээд, өөрийнхөө асуудлыг шийдсээр энэ насаа дуусгана гэвэл дэндүү амиа бодсон арчаагүй хэрэг болно. Энэ хорвоод хүн болж төрж, энэ улсын иргэн болж амьдарч байгаагийн хувьд амьдарч буй цаг үедээ, нийгэмдээ ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсдэг бас зорьдог. Энэ системийн гажуудал, дутагдлыг өөрчлөх ёстой, тэр өөрчлөлтөд нь би оролцох ёстой гэж өөрийгөө боддог.
-Сонгуульд өрсөлдөөд нэлээд баалуулж, нэр хоч зүүлээ. Гэтэл дахиад л Шарк Танк-д орж олны анхааралд өртлөө. Та тийм гэнэн хүн юм уу эсвэл баргийн юмыг тоодоггүй юмуу. Гэхдээ эмэгтэй хүн дотроо эмзэглэл тээхгүйгээр үлдэж чаддаг гэж үү...?
-Та намайг эрэгтэй хүн шиг гэх гээд байна уу (инээв). Хүн гэдэг чинь зүрх сэтгэлтэй амьтан биз дээ. Бусдын л адил эмзэглэдэг зүрх сэтгэлтэй, зовинодог, гайхдаг, гомддог хүн шүү дээ.
-Ийм дайралтууд ирнэ гэж мэдээгүй юм уу?
-Энэ өвөл 12 дугаар сард Mongol HD-гээс над руу яриад “Шарк Танк”-д орооч гэсэн санал тавьсан. Дэлхийн нэр хүндтэй контент болохоор нь баярласан бас гайхсан. Яагаад намайг оруулах болсон юм бэ гэж асуусан. Утсаар ярьсан охин “Mongol Made” төслийн санаачлагч болохоор нь таныг сонгосон гэдэг хариулт нь надад таалагдаад зөвшөөрсөн л дөө. “Mongol Made” бол монгол хүний оюун ухаан, гараар бүтсэн монгол брэнд. “Mongol Made” хүнс, ноос ноолуур, арьс арчилгааны бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийгээд овоо болчихлоо. Одоо бусад салбар луу оръё гэсэн бодол тээгээд явж байсан үед л таарч ирсэн санал. Миний хувьд үйлдвэрлэгч нар нэлээд орж ирнэ гэдэг хүлээлттэй оролцохоор болсон. Намайг “За” гэж хэлэхэд нэвтрүүлэг хоёр хоногийн дараа эхэлнэ шүү л гэсэн. Нэвтрүүлэг цацагдаад маргааш өглөө нь гэхэд сошиалаар бичигдэж эхэлсэн. Мэдээж хэн ч эцэг эхийнхээ нэрний өмнө янз бүрийн нэр бичүүлэх дуртай байхгүй шүү дээ.
-Өөрийнхөө тухай таагүй мэдээллүүдийг уншаад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Илүү боломж хүртдэг гэдэг үгийг бол би дэмжихгүй. Ээж аавынхаа гэр орныг барьцаанд тавиад л нөхөртэйгөө хамт энэ бизнесийг эхэлсэн. Өдий хүртэл мөнчгөөрөөрөө ажиллаж ирлээ. Монголд бизнес эрхэлж байгаа хүн болгоны л үзэж туулдаг бэрхшээлийг туулсаар ирсэн. Манайд хэдэн банк байгаа билээ, тэдний дүрмээр зээлээ аваад хүүгээ төлөөд, манай улсын татвар ямар билээ татвараа төлөөд л явж байгаа ажил хэрэгч хүн би. Зарим хүмүүс намайг сонгуульд орох бэлтгэл ажлаа эхэллээ гэж харж байх шиг байна. Би тийм сүрхий улс төрч хүн ч биш. Би өөрийгөө нийгмийн зүтгэлтэн гэж хардаг. Загас усандаа жаргалтай байдаг шиг би бизнестээ жаргалтай байдаг. Шарк Танк чинь тэгээд ч бизнесийн нэвтрүүлэг шүү дээ.
- Шарк Танк-аас хүлээсэн үйлдвэрлэгч нараа олсон уу, хэдэн төсөл дэмжсэн бэ?
-Компаниуд их ч сайжирсан байна, их ч технологижсон байгааг харж баярлалаа. Нэлээд олон технологийн компаниуд орж ирсэн. Дэлхийн хөгжлөө дагаад манай залуучууд маш зөвийг олж харж байна. Энэ маш зөв үзэгдэл. Үүлэн технологид хил гаалийн асуудал, тээвэрлэлт, хориг саад гэж үгүй. Харин би үйлдвэрлэгч хүн учраас үйлдвэрлэгч нараа дэмжихийг хичээсэн. Нийтдээ 7,8 төсөлтэй хамтарч ажиллахаар боллоо. Тэр дундаас хонины ноосоор агаар цэвэршүүлэгч хийдэг төсөлд ихээхэн найдлага тавьж байгаа.
-Та болон танай компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй гэсэн үг үү?
-Хөгжлийн банкнаас ч, олон улсын сангуудаас ч зээл аваад идэж уучихсан юм алга л байна. (инээв)
-Нэгэнт улс төр ярьснаараа ярья. Мөнгөтэй хүн улс төрд хүссэн үедээ ордог болсон цаг. Таныг энэ замналаар л явж байна гэж харж байгаа байх. Гэхдээ таны дотор ямар чин хүсэл мөрөөдөл нуугдаж байна вэ гэж асуувал оройтоогүй байх...?
-Би гоё орны иргэн байх дуртай. Үүнийг ойлгож ядах юмгүй. Над шиг хүсэлтэй түмэн мянган хүн байгаа. Онцлогдоод байгаа учир нь би эмэгтэй хүн хэрнээ зоригтой гэх юм уу даа. Монголчууд ийм хүнийг цөс ихтэй гэдэг дээ. Сайхан, хүчирхэг улсын иргэн байх юмсан гэж боддог өөрөө ч гэсэн тийм байхыг хичээдэг.
Нэгэнт л энэ газар шороон дээр төрж өссөнийх хувиа бодож, довоо шарлуулж амьдармааргүй байна. Системийн өөрчлөлт буюу хөрсөө бүгдээрээ сайхан сийрүүлчихвэл ургамал өөрөө ургаад ирнэ шүү дээ.
-Та компанийхаа системийг зөв зурсан учраас амжилттай явж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Ганц, хоёр хүн зөв зураад зөв явуулчихаж болох жижиг бүтэц шүү дээ компани. Зургаа бүрэн гүйцэт, зөв зураад уялдаа холбоо бүрийг нь сайтар хангах ёстой. Системд сул юм уу хоосон орон зай үүсгэхгүйгээр. Тийм орон зай үүсвэл ажил хийж буй хүнд эргэлзээ тээнэгэлзээ үүсэж буруу, зөв шийдвэр гаргах нөхцөл байдал үүснэ. Харин нийгмийг өөрчлөхийн тулд олуулаа баг болж бодлогоор явах ёстой.
-Сонгуульд энэ өөрчлөх гэсэн мөрөөдлөөрөө ороод алдаа гаргачихлаа даа гэж бодогдсон уу? Улс төрийн өрсөлдөөнийг их гэнэн сайхнаар төсөөлчихсөн юм биш биз....
-Магадгүй. Улс төрч хүн олон жил бэлтгэгддэг. Надад тийм туршлага дутна. Сонгуульд гаргасан алдаа гэвэл цэвэр усны асуудлыг хөндөж тавьсан нь огцом шийдэл болсон байх. Хийж хэрэгжүүлэхэд хэцүү, дараа нь хариуцлагаас амархан мултарчихмаар ядуурлыг төдөн хувиар бууруулна, амьжиргааг сайжруулна гэх мэт хоосон амлалт ярихыг хүсээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр шийдэж болохуйц дэд бүтцийн асуудлыг хөндөн тавьснаараа би буруудсан ч поп амлалт байгаагүй учраас хүмүүст хүрсэн гэж боддог. Хэн хэлсэндээ биш тэр дүүрэгт цэвэр усны асуудал шийдэгдээгүй байгааг хүмүүс миний нэрийг хэлээд ч болов одоогоор төр засагт сануулсаар байгаад харин ч баяртай байна. Улсын төсвийг зөв зарцуулж, цэвэр усны шугамыг нь ойртуулж айлууд руу крант оруулах тухай л ярьсан. Бүтэн хэлсэн агуулгыг тасдаж аваад энд тэнд нь оруулчихаар утгагүй л юм болдог юм билээ.
- Хэрвээ та сонгогдсон бол энэ ярьж байгаа зүйлсээсээ өөрчлөлцөж чадах байсан уу?
-Би бие даагч биш Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн дагуу нэр дэвшсэн. Намын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын цэвэр усны хүрэлцээ хангамжийг сайжруулах гэх зэрэг нэлээд заалтууд бий л дээ. Түүн дотроос миний өрсөлдөж буй тойрогт тулгамдаж буй суурь асуудлуудын нэг нь яах аргагүй цэвэр усны асуудал байсан. Одоо ч байгаа. Цэвэр усны хүрэлцээ, хангамжийг сайжруулна гээд уншихад хэдийгээр ганцхан өгүүлбэр ч асар том дэд бүтцийн ажил шүү дээ. Би бизнес хүн. Бид хийж чадна гэсэн ажлаа л барьж авдаг. Олон хүнд таалагдах гэж олон зүйл амлаж гарч ирдэг жишгийг буруу гэж боддог. Цэвэр усны хүрэлцээ хангамжийн асуудал бол хүүхдийн сурч боловсрох эрх, айл гэрийн ая тухтай амьдрах, ахуй нөхцлөө сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах суурь хэрэгцээнүүдийг хангах шийдлүүдийн нэг.
-Уучлаарай хүмүүс таныг сонгогдоогүй болохоороо амласнаа хийгээгүй гэж одоо ч буруутгасаар л байна...?
-Энэ бол төрийн хийх ажил гэдгийг бүгд мэднэ. Намын мөрийн хөтөлбөрт орж, нэр дэвшигч нь төрд ажиллаж, бодлогод суулгаж байж хэрэгждэг ажил. Наанаа дэд бүтцийн ажил гэж харагдаж байгаа ч цаанаа төсвийг зөв захиран зарцуулж бүтээн байгуулалтад оруулах бодлогын ажил. Дэлхийн ертөнцийн технологийн үсрэнгүй хөгжлийг хар. Гэтэл балчир хүүхдүүд, эмэгтэйчүүд хар хүйтэнд хөлдүү замаар 40 литр ус түрээд явж байгааг хар. Бодит байдал ийм байхад бид боловсролын, хөгжлийн, соёлын тухай гоё гоё юм яриад яах юм. Хэрвээ ард түмнээс гарсан засаг төр гэж байдаг л юм бол хүмүүсийнхээ төлөө ажиллаж асуудлуудыг нь шийдэж өгөх ёстой.
-Тэр сэдвийг барьж авах, ярих шалтгаан нь юу байсан юм бэ?
-Би татвар төлөгч. Бид өөрийнхөө урдах ажлыг хамгийн сайнаараа хийгээд 20 гаруй жил улс эх орноо сайхан болоосой гээд татвараа шударгаар төлж ирсэн. Гэхдээ бидний төлсөн татварыг, бидний хөдөлмөрлөж олсон мөнгийг тэнд хэдэн хүн суучихаад үрэн таран хийж байгааг харах таатай байх уу. Толгой өөд татах завгүй 20 жил хөдөлмөрлөөд компаниа овоо болгочихлоо гээд нийгэм рүүгээ харахад юу ч өөрчлөгдөөгүй бүр доройтсон юм шиг санагдсан. Энэ хугацаанд их ч татвар төлсөн. Ганцхан манайх ч биш олон олон компанийн төлж буй татвар хаачив гэдэг асуулт байсан. Ингээд л тэр төсвийн зарцуулалтыг хэрэгтэй дэд бүтцэд оруулж өөрийн чаддаг мэддэг зүйлээ хийе л гэж сонгуульд орсон.
-Та инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц хийж чаднаа гээд л амлалт өгчихсөн. Хүмүүс эргүүлээд асуудаг “Та 5 км зам тавьж үзсэн юм уу?” гээд....
-Манай компани евро-5 стандартын шатахууныг анх оруулж ирсэн. Манай оффист Солонгосын нэгэн компанийн төлөөгчид ирээд евро-5-ыг оруулж ирэх талаар уулзалтууд болсон. Бидэнд энэ стандартын талаарх мэдлэг дутмаг байсан л даа. Төлөөлөгчид 1960-аад онд манай Сөүл яг танай Улаанбаатар шиг утаатай байсан. Хүхэр багатай шатахуун хэрэглэснээс хойш утаа багассан гэж хэлсэн. Тэгээд хэлэнгүүт чинь л нөгөө цөс ихтэй монгол хүн чинь зориглодог юм байгаа биз дээ. (инээв) Гэтэл евро-5 тонн тутамдаа 50 доллараар илүү үнэтэй болж таарсан. Тэгээд яахав нэгэнтээ галт тэрэг хөдөлчихсөн болохоор хойшид гарах өгөөжөө бодоод оруулж ирсэн. Харин хүнд техник, тоног төхөөрөмж хэрэглэдэг салбарынхан бүр хүлээж байсан юм шиг дуртай хүлээж авсан л даа. Шатахууны стандартыг ахиулсан гэдэг нь л өөрөө нийгэмд ирэх өгөөж нь. Ингээд байж байтал полимер битиумыг оруулж ирэх ажил ундарсан. Манай улс BND-90/130 стандартыг хэрэглэж байсан. Замын хар буюу полимер битиум бол замын чанарт ахиц гаргахуйц стандарт. Хамгийн эхний энэ материалыг хэрэглэсэн нь Нисэх-Яармагийн зам. 2013 онд тавигдсан зам, одоо болтол бүрэн бүтэн байгааг нь явах болгондоо харахад таатай байдаг. Манай улс өвөл нь хүйтэн, зун нь халуун учраас өмнөх битиум нь манайд тохирохгүй чанаргүйдээд байсан гэсэн үг. Манай компани нэлээд өндөр оролцоотой хийсэн буюу полимер битиумээр тавьсан зам гэвэл Бодончийн хавцал-Ховдын Манхан сумын хооронд тавьсан 204 км, Ховдын дарви-Алтай хотын хооронд 260 км бас Улаангом-Хяргасын хооронд 90 км зэрэг баруун аймгуудад тавьсан, одоо ч шинэ юм шиг нэлээд олон км зам бий. Манайх замын компаниудад ханган нийлүүлэлтээ хийдэг зарим замын явцад санхүүжилт нь гацах, удах гэх мэт асуудал үүсэхэд манайх эрсдлийг нь өөр дээрээ авч төслөө хугацаанд нь дуусгахад нь хамтарч ажилласаар ирлээ. Таны асууснаар бассан ч юм шиг ийм асуултыг хүмүүс асуусан харагддаг. Гэхдээ энэ нь бүх хүн тийм гэсэн үг биш.
Хүний өөрийнх нь ил гаргаж хэлээгүй хичээл зүтгэл, хөдөлмөрийг хүмүүс мэдэрдэг. Мэдэрч байгааг нь би бас мэдэрдэг. Энэ л надад хангалттай. Ер нь ажил хийж, үгээ хэлж байгаа хүн л алдаа ихтэй харагддаг шүү дээ. Амин хувиа хичээгээд айж нуугдаж суугаад байгаа хүнээс алдаа, өө сэв харагдахгүй.
-Хариуцлагын тухай ярьж байна л даа. Заавал хуулиар хариуцлагыг тогтоох ёстой юу. Улс төрчид жаахан ч гэсэн ёс суртахуунтай байж болохгүй юмуу. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гээд эрт дээрээсээ энийг чинь батлаад нотлоод хэлчихсэн үнэн үг байна шүү дээ. Өөрсдөө биеэ засаж чадаагүй хүн чинь яаж төр засалцаж чадах билээ. Ийм хүмүүс чинь энэ том системийг эвдэнэ. Төрийн албан хаагчдыг мерит системээр шударгаар шат ахиулан дэвшүүлэн ажиллуулах хэрэгтэй. Явцын дунд төлөвшиж туршлагажаад тэгшрээд ирснийх нь дараа хууль тогтоох дээд байгууллагад нь авчирмаар байна. Бэлтгэгдээгүй хүмүүс төрд орж ирээд байна уу л гэж хардаг.
-Та жишээ нь өөртөө болон багийнхаа гишүүнд ямар зарчмаар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Компани дээр хариуцлагын асуудал гарвал надтай л холбоотой гээд бодоод байдаг. Учир нь тэр багийг, тэр хүнийг би ахлаж байгаа. Аливаа алдаа эндэгдэл багийн ахлагчтай шууд холбоотой байдаг. Би юуг дутуу хийчив, яагаад ийм асуудал үүсэв, яагаад ийм орон зай гарав гээд нэлээд буурь суурьтай хандахыг хичээдэг. Дараачийн удаа тэр алдааг гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авдаг. Энэ л өөртөө болон хүмүүст хариуцлага тооцдог зарчим маань гэх юм уу. Хувь хүнийхээ хувьд хүнд дэмжлэг болж чаддаггүй юмаа гэхэд саад болохгүй байх нь л чухал гэж боддог доо. Хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгадаг ганцхан арга нь ердөө шударга ёс шүү дээ. Хүн дэргэдэх хүмүүсээс нь өөрт нь дутуу дундуур биш эрх тэгш хандсан гэдгийг мэдэхдээ тайвширч байдаг. Том зургаараа ч гэсэн шударга ёс гэж үүнийг л хэлнэ. Нийгэм яагаад өнөөдөр ийм их стресстэй байна гэхээр ийм л зүйлийг хүсэж байна. Компани ч бай, нийгэм ч бай, гэр бүл ч бай ийм байж чадвал стрессгүй амар тайван байж чадна.
-Тэгвэл тэр шударга ёсыг нийгэмд хэн тогтоох ёстой юм бэ?
-Хуулиар л тогтооно. Хаа очиж манай улс сайн хуультай. Хэрэгжүүлэх үйл явцдаа л алдаа эндэгдэл гардаг байх. Хууль хэрэглэх гэдэг чинь хэрэгжүүлж байгаа хүний ёс суртахуунаас бас хамаарна. Миний бодлоор Үндсэн хуулинд хэд хэдэн зүйлийг дутуу хийчихсэн юм болов уу гэж боддог.
-Тухайлбал?
-Хариуцлага тооцох механизм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалтнууд алдаа гаргавал тэдэнд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тусгагдаагүй юм бол уу. Сонгогдсон гишүүд нь ажлаа хийж чадахгүй бол ард түмэн нь ямар эрхтэй юм гэдэг зохицуулалт дутуу санагддаг. Энэ хүмүүс чинь халдашгүй эрхтэй учраас өөр хуулиар зохицуулж чадахгүй нийгэмд бухимдал үүсгээд байна шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгааг нь сонгогчид нь эргүүлэн татаж болдог эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Жишээ нь миний мэдэхээр Швейцарт сонгосон гишүүн нь ажлаа хийхгүй бол нийт сонгогчдын тодорхой хувь нь эсрэг санал цуглуулж гишүүнээ эргүүлэн татаж, хариуцлага тооцдог. Энэ чинь нөгөө бидний яриад, хүсээд байгаа төрийн эрх ард түмний мэдэлд, шууд ардчилал гэдэг нь. Гэтэл манайх яаж байна, өвлийн тэсгим хүйтэнд яаж жагслаа даа, хэн тэднийг сонсов, тэд гарын үсэг цуглууллаа ч хэн түүнийг нь авч хэлэлцэв. Гарын зураг цуглуулаад ч түүнийг нь хүлээж авах систем манай хуулинд алга байна. Ард иргэдийг ингэж бухимдуулаад үгийг нь сонсохгүй байхад нийгэм бухимдалтай, бүх юманд сөргөөр хандах аргагүй.
-Сонсох ямар аргууд байна?
-Ард иргэдтэй зөвлөлдөх уулзалтыг байнга хийж байх хэрэгтэй. Дүүргийн газарт нэг байшин барилаа гэж бодъё. Тэнд амьдардаг хүмүүсээс нь уулзаж асуух. Энэ байшинг баривал яах юм, баривал яаж барих юм гээд. Ард түмнийг төлөөлнө гэчихээд өөрийнхөө мэдэхгүй зүйлийн шийдвэрийг олны өмнөөс гаргаад байж болохгүй.
-Аливаа ажлыг нугалж сурсан, аргыг нь мэддэг хүнд ажил хийх зоригийн хүч байдаг. Энэ зориг хаанаас танд төрдөг вэ?
-Миний хувьд аливааг системчилж хардаг төрлийн хүн. Систем маань зөв яваасай гэж хүсдэг. Асуудал байгаа бол тэр системийн нэг хэсэгт сул, хоосон орон зай үүсээд түүнийг нь буруу хүмүүс буруугаар ашиглаж байгаа л асуудал. Тэр системийн гажгуудыг засалцахын төлөө явж байгаад улс төрд дуу хоолойгоо илэрхийлсэн. Гэтэл улс төрд эмэгтэйчүүд цөөхөн. Манай намаас намайг хүчтэй дуу хоолой болно гэж тоогоод нэр дэвшүүлсэн. Эхнээсээ сүрхий улс төрч болоодхоё гэж бодоогүй. Таны асууснаар нэг юм олоод харчихаараа хийчих, шийдчих юм шиг бодоод байдаг зоригоороо улс төр лүү яваад орчихсон.
МАНЛАЙЛЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД ЦӨӨХӨН БАЙНА. ЦӨӨХӨН БАЙГАА УЧРААС ХҮМҮҮС ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ
-Гэтэл...?
-Манлайлж байгаа эмэгтэйчүүд цөөхөн байна. Цөөхөн байгаа учраас хүмүүс эмэгтэйчүүдэд эргэлзэж байгаа юм болов уу. Үүнийг би нэг компанийн жишээнээс уншиж байсан юм. Өмнө CEO түвшинд нь эмэгтэй хүн бараг ажиллаж байгаагүй компанид нэг эмэгтэй захирал ирж, гэтэл компаниар нэг шуугиан, яриа хөөрөө үүсэж түүнийг энэ хариуцлагатай албыг хашиж чадах эсэх тухай хэлэлцүүлэг болж. Тэгэнгүүт компани эрэгтэй CEO нартайгаа ижил тооны эмэгтэй удирдагч нарыг ажиллуулж. Удалгүй энэ нь хэвийн үзэгдэл болоод эмэгтэй CEO-д үл итгэх, эргэлзэх, яриа хөөрөөний сэдэв байхаа больсон гэж. Манай нийгэмд ч гэсэн ийм л үзэгдэл явагдаж байгаа байх.
Тэгвэл эмэгтэй манлайлагч нар олон болоод энэ улс орноо, үйлдвэрлэлээ, нийгмийн салбаруудаа манлайлъя л даа. Хаана ч эмэгтэй удирдагч нар зардал хэмнэсэн хэрнээ илүү деталь асуудлуудад анхаарлаа хандуулж ажилладаг нь батлагдсан жишиг шүү дээ.
-Та одоо ямар улс төр хийж байна?
-Би чадахаа л хийж байна. Хийх ажлаа амархан олчихдог шүү. (инээв) Яагаад гэвэл бидэнд хийх ажил маш их байна. Төрийг хараад хөдөлдөггүй юм бол чадахаа хийе л дээ. Хүмүүсийг ажилтай, орлоготой болгомоор байна, гэр бүл, эмэгтэйчүүдийн орлогыг нэмснээр хүүхдүүд чанартай хоол хүнс хэрэглэнэ гээд л энэ нийгэмд шийдэх асуудал, хийх ажил ямар их байна гээч.
“MONGOL MADE “ БОЛ ХҮМҮҮСИЙН ЧИН ҮНЭН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ ТӨСӨЛ
-Тиймээс энэ зорилго, зоригоороо Mongol Made-ийг санаачлан хэрэгжүүлсэн үү?
-Тэгж ойлгож болно. Нөхөр бид хоёр ээж аавынхаа байрыг барьцаанд тавьж зээл аваад л бизнесээ тэгээс эхэлсэн гэдгээ өмнө хэлсэн. Аав ээждээ баярлаж явдаг. Өөрсдийнхөө жишээнээс юуг олж харсан бэ гэхээр залуу насанд яг нэг юм хийчихмээр маш гоё мөрөөдөөд, зориглоод ирдэг үе байдаг шүү дээ. Тиймээс монгол залуусынхаа ид иртэй, ийм үед нь дэмжээд босгоод ирдэг бодлого, хууль дүрэм хэрэгтэй байна. Гарааны бизнесээ эхлэхэд залуусыг төрөөс дэмжих хэрэгтэй. Ийм, ийм болзол хангавал ийм дэмжлэгтэй гээд ил тод байвал зүтгэлтэй залуучууд хангаад л ороод ирнэ. Засгийн мөрийн хөтөлбөрт залуусыг дэмжинэ гээд байдаг хэрнээ хэрхэн, яаж дэмжих гэдэг нь байдаггүй. Би өөрөө ч тэр л насан дээрээ аав ээжээсээ дэмжлэг аваад 20 жил хөдөлмөрлөөд хөл дээрээ боссон. Энэ арга туршлагаа хүмүүст зааж өгье гээд “Mongol Made”-ийг үүсгэсэн. Одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж, 200 гаруй эмэгтэйг дэмжээд аятай сайхан хөл дээр нь бат зогсоочих гээд л ажиллаж байна. Мэдээж өргөжин тэлээд илүү олон хүнд л боломжийг нээж өгөх зорилготой. Бид гарааны санхүүжилт олгож, сургалтаар хангадаг. Ингээд өгөхөөр оргилж байгаа булаг шиг хүсэл мөрөөдөл дүүрэн хүмүүс чинь дорхноо л ажил хэргээ сайхан аваад явчихдаг.
“Mongol Made “ бол хүмүүсийн чин үнэн хүсэл мөрөөдөлд хөрөнгө оруулдаг төсөл.
-Одоо юунд зорьж, юуг мөрөөдөж байна?
-Бизнесээ хийнэ. Бас хамтын үйлдвэрлэлийн цоо шинэ, гоё загвар гаргаж ирнээ. Үүнийг хийчих байхаа.
Таны мөрөөдөл биелэх болтугай. Амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ