Файзер, Биотек вакцин дельтагийн эсрэг үр дүнтэй нь нотлогдлоо
Файзер, Биотек вакцины халдвараас сэргийлэх үр нөлөө нь хоёр дахь тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа 88-аас 47 хувь хүртэл буурдаг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагуудын Даваа гаригт нийтэлсэн баримтад дурджээ. “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн уг мэдээллийг өмнө нь наймдугаар сард мөн танилцуулж байв.
Тус мэдээлэлд дурдсанаар, өвчин хүндрэх болон нас барахаас урьдчилан сэргийлэх вакцины үр нөлөө эхний зургаан сарын турш 90 хувиар өндөр байгаа нь тогтоогджээ. Мөн Covid-19-ийн дельта хувилбараас ч сэргийлэх чадвартай байгаа нь ажиглагдсан байна.
“Pfizer” болон “Kaiser Permanente”-ийн судлаачид вакцин анх гарсан 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны наймдугаар сарын хооронд Өмнөд Калифорнийн Кайзер Перманентэд бүртгэлтэй байсан 3.4 сая хүний эрүүл мэндийн цахим бүртгэлд судалгаа хийсэн аж.
"Бидний вирусийн хувилбаруудад хийсэн шинжилгээгээр вакцин нь дельта гэх мэт одоо байгаа бүхий л хувилбарт үр дүнтэй болох нь тогтоогдсон" гэж “Pfizer”-ийн дэд ерөнхийлөгч, ерөнхий эмч Луис Жодар хэлэв.
Судалгаагаар дельта хувилбарын эсрэг вакцины үр дүн эхний нэг сарын дотор 93 хувьтай байсан бол дөрвөн сарын дараа 53 хувь болж буурсан байна. Харин бусад хувилбаруудын эсрэг үр нөлөө нь 97-оос 67 хувь хүртэл буурч байжээ.
Мөн судалгааны удирдагч Сара Тартоф "Бидний хувьд дельта нь вакцины үр нөлөөг бүрэн дүүрэн үгүй хийдэг “аймшигт” хувилбар биш болох нь тодорхой болсон” гэсэн юм. Тэрбээр "Хэрэв дельта тийм байсан бол бид судалгаагаар вакцины өндөр үр дүнг олж харахгүй байсан” гэжээ.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас өндөр настан болон халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст Файзер, Биотек вакцины нэмэлт тун хэрэглэхийг санал болгож байгаа юм. Харин эрдэмтэд бүх хүнд санал болгох эсэх дээр илүү нарийн судалгаа шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: REUTERS
news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ