Ө.Батбаяр: Хүний уушгийг 10 секундэд нь оношилбол PCR-ийг хэнд хийх нь илүү тодорхой болно
МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Ө.Батбаяртай докторын судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
-Сүүлийн үед таны докторын судалгааны ажлын талаар мэдээлэл сошиал орчинд гарч, олон хүний сонирхлыг татаж байна. Уушгины халдварыг 10 секундын дотор оношлох боломжтой оношлуур бүтээж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Миний үндсэн судалгааны ажил нь хүний биед хүрэлцэхгүйгээр амин үзүүлэлтийг нь хэрхэн хэмжих талаарх судалгаа юм. Энэ нь тоон дүрс боловсруулалт гэх техникийн салбарт үндэслэн явдаг бөгөөд энэ хоёр системийг докторын ажлаараа хийж байна. Тодруулбал, эхнийх нь сэтгэлийн гүн хямралд орсон хүмүүсийг илрүүлэх систем, хоёр дахь нь ажил нь уушгины халдварт өвчтэй хүмүүсийг илрүүлэх систем юм. Тус хоёр системийг би анагаах ухаантай хослуулан туршин, эхлүүлээд явж байна. Нэг ёсондоо техник программ хангамжийг, анагаах ухаантай хослуулан оношлуур гаргахыг зорьж байгаа юм. Энэхүү ажлаа 2019 оны аравдугаар сард эхлүүлсэн бөгөөд удирдагчаар Токио Метрополитан их сургуулийн профессор Такуми Мацуй, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Ч.Лодойравсал нар ажиллаж байна.
-Докторын ажлаа яагаад дээрх хоёр системд тулгуурлан хийхээр болсон бэ?
-Сонирхолтой асуулт байна. Би ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг 2006 онд төгссөн. Харин магистраа МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд тоон дүрс боловсруулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт чиглэлээр 2008 онд хамгаалсан. Нэг ёсондоо электроник инженер мэргэжлийн хүн юм. Миний үндсэн сонирхол судалгааны чиглэл нь робот. Хувь хүн талаас технологийн чиглэлийг бизнес, мөнгө гэж харахаас илүү энэ мэдлэг, зүйлсээр хүн төрөлхтөнд яаж туслах вэ гэдгийг үргэлж бодож ирсэн. Би робот хийж чадах юм байна, дүрс боловсруулалт буюу хүний харж байгаа зүйлийг компьютерт харуулан таньж болдог юм байна. Тэгвэл эдгээрийг хэрхэн нийгмийн сайн сайхан ялангуяа хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл дээр ашиглаж болох вэ гэдэг талаас харьж, бүтээл хийхийг зорьж ирсэн. Иймд докторын ажлаа анагаах ухааны инженерчлэлийн лабораторид анагаах талын мэдлэгийг олж авахын тулд судалгаа, эрдмийн ажлаа хийж байна.
Сүүлийн жилүүдэд сувилагчийн хүрэлцээ дэлхийд төдийгүй манай улсад ч ховордоод байна. Учир нь өдөр шөнөгүй ажилладаг, олон хүнтэй нэгэн зэрэг харьцах, мөн хүний бие физиологид, сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг хэцүү ажил. Үүнтэй холбоотой дэлхийд өвчтөн асрах сувилагчийн хомстолд ороод байгаа юм. Иймд миний судалгааны ажлын хамгийн том зорилго бол сувилагч робот зохион бүтээх юм. Энэхүү роботын тусламжтай эрүүл мэндийн ямар ч асуудалтай мөн хөгшин настай асаргаа хэрэгтэй зэрэг хүмүүсийн хэрэгцээг хангана. Үүнийхээ хүрээнд сэтгэл гутралыг илрүүлэх, уушгины халдварт өвчин гэх системийг хөгжүүлээд явж байна.
-Тус хоёр системийн үр дүн, туршилтын талаар дэлгэрэнгүй хуваалцаж болох уу. Тухайлбал, сэтгэл гутралд орсон хүнийг яг ямар байдлаар оношлох юм бэ?
-Тэгэлгүй яах вэ. Миний эхний эрдэм шинжилгээний өгүүлэл нь веб камер ашиглан хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүмүүсийг оношлох систем. Энэ нь хүний автомат нервийн систем дэх доголдолд үндэслэн явна. Хүний тархины үйл ажиллагааг санамсаргүй ачаалуулах үед тархины үйл ажиллагаа автомат тулааны бэлэн байдалд ордог. Жишээлбэл, би өөрийн судалгаандаа 0-9-ийн хооронд дурын тоог үүсгэж хэлэх даалгаврыг ашигласан. Энэ үед тухайн хүний автомат нервийн систем хэрхэн бэлэн байдалд орж байна вэ гэдгийг системийн тусламжтай харж улмаар сэтгэл гутралын ямар түвшинд байгаа, хэр их сэтгэл гутралд орсон зэргийг тодорхойлох юм.
Эмч нар хүний сэтгэл зүй байдлыг үнэлэхдээ асуумж асуудаг. Тэгвэл хувь хүн асуумжид хариулахдаа санаатай болон санаандгүй байдлаар худлаа хариулах тохиолдол байдаг. Харин манай системийн бас нэг давуу тал нь тухайн хүний хариултаас үл хамаарч сэтгэл зүйл төлөвийг тодорхойлох юм. Бид энэхүү системийн туршилтыг нийт 56 хүнд хийхэд 80 хувийн үр дүнг үзүүлсэн.
-Уушгины халдварыг богино хугацаанд илрүүлэх оношлуурын хувьд?
-Уушгины халдвартай өвчтөнийг илрүүлэх судалгаа-Энэхүү систем нь энгийн өнгөт камер, гурван хэмжээст дүрс үүсгэж харах камер, дулааны камер гэсэн гурван дүрсийн мэдүүлгийг ашиглан хүний зүрхний лугшилт, амьсгалын тоо, биеийн дулаан гэсэн гурван амин үзүүлэлтийг хэмждэг бөгөөд үүнд үндэслэн тухайн хүнийг уушгины халдвартай эсэхийг хиймэл оюуны машин сургалтын аргад тулгуурлан тодорхойлох систем юм. Энэхүү оношлуурыг хэмжээний хувьд авсаархан, зөөврийн, хөдөлгөөнт зарчимд суурилж хийсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Мацуй профессор судалгааг эхлүүлэх саналыг тавьж улмаар долдугаар сараас хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн юм. Тухайн систем нь энэ оны хоёрдугаар сард бэлэн болсон бөгөөд Улсын нэгдүгээр эмнэлэгт хэмжилт хийж туршиж байна. Одоогоор нийт 300 орчим хүний өгөгдөл цугларсан ба үр дүн нь 90 хувьтай гарсан байна. Цааш илүү олон туршилт, судалгааг хийн томоохон сэтгүүлд өгүүллээ өгөхөөр зорьж байна.
-Ковидын энэ үед тус оношлуурыг ашиглах боломжтой юу?
-Яг одоо бид PCR хэнд хийх вэ гэдгийг мэдэхгүй байна шүү дээ. Жишээлбэл, нэг хэсэг айл болгонд очин шинжилгээ авч байсан. Харин энэхүү уушгины халдварт өвчтөнийг илрүүлэх оношлуур нь тусламжтай маш богино хугацаанд буюу арван секундэд хэнд PCR хийх хэрэгтэй вэ гэдгийг хэлж өгөх боломжийг олгох юм. Дээр хэлсэнчлэн бид эхний байдлаар ковидоор өвчилсөн 150 хүн, эрүүл 150 хүн гээд нийт 300 хүнд туршилт хийхэд халдвартай хүмүүсийг 90-ээс дээш хувь зөв илрүүлж чадсан. Энэхүү судалгааны гол зорилго нь халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлж олон нийтийн дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх юм. Мөн ашиглахад хялбар, хариу арван секундын дотор гарна гэдгээрээ давуу талтай.
-Энэхүү оношлуур нь энэ төрлийн дэлхийд анхдагч систем нь болж байгаа юу?
-Яг ийм төрлийн хиймэл оюун ухаанд суурилсан, зөөврийн төхөөрөмж дэлхийд байхгүй. Тэгэхээр ийм төрлийн төхөөрөмжийг анх удаа гарган авч хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна гэдэг нь мэдээж цаагуураа Монгол Улсынхаа нэрийг сурталчилж байгаагаар таатай санагдаж байна. Нөгөө талд хүүхэд багачууд маань зохион бүтээх, бүтээлч сэтгэхүйд дурлаасай хэмээн хүсдэг дээ.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсролоо дараагийн үедээ үлдээхийг зорьж байна. Энэ нь миний өөрийн улсдаа оруулах хувь нэмэр минь болов уу. Энэ үүднээс багш мэргэжлийг сонгосон. Одоо улс болгон арван жилийн хүүхдүүддээ зориулсан инженер техникийн хөтөлбөртэй болж байна. Гэтэл Монголд тогтсон юм байхгүй байна. Инженер технологийн боловсрол зөвхөн их сургуулийн ажил биш болжээ. Ирээдүйн иргэд тэр чигээрээ IT мэдлэгтэй байх зайлшгүй хэрэгтэй болно. Жишээлбэл, нарийн бичиг хэрэв программ, код бичиж чаддаг бол өөрийн ажлыг арав дахин хөнгөвчилж чадна. Тиймээс ийм чадвартай хүмүүсийг багаас нь бэлтгэх, хүүхэд багачуудын сэтгэлгээг хөгжүүлэх талаар ажил хийх мөрөөдөлтэй байна. Хүүхэд багачуудад багаас нь зохион бүтээх , бүтээлч байх нь үнэ цэнэтэй зүйл юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ