Гебрейесус: Бид цар тахлыг хяналтдаа авах талаар ахиц дэвшил гаргаж байгаа ч маш аюултай шатандаа байна

Дэлхийн хамтын нийгэмлэг коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэлд ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч цар тахал маш аюултай үе шатандаа байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдлээ.

“Хэдийгээр бид цар тахлыг хяналтдаа авах талаар ахиц дэвшил гаргаж байгаа ч маш аюултай шатандаа байна” гэж тэрбээр цар тахалтай тэмцэх “ACT-Accelerator” олон улсын түншлэлийн зөвлөлийн хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, ийм нөхцөлд “цорын ганц гарц нь хувийн хамгаалах хэрэгслүүд, шинжилгээ, эм, вакциныг улс орнуудад тэгш хуваарилах юм”.

Одоо коронавирустэй тэмцэх хэрэгсэлтэй, юуны өмнө вакцинтай улс орнууд цар тахалтай холбоотой хязгаарлалтыг сулруулж байгааг Гебрейесус дурдсан байна. “Үүний зэрэгцээ хангалттай хангамж авч чадахгүй байгаа улс орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, нас баралт нэмэгдэж байна. Энэ нь вирусний шинэ хувилбарын халдварын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн цохон хэлжээ.

Тэрбээр мягмар гарагт НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Улс төрийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ энэ сэдвийг хөнджээ. ДЭМБ-ын тэргүүн Африк, Ази, Америкт өвчлөл “огцом нэмэгдэж байгаад” анхаарлаа хандуулсан байна. “Эдгээр тохиолдлоос зайлсхийх боломжтой” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлээд дэлхийн хамтын нийгэмлэгт “халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүх хэрэгслээ ашиглахыг” уриалав.

ДЭМБ-ын мэдээлснээр, цах тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 183 934 913 тохиолдол бүртгэгдэж, 3 985 022 хүн нас баржээ.

“ACT-Accelerator” нэртэй олон улсын түншлэлийг ДЭМБ, Европын Холбоо, Франц болон буяны үйлстэн Билл, Мелинда Гейтс нар 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд албан ёсоор эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ТАСС.РУ  updown.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ