Ц.Батсайхан: Улаанбаатарын орчимд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай

Төв аймгийн  Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газарт өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар 00:50-д 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол зэрэг сумын иргэдэд хүчтэй мэдэрсэн бөгөөд учирсан хохирлын талаар одоохондоо мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээд байгаа юм. Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон бол он гарсаар 106 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа юм.

Урд шөнийн газар хөдлөлтийн талаар Одон орон, гео физикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайханаас тодрууллаа.

Тэрээр “Газар хөдлөлтийн хүчийг хоёр программаар шалган үзэхэд 56 км орчмын гүнд болсон байна. Энэ нь нэлээд гүнд тооцох ба өмнө 2-10 км  гүнтэй газар хөдлөл болдог байсан.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөл үргэлжилсэн цохилттой байсан бол энэ удаагийнх нэг цохилттой газар хөдлөл боллоо. Газар хөдлөлийн чичирхийлэл нь зарим аймаг, сум болон Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд одоогоор бид судалгаа мэдээллээ цуглуулан явж байна.

Улаанбаатар хотод 2004 оноос газар хөдлөл идэвхжиж эхэлсэн байдаг. Өмнө Улаанбаатар хотын ойролцоо жилд 200 орчим сулавтар хөдлөл, харин хүнд мэдрэгдэхүйц буюу 3,5 магнитудаас дээш нь 60 орчим болдог байсан. Гэтэл энэ жилийн хувьд одоогийн байдлаар 3,5-аас дээш магнитудтай газар хөдлөл 220 гаруй болсон байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд 4-5 магнитуд газар хөдлөл Улаанбаатар хотын ойролцоо нэлээд боллоо. Технологийн онолоор энэ нь дараагийн зургаан магнитуд газар хөдлөл болох магадлал маш өндөр байгааг харуулж байна” гэлээ.

эх сурвалж: itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ