Гавьяат тамирчин Э.Бэхбаяр олимпын гурав дахь эрхийг авлаа
Бөхийн төрлүүдийн Токиогийн олимпын эрхийн төлөөх тэмцээн Болгарын нийслэл Софид болж байна. Өчигдөр чөлөөт бөхийн төрөлд манай дөрвөн бөх зодоглосноос гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн тоглолтын болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр олимпын эрх авав. 57 кг-д эхлээд хийлсэн тэрээр Украины Т.Марковичийг 14:0 оноогоор цэвэр, Италийн Г.Давидовиг 3:3-оор, хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны Г.Эдирашвилиг 6:2-оор ялжээ. Өнөөдөр гавьяат маань аваргын төлөө дэлхийн болон Азийн аварга, Японы Ю.Такахашитай барилдана. Тэд 2017 онд Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд хүч үзэхэд нихон залуу давамгайлсан түүхтэй.
Э.Бэхбаяр Токиогийн олимпод барилдах болсон гурав дахь бөх бөгөөд түүнээс өмнө ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл нар Токиог зорих эрхээ авсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ