Дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүд
Сүүлийн үед Афганистанд болж буй үйл явдал, АНУ-ын хамгийн урт үргэлжилсэн 20 жилийн дайны төгсгөл, талибууд хүчирхэгжин шинэ засгийн газар байгуулж, 85 тэрбум ам.долларын дайны олз гартаа оруулсан гэх мэдээллүүд олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Мөн үүнээс өмнөхөн Мьянмарт армийнхан цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авсныг иргэд эсэргүүцэн байлдаж буй тухай мэдээ цахим орчныг удтал шуугиулж байв.
Гэтэл харамсалтай нь гэм зэмгүй олон иргэдийн амь насыг эмгэнэлтэйгээр авч, улс орны эдийн засгийг доройтуулж, олон улсын уур амьсгал, энх тайван, тогтвортой байдлыг доройтуулж буй иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнүүд үүгээр тогтохгүй аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өдгөө 30-40 улсад жижиг, том зэвсэгт мөргөлдөөнүүд үргэлжилсээр байгаа гэнэ. Тэдний ихэнх нь Ойрхи Дорнод, баруун умард Ази, Сахар, Африкт өрнөж буй. Түүнчлэн Мексикт болж байгаа хар тамхины дайн ажиглагчдын анхаарлыг онцгой татаж байна.
Ажиглагч нар олон улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр бүртгэж авдаг гэнэ. Тэдгээрийг дурдвал:
- Засгийн газрын болон иргэний удирдлагатай хоёр ба түүнээс дээш зэвсэгт хүчин хоорондоо байлдаж байвал. Тэгэхдээ засгийн газрын болон армийн зохион байгуулалттай бус үйлдэгдсэн гэмт хэргийн бүлэглэлийн болон иргэний аллагын гэмт хэргүүдийг тооцдоггүй.
- Зэвсэгт мөргөлдөөний хохирлыг тооцохдоо тулаантай шууд холбоотойгоор нас барсан иргэд болон цэргүүдийн үхлийг, мөн аль нэг талын зохион байгуулалттай үйл ажиллагаанд өртөж нас барсан хүмүүсийг тоодлог аж. Харин тулаантай шууд хамааралгүй буюу өлсгөлөн, өвчин, дэд бүтцийн доголдол зэргээс болж нас барсан хүмүүсийг мөргөлдөөний хохиролд тооцдоггүй аж. Мөн мөргөлдөөний зэрэглэлийг тогтоохдоо нийт хохирол бус, сүүлийн нэгээс хоёр жилд амь үрэгдсэн хүний тоог тоолдог аж.
- Зэвсэгт мөргөлдөөн мөн гэж албан ёсоор бүртгэхдээ нийт 100-аас дээш хүн нас барсан, тэгэхдээ сүүлийн нэгээс хоёр жилд дор хаяж нэг хүн амиа алдсан тохиолдлыг авч үздэг гэнэ.
- Зэвсэгт мөргөлдөөнд амь үрэгдсэн хүмүүсийн тоо мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан нарийн тодорхой биш байдаг тул эх сурвалжуудын хүлээн зөвшөөрсөн хамгийн цөөн тоог тооцдог байна.
- Төрийн болон хагас цэргийн үйл ажиллагааны улмаас санаатайгаар болон системтэйгээр 100-аас олон хүн нас бараагүй газар нутгийн маргаан, бослого хөдөлгөөн зэргийг зэвсэгт мөргөлдөөнд тооцдоггүй аж.
Тэдгээр иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнийг судлаач нар:
- Том хэмжээтэй дайн: Дайнтай шууд хамааралтайгаар сүүлийн нэгээс хоёр жилд 10 мянгаас дээш хүн амь үрэгдсэн. Үүнд Афганистаны дайн, Йемений дайн, Судан, Этиоп дахь Тигрейн иргэний дайн багтаж байна.
- Бага хэмжээтэй дайн: Дайнтай шууд хамааралтайгаар сүүлийн нэгээс хоёр жилд мянгаас 9999 хүн амь үрэгдсэн бол. Үүнд нийт 12 улсад өрнөж буй үйл явдлууд хамаатай.
- Жижиг зөрчилдөөн: Зөрчилдөөнтэй шууд хамааралтайгаар сүүлийн нэгээс хоёр жилд 100-аас 999 хүн амь үрэгдсэн бол. Үүнд нийт хорь гаруй улсад болж буй үйл явдал хамаарна.
- Жижиг сөргөлдөөн: Сөргөлдөөнтэй шууд хамааралтайгаар сүүлийн нэгээс хоёр жилд 100-аас доош хүн амь үрэгдсэн бол хэмээн ангилжээ.
Эдгээр зэвсэгт мөргөлдөөнүүдээс хамгийн ноцтой өрнөж буй нь Мексикийн хар тамхины дайн аж. Тухайлбал, эл дайны уршгаар 2020 оны байдлаар 50 мянга гаруй хүн нас баржээ. Хэдий тийм ч энэ үйл явдлыг том хэмжээтэй дайны ангилалд багтаадаггүй юм. Учир нь дээрх үхлүүдийн ихэнх нь тулаантай шууд хамааралтай бус, Мексикийн зэвсэгт хүчин, хар тамхины бүлэглэлүүдийн хооронд болсон аллагын гэмт хэргүүдээс шалтгаалсан байдаг аж.
Том хэмжээтэй дайн ангилалд нийт гурван зэвсэгт мөргөлдөөн багтаж байна.
Афганистаны мөргөлдөөн
Афганистаны мөргөлдөөн 1978 оноос эхлэлтэй, гурван ч тусдаа мөргөлдөөнөөс бүрдэж байна. Тухайлбал, Исламын улс бүлэглэл болон Талибаны хоорондын мөргөлдөөн, Талибаны эсрэг мужахид дайчдын мөргөлдөөн, энэ оны талибуудын эсрэг хөдөлгөөнүүдийн мөргөлдөөн өдгөө үргэлжилж байна. Эдгээр мөргөлдөөнүүдэд 1978-2020 онд нийт 1405111-2084468 хүн амь үрэгдсэн гэдэг. Тэгвэл өнгөрсөн жил 20797-20836 хүн, энэ онд 35 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Йемений гамшиг
Йеменд 2011 оноос хойш дөрвөн өөр мөргөлдөөн зэрэг үргэлжилсээр байна. Тухайлбал, 2014 оноос эхэлсэн иргэний дайн, Йемен дэх Аль-Каида бүлэглэл, Йемений засгийн газар, АНУ-ын цэргүүдийн хооронд өрнөж буй мөргөлдөөн, Хоути муж, Саудын Арабын тусгай хүчний мөргөлдөөн, Саудын Арабын эхлүүлсэн Йемен дэх түрэмгийлэл үргэлжилсээр байна. Эдгээрт 2014-2020 онд нийт 233 мянган хүн амь үрэгдсэн бөгөөд 2020 онд 19787 орчим, 2021 онд 10790 орчим хүн амьсгал хураасан байна.
Тигрейн дайн
Өнгөрсөн онд эхэлсэн энэ дайнд Судан, Этиоп, Амхара дайчид, маргаантай Аль- Фашага нутгийн Эритреачууд оролцож байна. Эл мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоог нийт 21076-52 мянгын хооронд хэмээн тооцдог аж. Ялангуяа өнгөрсөн онд 3836-4269 хүн амь үрэгдсэн бол энэ онд дор хаяж 17240 хүн амьсгал хураажээ.
Эдгээрээс гадна 2006 онд эхэлсэн Мексикийн хар тамхины дайн хамгийн их хөнөөлтэй гэдгээрээ дээгүүрт бичигддэг билээ. Тус хар тамхины дайнтай холбоотой Голф бүлэглэлийн Метрос, Рожос гэх хоёр салбарын хооронд өрнөж буй мөргөлдөөн, Лос Зетас хотын хоёр бүлэглэлийн хооронд өрнөж буй мөргөлдөөн, АНУ-тай хил залгадаг нутгийн Фалкон нуурыг эзлэн авах мөргөлдөөн өдгөө үргэлжилсээр байна. Тус мөргөлдөөнүүдтэй холбоотойгоор үйлдэгдсэн аллагын гэмт хэргүүдэд нийт 60373 хүний амь хохирсон аж.тэдгээрийн 34512 нь өнгөрсөн онд, 8259 нь энэ онд бүртгэгджээ.
Эх сурвалж: CFR.ORG REVISESOCIOLOGY ALJAZEERA REUTERS DW.COM
Эх сурвалж: news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ