АНУ: Азиудыг үзэн ядахыг хуулиар хориглолоо

Хятадад анх коронавирусийн халдвар гарч, улмаар дэлхий даяар тархсанаас хойш Америкт ази гаралтай хүмүүсийг энэ халдварт буруутган, үзэн ядах, биед нь халдах тохиолдлууд эрс ихэссэн талаар олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулж байлаа.

 

Ази төрхтэй хүмүүс рүү халдах тохиолдол өсөж байгаатай тэмцэх зорилгоор АНУ-д хууль боловсруулсан бөгөөд энэ хуульд тус улсын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зуржээ. 

 

Америк дахь азиудыг үзэн ядах хандлага

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, цар тахал дэгдсэн үеэс л азиудыг гадуурхах, биед нь халдах тохиолдол эрс нэмэгдсэн байна. Сүүлийн саруудад гэхэд л нүүр рүү нь нулимах, гутаан доромжлохоос эхлээд биеийн хүчирхийлэл үйлдсэн олон мянган тохиолдол бүртгэгджээ.

 

АНУ-д Тайландаас ирсэн ахмад настай цагаачийг гудамжинд явж байхад нь түлхэн унагасны дараа тэрбээр нас барсан, Филиппин гаралтай америк эмэгтэйг нүүрэн тус газар нь хутгалсан, Хятад эмэгтэйг зодож, дараа нь шатаасан, амралтын газарт болсон галт зэвсэгтэй халдлагын улмаас найман хүн алагдсан, Нью-Йоркийн метронд Филиппин гаралтай 61 настай эрийн нүүрийг нь хутгаар сийчсэн  зэрэг нь  Ази гаралтай америкчууд сүүлийн үед халдлагад өртсөн ердөө цөөхөн жишээ юм. 

 

Азиудыг коронавирусийн халдвар гарсанд буруутгаснаас үүдэлтэйгээр үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргүүдийн талаарх 2020 оны тоон мэдээлэл хараахан гараагүй, харин 2019 онд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд асар өндөр төвшинд хүрснийг Холбооны мөрдөх товчоо онцолж байлаа. 

 

Хүний эрхийг хамгаалах Stop AAPI Hate байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд Ази гаралтай америкчууд болон Номхон далайн арлуудын оршин суугчдын эсрэг үзэн ядалтаас үүдэлтэй зөрчлийн талаарх 2800 гаруй мэдээлэл ирсэн байна. Энэ төрлийн халдлага дайралтын талаарх мэдээллийг бүртгэхийн тулд хүний эрхийг хамгаалах байгууллага онлайн сервис бүтээжээ. 

 

АНУ-ын эрх баригчдын хариу 

Америкийн азиудыг хамгаалагчид сүүлийн жилүүдэд нэмэглэх болсон хүчирхийллийг АНУ пахь Азийн эсрэг үзэл бодол өссөнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Харин зарим нь энэ нөхцөл байдалд  Ерөнхийлөгч асан  Дональд Трампыг шууд буруутгадаг. Учир нь Трамп цар тахлын талаар ярихдаа "Хятад вирус", "кунг-вирус" гэх зэрэг үгийг нэг бус хэлж байсан юм. Энэ нь иргэдийг өдөөн турхирсан гэж зарим шинжээч үздэг. 

 

Азиудыг үзэн ядах хандлага улс төрчид уриалснаар намжихгүй нь илэрхий болсон тул АНУ ази гаралтай хүмүүсийг үзэн ядахыг хуулиараа хориглохоор болжээ. Тодруулбал, азиудын эсрэг халдлага нэмэгдэж байгаатай тэмцэхэд чиглэгдсэн, COVID-19-д буруутган үзэн ядах хөрсөн дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зуржээ.

 

Ингэснээр АНУ-Хуульзүйн яам үзэн ядалтын хөрсөн дээр үйлдэгдсэн хүчирхийлэл, гэмт хэргийг шалгах ажлыг түргэвчлэх асуудлыг хариуцсан албан тушаалтныг томилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулахад төрийн болон орон нутгийн байгууллагуудад санхүүжилт олгох юм байна.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ