Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ
Японы эрх баригчид энэ зунаас коронавирусний вакцинжуулалтын паспортыг олгож эхлэх төлөвтэй байна.
Ийм паспортыг эхний ээлжинд хилийн чанадад тогтмол аялдаг иргэдэд олгох аж. Японы өндөр дээд албан тушаалтнууд гадаад оронд айлчлахдаа иймэрхүү төрлийн гэрчилгээг одооноос ашиглаад байна. Учир нь АНУ, Европын орнуудад вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг гадны төлөөлөгчдөөс тодруулж байгаа юм.
Вакцинжуулалтын паспортын системийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Катогийн хариуцдаг мэргэжилтнүүдийн тусгай баг хөгжүүлж байна.Гар утасны хавсралтын зарчмаар ажилладаг цахим вакцинжуулалтын паспортын системийг оны эцсээр гаргах аж.
Япон улсад вакцинжуулалт 2 дугаар сарын дундуур эхэлсэн. Одоогоор эмнэлгийн нийт 4.8 сая ажилтнаас 2.9 сая нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Дөрөвдүгээр сарын 12-ноос 65-наас дээш насныхныг вакцинжуулж эхэлжээ.
Японы эрх баригчид өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, америкийн “Moderna”, Америк, Германы “Pfizer-BioNTech” компанитай вакцин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Эдгээр гурван вакцинд Японы Эрүүл мэндийн яам хэрэглэх зөвшөөрөл олгосон ч одоогоор “AstraZeneca” хэрэглэхгүй байгаа аж.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ