С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана

Польшийн нийслэл Варшав хотод дөрөв хоногийн дараа чөлөөт бөхийн олон улсын тэмцээн эхлэх гэж байна. Шагналын сан өндөртэй тус тэмцээн олимпын өмнөх томоохон сорил гэдгээрээ онцлогтой. 44 орны 365 тамирчин зодоглохоор мэдүүлэг өгсөн тус тэмцээнд манай улсаас З.Дүвчин багшийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 53 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, 68 кг-д Дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Дэлхийн аваргын мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар өрсөлдөхөөр хилийн дээс алхах гэж байна.

Дээрх гурван бөхөөс Э.Сумъяа, С.Батцэцэг нар нэг жил гаруйн хугацаанд тэмцээн уралдаанд оролцоогүй. Харин О.Насанбурмаа хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Красноярск хотод болсон Иваны Ярыгины нэрэмжит тэмцээнд өрсөлдөхдөө найм дахь медалиа зүүсэн юм.

Түрүүлсэн бөх 10 мянган швейцарь франк буюу 31.7 сая төгрөг гардана.

Харин мөнгөн медалийг 7000, хүрлийг 3000 швейцарь франк дагалдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ