Бидний мэддэг ба мэдэхгүй Корона вирус

Сүүлийн үед Твиттер дээр бөө нар цас оруулж байна. Цас орвол Корона Монголд дэлгэрэхгүй гэх нь үнэн үү? Монгол хүн энэ өвчнөөр өвчлөхгүй байх уу? Гэвч бид цар тахалд бэлэн байна уу? Ер нь бид юутай нүүр тулаад байгаагаа шинжлэх ухаан талаас мэдэж байгаа юу?

Манай ээж их шүтлэгтэй хүн л дээ аливаа нэг сөрөг юм ярихаар “Манайд юу гэж тийм юм тохиолдох вэ? Тэнгэр бурхан харж байгаа биз. Хэдэн үр хүүхдийн маань буян заяа түших байлгүй.” гэж ярих нь элбэг. Үнэндээ ээж маань мэдлэг боловсролгүй, мухар сүсэгт автсан хүн биш сэтгүүлч, сайн зохиолч хүн. Гэвч өсөхөөс сурсан шашин шүтлэг, орчин нөхцөлийг өөрчлөх хэцүү. Ээжтэй минь ижилхэн “Төрийн сүлд минь өршөө. Бурхан тэнгэр минь харж байгаа байлгүй. Арай ч дээ бид ямар нүгэл үйлдсэн болоод тийм муухай өвчин тусна гэж, гайгүй байлгүй” гэх хүн танай гэр бүл, ахан дүүс дотор байж л байгаа.

Сүүлийн үед Твиттер дээр бөө нар цас оруулж байна. Цас орвол Корона Монголд дэлгэрэхгүй гэх нь үнэн үү? Монгол хүн энэ өвчнөөр өвчлөхгүй байх уу? Гэвч бид цар тахалд бэлэн байна уу? Ер нь бид юутай нүүр тулаад байгаагаа шинжлэх ухаан талаас мэдэж байгаа юу?

Ковид-19 буюу Коронавирус өвчин нь шинэ төрлийн вирусээр халдварладаг epidemic буюу ТАХАЛ юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад олон төрлийн тахал өвчин хэдэн мянган жилийн турш олон сая хүний амийг авч одсон. Холер, Салхин цэцэг, Улаан бурхан, Эбола, тэр битгий хэл сүрьеэ, элэгний гепатит зэрэг нь тахалд тооцогддогийг та мэдэх үү? Шинжлэх ухаан, техникийн шинэ боломжууд нэвтэрснээр хүн төрөлхтөн эдгээр өвчнийг эмчилж сурсан болохоос эдгээр нь өдгөө хүртэл хүн амыг олноор устгах боломжтой тахалд тооцогдсон хэвээр байгаа билээ.

1300 оны үед Ази болон Европ тивд тархсан хар тахал нь нийт хүн амын 30-70% буюу 75-250 сая хүний амийг авч одсон гэх судалгааг Times Magazine гаргаж байжээ. Мөн Испани ханиад гэх тахал нь Дэлхий нийт хүн амын гуравны нэгт буюу тухайн үедээ 500 сая хүнд халдварлаж 20-50 сая хүн эл өвчнөөс болж нас барсан гэх таамаглал бий. 

Корона вирүс нь нэг төрлийн Томуу болон томуу төст өвчин буюу агаар дуслын замаар мөн хүртэхүйн эрхтнээр хүнд халдварладаг вирусийн гаралтай өвчлөл юм. Агаар дуслын замаар тархана гэдэг нь та ханиалгах үед таны шүлс 160 км цагийн хурдтай 2-10м хүртэлх зайд тархах замаар тухайн орчинд буй хүн амьтанд халдварлах магадлалтай талаар BBC focus magazine дурдагджээ. Иймд үргэлж маск зүүх буюу шаардлагатай тохиолдолд нүдний шил зүүж, аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Хүртэхүй эрхтнээр дамжина гэдэг нь та гар барих бусдыг тэврэн үнэсэх эсхүл хөлсөөр дамжих нөхцөл байдлыг хэлнэ. БНХАУ цагаан сар тэмдэглэж нэг тогооноос хоол идэж нэг нэгнийгээ тэвэрч үнэссэн зэрэг нь өвчлөл тархах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Иймд гар барих, тэврэлдэх, фитнес болон саун олон нийтийн газраар үйлчлүүлэхээс зайлсхийх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. 

Томуу болон томуу төст өвчлөлийг вирусийн гаралтай  болон нянгийн гаралтай гэж ангилна. Үнэнийг хэлэхэд би вирус нян хоёрыг нэг зүйл гэж бодож явсныг ч нуугаад яахав. Вирус болон нян нь маш олон төрлийн ижил талуудтай агаад, халдварлах нөхцөл нь ч гэсэн төсөөтэй байх  боломжтой гэвч нарийн шинжлээд үзвэл энэ хоёр нь тэмээ ямаа шиг ондоо зүйл ажээ. 

Нян нь Вирусээ бодвол хэт том, өөрөө бие даан амьдрах чадвартай, нэг эст амьд организм юм. Тэд өөрөө өөрөөсөө үржиж олшрох боломжтой бөгөөд халуун дулаан цаг уурт төдийгүй цацраг идэвх бодист ч тэсвэртэй байх нь бий. Ихэнх нян нь хүнд хоргүй, тэр битгий хэл хүний хоол боловсруулах эрхтэнд амьдарч, хүнс тэжээлийг задалж шингээхэд тус болдог. Нийт нянгийн 1% хүрэхгүй хэсэг нь хорт хавдар, онц ноцтой төрлийн өвчин үүсгэх чадвартай байдаг. Мэдээж 1% нь аюултай юм байна шүү дээ гэж санаа тайвширч огт болохгүй, нэг тархаад эхэлбэл бие дааж амьдрах боломжтой аюултай амьд организм хүнд хэрхэн хортой болохыг та надаар хэлүүлэлтгүй ойлгох байх.

Вирус нь нянгаасаа хэт жижиг, хүн амьтны амьд эд эс дээр түшиглэн үржиж олширч амьдардаг организм юм.  Хувьсан өөрчлөгдөх чадвартай, амьдралын хэв маяг нь паразит буюу тээгч эсээ шимж амьдардаг хүнээс амьтанд, амьтнаас хүнд халдварлах чадвартай амьд организм юм. Ковид-19 буюу Корона вирус нь нэг  төрлийн шимэгч, паразит, тээгчээ сорж амьдардаг вирус гэж ойлгож болох нь.

Тэгвэл Корона вирусээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Корона вирус нь SARS болон MERS вирустэй төстэй амьсгалын замын цочмог хам шинж гоц халдварт өвчин юм. Хүн уг өвчний халдвар авснаас 2-14 хоногийн дотор дараах шинж тэмдгүүд илэрдэг.

  1. Мэдэгдэхүйц бага зэрэг халуурч байгаад өндөр хэмжээнд халуурах. Бага зэрэг халуурахаар нь хүмүүс тоохгүй явж байгаад хүндрүүлдэг. 
  2. Амьсгал давхцах - амьсгалахад хүндрэлтэй болох
  3. Ханиалгах - ихэвчлэн хуурай ханиалгаар эхэлдэг

Хэрхэн хамгаалах вэ? 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Халдварт өвчин урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээс дүгнэхэд одоогийн байдлаар энэхүү өвчний эсрэг вакцин гараагүй байна гэвч та дараагийн арга хэмжээнүүдийг авснаар уг өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүрэн боломжтой. 

  1. Хорин секундээс дээш хугацаанд гараа савантай халуун усаар угаах. 
  2. Үргэлж маск зүүх. ДЭМБ-ийн гаргасан судалгаагаар Корона вирус нь хоёр метрийн зайд хүнд халдах боломжтойг тодорхойлсон
  3. Гараа угаагаагүй үедээ нүүрнийхээ хэсэгт хүрэхгүй байх
  4. Ханиадтай болон халуурсан хүнд ойртохгүй байх. Ойртсон тохиолдолд тухайн үеийн уулзсан хүмүүсийн мэдээллийг санаж байх.
  5. Халбага сэрээ аяга тавгаа бусадтай хуваалцахгүй байх. Олон нийтийн газар хооллохоо багасгах
  6. Гэр орон, албан байгууллагадаа чийгтэй цэвэрлэгээ 2-3 хоногт тогтмол хийх
  7. Олон нийтийн газраар зорчихгүй байх 
  8. Гахай, тахиа, загасны махыг бага хэрэглэх тэр тусмаа түүхий шүүрхий махыг огт хэрэглэхгүй байх
  9. Гэрийн тэжээвэр амьтдын ариун цэврийг сайтар хангаж, гадагшаа авч гарахыг багасгах. Тэд ч бас өвчин тусах, танд дамжуулах боломжтой.
  10. Ханиад болон амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй эмчид үзүүлэх
  11. Антибиотик нь нянгаар халдсан өвчтөнд нөлөөлөхөөс бус вирусээс халдсан өвчин нөлөөлдөггүй болно иймд ханиад хүрээд антибиотикоор эдгээнэ гэж бодож болохгүй. Зориулалтын бус эм хэрэглэх нь өвчнийг хүндрүүлэх магадлалтай. 
  12. Өдөрт гурваас таван литр шингэн зайлшгүй хэрэглэх. 
  13. Биеийн эсэргүүцлээ сайжруулах сахарын бус гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх. 
  14. Архи тамхинаас татгалзах
  15. Олон төрлийн витамин болон эрдсээр баялаг хүнсний бүтээгдэхүүн жимс жимсгэнэ, ногоо хэрэглэх
  16. Шөнийн нойроо сайтар авах
  17. Өөдрөг үзэлтэй байж стрессээс хол байх

Дайны хажуугаар дажин гэгчээр уг өвчлөлийн талаарх худал мэдээллүүд олон нийтийн сувгаар өдөр бүр цацагдаж байна. Иймд иргэд зөв мэдээллийг бодит эх сурвалжаас нь буюу ДЭМБ болон Монгол улсын эрүүл мэндийн яамнаас авах хэрэгтэй үгүй бол худал мэдээлэлд үндэслэгдсэн айдас нийгмийг цочролд автуулж маск, спирт, ариутгалын бодис болон өргөн хэрэглээний барааны үнэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. 

Хэдийгээр Корона вирус нь анхаарал татахаар асуудал мөн боловч айдас үүсгэх зүйл биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. ЭМЯ-аас гаргасан 2018 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд Монгол улсын нийт өвчлөлийн 31.2 хувийг буюу амьсгалын замын халдварт өвчин эзэлж томуу болон томуу төст өвчлөлөөр 55,522 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. АНУ-д гэхэд жилд 19 сая иргэн амьсгалын замын өвчлөлд нэрвэгдэж 10,000 иргэн нас бардаг гэсэн судалгаа гаргажээ. Хамгийн сүүлд гаргасан дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Коронавирүс нь SARS, MERS-ээс илүүтэй хурдан тархдаг буюу 1000 хүнд халдварт өвчин тархах хурд нь MERS 903 хоног, SARS 130 хоног, Coronovirus 48 хоног байгаа нь аюул дагуулж байна, олон нийтэд айдас төрүүлээд байгаа. Гэвч Корона вирусээр өвчлөгсөд нь SARS-аар өвчлөгсдөөс 17 дахин MERS -ээр өвчлөгсдөөс 5 дахин бага дүнгээр нас барж байгаа нь уг өвчнөөс амьд үлдэх боломж өндөр байгааг бас харуулаад байгаа юм.  

Дүгнээд хэлэхэд, Корона вирус бол маш хурдтай тархах боломжтой, хамгаалах вакцин гараагүй онц ноцтой гоц халдварт өвчин юм. Иймд иргэд хувийн ариун цэврийг сайтар сахих, шаардлагатай биш бол олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, олон улсад болон дотоодод аялах зорчих төлөвлөгөөгөө эргэж харах хэрэгтэй. Санаа зовох зүйл нь уг өвчин нь вирусийн гаралтай тул тэсвэртэй, хүн болон амьтанд халдварлаж үржин олшрох боломжтой, орчин нөхцөлдөө дасан зохицож өөрчлөгдөх чадвартай, агаар дуслын замаар халдварлах боломжтой нь аюул дагуулаад байна. Боломж нь уг өвчнөөс эдгэрсэн иргэдийн тоо даруй өсч байгаа бөгөөд та өөрийн биеийн эсэргүүцлийг сайн байлгаж, өөрийн болон орчин тойрныхоо ариун цэврийг сайтар сахиж, амны хаалт маск зүүх, гараа сайтар угаах, олон нийтийн газраар зорчих болоод өвчтэй хүнтэй ойртохоос сайтар сэргийлбэл уг өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломжтой. Дараа дараачийн нийтлэлдээ, та хэрхэн өөрийн биеийн эсэргүүцлийг сайн байлгах, мөн гэрээсээ хэрхэн ажиллах нөхцөлийг хангах цаашлаад өвчлөл Монгол улсад бүртгэгдсэн, газар авсан тохиолдолд та ямар арга хэмжээ авах талаарх нийтлэлүүдийг оруулах болно. 

Монгол хүн амны билгээс, ашдын билэг гэж ярьдаг. Хоёр том гүрэн, 2 тэрбум орчин иргэдийн дунд 3.2 сая хүн өдгөө хүртэл оршин тогтнож, эрх чөлөөтэй, амар тайван, эрүүл саруул  байгаа нь магадгүй амны билэг, ашдын ерөөл, дээдийн ивээл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Буддагийн сургаалд бичсэн “Эрүүл амьдрах үгүйгээ та л шийднэ” гэсэн үгийг санаж, өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалах үүргээ үл умартаж болохыг танд захья.

Н.Түмэндэмбэрэл

Эх сурвалж:

www.healthymepa.comwww.history.comwww.healthdirect.gov.auwww.moneycrashers.comtime.comwww.who.intwwwnc.cdc.gov

СЭТГЭГДЭЛ БИЧИХ