Ц.Дэмбэрэл: Боловсрол нь ямар байнав, амьдрал нь тийм л байна
Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй хийсэн МОНГОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ цуврал ярилцлагын 2-р хэсгийг хүргэж байна. Ярилцлагын эхний хэсгийг энд дарж уншина уу.
Хоёр: Монголын боловсрол ба хүн
Боловсрол нь НЭЭЛТТЭЙ тогтолцоо юу, эсвэл ХААЛТТАЙ юу,..энэ талаар хүмүүс янз бүрийн санаа бодол хэлдэг юм билээ. Зарим нь нээлттэй гэх бол зарим нь өөрийн орны үнэт зүйлсээ алдана, хагас нээлттэй байх ёстой гэх мэтээр ?
Даяарчлал юуны өмнө боловсролд маш хүчтэй нөлөөлж, боловсролыг өөрийг нь даяаршуулж байна.
Ийм үед боловсрол нь нээлттэй байхаас өөр замгүй ээ. Боловсролоо хаалттай байлгана гэх нь ҮХЭЛ. Энэ нь Монголын гэсэн өнгө төрхтэй боловсролын тогтолцоог үгүйсгэхгүй ээ. Харин түүн дотор өөрийн өнгө аясаа авч явах нь бидний л үүрэг. Бид өөрсдөө л ажиллах ёстой.
НҮБ яагаад ДЭЛХИЙН ИРГЭН–ийг төлөвшүүлэх гэж уриалаад байгааг ухаарах ёстой. Үүн дээр манай эрдэмтэд жаахан санал зөрөлддөг тал бий.
Боловсролын бүрэлдэхүүний талаар асууя ?
Боловсрол нь 7 том бүрэлдэхүүнтэй юм.
Үүнд: Суралцагч, Багш, Куррикулум (хөтөлбөр, сурах бичиг), Үнэлгээ, Боловсролын институц, Мэдээллийн орчин, Зорилго. Монголд эдгээр бүрэлдэхүүнийг тоохгүй өдий хүрлээ.
Барагбүгдийг нь мартсан гэж болно. Боловсролын бүрэлдэхүүний дурьдан буй дараалал маш чухал.Эхлээд суралцагч байх юм. Та бид хоёрын ярилцлага дээрхи бүрэлдэхүүнүүдийг л хамрах ёстой гэж бодно.
Амьдрал ахуй, цаг үе ихэд хурдан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад боловсролын тухай бидний ойлголт, ухаарал, хандлага маань өөрчлөгдөх ёстой гэдэг нь ойлгомжтой болов. Харамсалтай нь, манай боловсролынхон энэ тухайд тунчиг хөшүүн байх мэт ?
Нэгд, Эрт дээр үед цагаан толгойт бичиг үсэгт тайлагдах нь цөөн хэдхэн өндөр IQ -тэй, ухаантны чаддаг ажил мэргэжил байсан бөгөөд тэднийг маш өндөр боловсролтой гэж үздэг байжээ. Бусад хүмүүс нь боломжгүйгээс гадна ерөөсөө үсэг тогтоодоггүй байж. Цагаан толгой бол хүний зохиосон хиймэл зүйл.
Байгальд латин, монгол, ханз цагаан толгой гэж байхгүй.
Тэр үеийн хүмүүс тийм зохиомол дүрэм журмыг ерөөсөө ойлгодоггүй, хүлээн авдаггүй байжээ. Гэтэл өнөөдөр бараг бүх хүн цагаан толгойт бичиг үсэгт тайлагдсан төдийгүй бага дунд боловсролтой болж байна. Тэгвэл, XXI зуунд бараг бүх иргэнээ дээд боловсролтой болгоно гээд зүтгүүлбэл юу нь буруу гэж? Боловсролд хандах хандлага цаг хугацааны дотор ингэж өөрчлөгддөг ажээ.
Хоёрт. Боловсрол нь нийгмийн инстүүц учраас тодорхой ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦАА–нд оршин байна. Боловсролын оролцогчид болох суралцагчид, багш, эцэг эхчүүд, удирдлага мэнэжмэнт, төрийн оролцоо дэмжлэг гээд бүх талууд хувьсан өөрчлөгдлөө.Жишээ нь: 1960 оны би, 2021 оны 5 настай хүүхдийн хооронд ТЭМЭЭ ЯМАА шиг ялгаа үүслээ. Ийм байхад боловсролын тухай ойлголт ухаарлаа өөрчлөхгүй байж яав ч болохгүй. Бид Монголын боловсролыг инстүүцийн талаас нь дахин сайтар тунгааж, өөрчлөн сайжруулах асуудлыг ч ярих ёстой,.. цаг нь ч болчихоод байгаа.
Гуравт. Монголын нийгмийн хувьд одоогийн хоцрогдолын эх нь боловсролын хоцрогдол болж хувирлаа. АСУУДАЛ сурагч оюутанд бус, сургалтын зорилго, агуулга, арга зүй технологи, үнэлгээнд байна. Монголын боловсрол монгол хүүхдийн хөгжлийг чөдөрлөж байгааг харсан гадаадын багш Та нөхөд XIX зууны арга технологиор XX зууны орчинд XXI зууны хүүхдийг сургаж боловсруулна гэх юм, үүнийг би ойлгохгүй байна хэмээн сануулжээ. Бодмоор л үг дээ.
Орчин үед хүний эрх, хүүхдийн эрх гэж их ярих болов. Манай боловсролыг ХҮНИЙ ЭРХ -ийн талаас харвал ямархуу дүр төрхтэй байх юм ?
Манай боловсролыг ХҮҮХДИЙН ЭРХ-ийн талаас харвал ёстой ТАГ.
Угаасаа манай боловсрол нь хүнийхээ төлөө биш, тэр нэг ХАЧИН хөтөлбөрийн төлөө үйлчилдэг болсон.
Монголын боловсрол нь одоо хүртэл монгол хүнийг дарангуйлан захирч, түүнийг ХҮН биш , МАНКУРТ БООЛ болгосоор байна. Зүй нь эхлээд ХҮҮХДИЙН ЭРХ–ээ яриад түүнээсээ ургуулан боловсролыг ярих учиртай. Гэтэл эсрэгээрээ.
Боловсрол бол ЭРХ ЧӨЛӨӨ–нд хүрэх ХААЛГА юм. Харамсалтай нь, манайд суралцагчийнхаа чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг хаан боодог,.. нэг сэдэв заачихаад яг түүнийгээ эргүүлэн шалгана. Хүүхдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх ЭРХ, Эрх ЧӨЛӨӨ,..суралцагчийн СОНГОХ ЭРХийг үл тоож, тэдэнд хүчээр чи үүнийг цээжил, тогтоо гэж захиргааддаг, зааж тулгадаг технологи хэвээрээ байна.
Энэ бол хүний эрхийг онц ихээр зөрчиж буйн илрэл. Ийм учраас сурагчид хичээл сургуулиас залхаж байна.
Тэд ДАРАМТ–д орсноор янз бүрийн үгтэй шүлэг, дуу зохиох боллоо. Сургууль нураасай гэв үү.Манай боловсрол дотор ХҮНИЙ ЭРХЭМ НАНДИН ЧАНАР яригдахгүй,...түүнийг үл тооно.
Монголын одоогийн боловсрол нь монгол суралцагчид юуны түрүүнд төлөвшүүлэх, хүүхдийн дотроос сэргээн амилуулах учиртай ХҮНИЙ ЭРХЭМ НАНДИН ЧАНАР-ыг уландаа гишгэж, тийм нандин чанараа гээсэн, ХАЧИН СААРАЛ ӨНГӨГҮЙ ХҮН-ийг бэлтгэсээр өдийхүрлээ. Хүүхдийг багаас нь эвдэж, манкурт боолын төрхөнд оруулдаг.
Боловсрол, амьдралын түвшний хооронд холбоо байна уу? орчин үед
Үүнийг судлаачид олон талаас нь нилээд нарийн судалсан. Дээхнэ үед Боловсрол ба Амьдралын түвшний хооронд тэр бүр эерэг холбоо харагдахгүй байсан. Энэ холбоо нь харин орчин үед нилээд тодорхой болжээ. (Би энд зах зээлийн эдийн засагтай орнуудын жишээг хэлж байна шүү,.харин Монголд бол арай өөр.) Яагаад ингэв гэхээр, боловсролыг ойлгох ойлголт өргөсөж, илүү олон талтай болсон юм.
Жишээ нь, XIX-XX зуунд бараг боловсролгүй атлаа бизнесийн их амжилт олсон хүмүүс цөөн бус байсан. Манай Монгол улсад ч тийм тохиолдол хааяа таардаг. Тэд төрөлхийн заяагдмалухаанаараа их амжилтанд хүрсэн. Гэтэл, судлаад байсан чинь, тэдгээр хүмүүс нь харин ч өндөр боловсролтой болсон хүмүүс байжээ. Тэд өөрсдөө амьдралаас, орчин тойрноосоо суралцсан аж. Эдүгээ тийм өөрөө суралцдаг хүнийг л хамгийн сайн гэж үзэх боллоо.
Энэ чинь, БОЛОВСРОЛ–ыг ойлгох ойлголт ихэд өөр болсоныг хэлж байна.
Боловсрол нь ямар байнав, амьдрал нь тийм л байна. Энэ бол орчин үед тогтоод байгаа зарчим.
Боловсрол нь ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг устгах гол хэрэгсэл юм. Яг үүн дээр манай бодлого боловсруулагчид, ТӨР алддаг. Хүмүүсийг ажилтай болгоно гэх нь тэдэнд ажил олж өгөх асуудал ерөөсөө биш. Хүмүүс төрөөс өгсөн тэр ажлыг голно, хаяна, улам ахиад, цалин ихтэй амар хялбар ажил олж өг гэж уурлана, жагсана. Хүмүүст БЭЛЭН ХООЛ өгөх буруу.
Тэднийг хоолоо өөрсдөө олж авах АРГА–д сургах нь илүү чухал.
Энэ нь хүмүүсийг боловсролтой болгохыг хэлж буй.
Хүнд загас өгөхийн оронд түүнийг агас барих аргад сурга гэдэг.
Тэр загас барих аргыг БОЛОВСРОЛ гэж үзэж байна. Боловсролыг ингэж АРГА-УХААН гэх аваас одоогийн манай боловсрол бараг боловсрол биш болоод ирнэ,..жаахан ахивал ЭСРЭГ БОЛОВСРОЛ болох тал нь илрээд эхлэнэ.Ингээд бөөн асуудал үүснэ.
Боловсрол ба Сэтгэл. Энэ хоёрын холбооны талаар тодруулъя. Манайд Сэтгэл гэдэг үгийг ЛАМ нар л ярьдаг,..?
Энд эхлээд СЭТГЭЛ, СЭТГЭЛ ЗҮЙ гэхийг ялгаж ойлгох учиртайг тэмдэглэе.
Сэтгэлийг дээд түвшинд нь яръя. Тэгвэл сэтгэлтэй ХҮН гэж байхаас сэтгэлтэй МАЛ гэж байхгүй. Эндээс СЭТГЭЛ нь хүний ОЮУН УХААН–тай хамт байдаг болох нь тодорно.
Монголд өдгөө хүртэл СЭТГЭЛ–ийг шашинтай холбодог, заримдаа бүр боловсролтой эсрэгцүүлэх хандлага байсаар. Гэтэл боловсрол сэтгэл хоёр шууд хамааралтай ажээ. Таны боловсрол хэдүй чинээн дээшлэнэв, таны сэтгэл төдий чинээн ЗӨВ болно гэнэ.
Ингэж үзэж байна.
СЭТГЭЛ нь шашинд биш боловсролд хамаарах ажээ. Боловсрол өндөртэй бол тэр хүн шашин шүтдэггүй юмуу бүр шашинг эрс эсэргүүцдэг байлаа ч гэсэн боловсрол доогуур ламаас илүү ЗӨВ сэтгэлтэй байх нь ээ. Үүнтэй холбогдоод боловсролынхон ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛ гэж ярих болов.
Боловсрол Шашин хоёр ингээд айлсаж байгаа хэрэг үү ?
Энэ асуудал нилээд маргаантай байна.
Уг нь тун чухал сэдэв мөн үү гэвэл яахын аргагүй мөнөөсөө мөн. СЭТГЭЛ–ийг монголд ноёрхсон шарын шашны түвшинд ойлговол хэцүү. Харин дээд түвшинрүү нь ойртуулж, XIV Далай лам шиг асуудалд хандвал өөр л дөө. Данзанжамц вээр сэтгэлийг тун дээгүүр түвшинд аваачиж ярьдаг юм билээ. Буддын сургаалийг яг эхээр нь ойлговол боловсролтой айлсаж чадна.
Түүнийг манайхан шиг завхруулбал, боловсрол, шашин хоёр салангид байх нь зөв. Зүй нь, боловсролтой айлсахуйц түвшний шашинжсан сургааль гэвэл Буддынх, бусад шашинд тийм боломж бараг байхгүй ээ. Гэхдээ бас асуудал бий,..
Буддизмийн нэг том гэм нь тэрээр БҮТЭЭЛЧ БУС. Ерөөсөө, шашин нь дотроо хоёр янз, боловсролыг дэмждэг, эс дэмждэг.
Буддын сургааль уг язгуураараа боловсролыг дэмждэг бол мухар сүсэг дээр тогтдог шарын шашин боловсролыг дэмжихгүй.Ингээд шашны дотоод асуудалруу хазайна. Энэ сэдвийг бүр тусад нь хэлэлцвэл онох байх аа.
Боловсрол ба Оюуны чадварын холбооны талаар ?
Боловсролын агуулга өргөсөж, бас ихэд гүнзгийрэх тусмаа ЭРДЭМ ЧАДАЛ, ОЮУНЫ ЧАДВАР–ын зүгрүү шийдвэртэй алхаж байна. Оюуны чадвараар нь тэр хүнийг хэр боловсролтой гэдгийг тогтоох хандлагатай боллоо. Оюуны чадварын ерөнхий илтгэцүүр IQ доогуур хүн хичнээн олон эрдмийн зэрэг цолтой, одон тэмдэгтэй байгаад нэмэр бага юм. Харин ч түүнд олон түмэн дооглонгуй ханддаг болсон. Дүгнэвээс, боловсролыг үндсэндээ оюуны чадвараар илрэнэ гэж үзэх болов.
Энэ чинь манай одоогийн боловсролд голлож буй үзэл баримтлалтай нийцэх үү ?
Боловсрол хэмээх эрхэм баялаг маань, нэгд ТӨРМӨЛ, хоёрт ТАРИМАЛ юм. Бид өдгөө хүртэл боловсрол нь таримал гэж үздэг байлаа.
Гэтэл тийм биш ажээ.Боловсролтой ҮХЭР гэж байхгүй, боловсролтой ХҮН гэж л бий.
Тэгэхлээр боловсрол нь хүний ОЮУН–тай заавал холбогдоно. ОЮУН бол төрмөл.
Оюун ухаанаас ангид боловсрол бол ерөөсөө боловсрол биш гэж үзэж байна. Монголын боловсрол оюун ухаанаас ангид юм.
Тэр ч бүү хэл манай боловсрол оюун ухааны эсрэг шүү дээ. Ургуулан бодвоос, монголын одоогийн боловсрол бол язгуураараа боловсрол биш гэсэн дүгнэлтэд хүрнэ. Одоогийн монголын боловсролын суурь нь БОЛХИ материализм гэдгийг өмнө хэлсэн.
Болхи сэтгэдэг материалистууд АХУЙ АНХДАГЧ гэх номлолд ихэд итгэх учраас боловсролын таримал талыг хэтрүүлдэг. Энэ нь ахуй орчныг нь өөрчлөх замаар ҮХЭР –ийг ХҮН -ээс илүү болгож боловсруулж болно гэсэн парадигм. Үүнийг ухвал БӨӨН АСУУДАЛ үүснэ. Түр азная.
Сүүлийн үед УХААЛАГ гэх үгс сонсогдоод байх боллоо, Ухаалаг амьдаръя ч гэх шиг.Энэ үг боловсрол дээр ямархуу агуулгатай бууж байгаа бол ?
УХААЛАГ гэх үгийг боловсролтой холбож хоёр санааг тодруулъя.
Нэгд, Хүмүүс ӨНГӨ, МӨНГӨ–ний төлөө тэгтлээ өдөр шөнөгүй зүтгэж, өөрийгөө зүдрээхээс ерөнхийдөө жийрхдэг болжээ. ХҮН шиг ХҮН байя, УХААЛАГ амьдарцгаая гэсэн уриа гараад байгаа. Үүний цаана бас ч гэж бодууштай , ухаж бодмоор ЮМС байна.
Хүн чинь уг төрхөөрөө эд баялаг, албан тушаалын төлөө төрөөгүй юм байна л даа.
Мөнгө хөөсөн хүмүүс насныхаа эцэст хураасан хөрөнгөө нийгмийн сайн сайхны төлөөх буяны үйлсэд хандивладаг боллоо.
Өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албаа өгсөний дараа хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэх нь бараг хууль боллоо.
Монголын онцгой өндөр IQ -тэй 10 хүний анхдагч, Ардын багш, Профессор Л.Шагдар багш маань надад Хүн мөнгөө алдвал юу ч алдаагүй, эрүүл мэндээ алдвал хагасыг алдсан, харин НЭР ТӨР–өө алдвал бүгдийг алдах нь тэрээ гэж захиж билээ. Ухаантай хүний үг цаанаа л гүн байдаг. Эдүгээ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХ–ыг чухалчлах болов. Ухаалаг байж, сайхан цэвэр нэр төртэй амьдрахыг хүн бүр эрхэмлэвэл энэ хүн төрөлхтөн тун богино хугацаанд өмнөө тулгарсан асуудлаа шийдэж чадах юм.
Үүнийг манай ирээдүй судлаачид эртнээс хэлсэн.
Энэ замруу хүмүүс, улс орнууд эрхбиш ахисаар л байгаа. Үүнд боловсрол бүхэлдээ чиглэх ёстой юм. Хүн төрөлхтөн өнгөрсөн цаг үед нилээд УХААЛАГ бус байж дээ, одоо харахад. Өрсөлдөөд л, алалцаад л,.. нэг харсан чинь эргэн тойрон, хүрээлэх орчин маань бараг дахиж сэхэхгүй болтлоо доройтжээ,.. эдүгээ хүн төрөлхтөний тэргүүний хэсэг нь үүнийг харчихаад ,... буу зэвсэг агсаж, байлдаж байхаар хамтраад МОД тарьж байхгүй ЯАВ гэж амаа барьж байна. Ийм хэцүү байдал монголчууд бидэнд бүр ч илүү тулгамдаад байдаг, гэтэл түүнийг төр нь ч, олон түмэн ч мэдрэхгүй байгаа юм. Манай боловсрол УХААЛАГ бус байгаагийн хор уршиг энэ шүү дээ.
Хоёрт, Орчин үеийн нийгэмд ямар ч улбагар, сул тогтолцоо оршин байх боломжгүй болсон.
Энэ нь хувь хүнд ч хамаарах юм. Өрсөлдөөн улам ширүүсэж байгаа гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна. Тиймээс ЭРЧ ХҮЧ гэх үгс моодонд орлоо. Нийгмээ яавал эрч хүчтэй болгохов гэдэгт хариулт бий. Нийгмийн эрч хүчний ундарга нь боловсрол болой. Ийм учраас боловсролыг эрч хүчтэй болгох, ингэхдээ УХААЛАГ байдалд оруулах шаардлага үүссэн. УХААЛАГ бөгөөд ЭРЧ ХҮЧТЭЙ боловсрол. Хүн төрөлхтөний өмнө хийх ажил маш их байхад чи би гэж өрсөлдөж цаг хүч оюунаа барах бус, аль болох хамтрах,.. тэгээд БҮТЭЭХ. Хамтран бүтээж амьдрах чадварыг хүмүүст боловсрол л олгоно.
Ухаалаг боловсролын үр дүн нь ухаалаг амьдрал байх юм. Гэхдээ ЭРЧ ХҮЧ-тэй шүү. Та боддоо, монголын одоогийн энэ боловсрол бүх шатандаа үнэхээр ЭРЧ ХҮЧТЭЙ байж чадаж байна уу, арай түүний эсрэгдүү болсон биш биз ?
Эрч хүчгүй улбагар сул юмны хэрэг ер нь байх уу ?,.. жилээс жилд л өөрөө дотроосоо доройтсоор байгаад НУРЖ таарна даа.
Боловсрол ба хүн. Энэ хоёрын хувьд эрэмбэ дараалал гэж байх уу ?
Боловсролыг явцуу буюу зөвхөн АЛБАН ёсны гэх жижигхэн хүрээгээр хязгаарлавал ХҮН буюу СУРАЛЦАГЧ хоёрдугаарт, БОЛОВСРОЛ нь нэгдүгээрт тавигдана.
Ингэснээр,..БОЛОВСРОЛ ХҮН хоёр сална. Боловсрол хүнээсээ холдоно. Улмаар боловсрол нь суралцагчийг дарангуйлна.
ХҮН–ий ХҮН гэгдэх НАНДИН ЧАНАР далд орно. Өөрөөр хэлбэл,.. БОЛОВСРОЛ нь ХҮН–ий төлөө бус, ХҮН нь БОЛОВСРОЛ–ын төлөө болж,.. Суралцагчийн ДОТООД ИДЭВХИТ ЧАНАР буурна.
Монголд ийм болсон. Зүй нь, монгол ХҮН нэгд, Боловсрол хоёрт байх учиртай. Манай боловсрол монгол хүнээсээ салж холдсон. Энэ ёстой МУУ.
Ярилцсан С.Сарнай
sonin.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ