Үр нөлөө нь суларч эхэлсэн тул Pfizer-аас вакцины 3 дахь тунг турших зөвшөөрөл хүсчээ

Pfizer болон BioNTech компани Ковид-19-ийн вакцины нэмэлт гурав дахь тунг боловсруулж байна. Хэрвээ АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл өгвөл бүүстер тун буюу гурав дахь тунгийн клиник туршилтаа ирэх наймдугаар сараас эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.  

Гурав тун нь коронавирусний бүх хувилбараас, тэр дундаа дельта хувилбараас хамгаална гэж үзэж байна. Тэд вакцинаа улам боловсруулан шинэчилж байгаа ажээ. 

Тус компани мэдэгдэлдээ вакцины үр нөлөө вакцин хийлгэснээс зургаан сарын дараа буурч эхэлсэн тухай Израилийн Эрүүл мэндийн яамны мэдэгдлийг иш татсан байна.

Pfizer болон BioNTech-ийн удирдлагууд вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 12 сарын хугацаанд нэмэлт тун шаардлагатай болох магадлалтай гэж мэдэгдэж байв. Хүмүүс жил бүр вакцин хийлгэх шаардлага ч гарч болзошгүй гэж таамаглаж байсан юм.

Pfizer, BioNTech-ийн вакцин Ковид-19-ийн хүндрэлээс сэргийлж, нас барах эрсдэлээс хангалттай сайн сэргийлж байгаа ч хөнгөн хэлбэрийн өвчлөл, бусдад халдаах эрсдэлээс хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Forbes 

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ