Эрдэмтэд: Хөнгөн өвдөхийн хэрээр хожим гарах эрсдэл нэмэгдэнэ

Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн тархалт төдийлөн буурахгүй байгаа энэ үед урьд хожид гарч байгаагүй энэ өвчин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг олон орны эрдэмтэд хийсээр байна. Сүүлийн үеийн судалгаагаар, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний эрүүл мэндэд учрах хор хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлүүд гарч байгаа юм. 

 

Тодруулбал, амт, үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг коронавирусийн халдвартай хүнд төдийгүй өвчлөөд эдгэрсэн хүнд ч илэрч болдог гэдгийг Оросын Шинжлэх ухааны академийн академич Александр Чучалин мэдэгджээ. Тэрбээр "Комсомольская правда" сонинд өгсөн ярилцлагадаа COVID-19-ийн улмаас ямар эрхтнүүд илүүтэй гэмтдэг талаар өгүүлсэн байна. Эрдэмтний өгүүлснээр элэг, бөөр, нойр булчирхай зэрэг эрхтнүүд коронавирусийн улмаас илүүтэй өвчилдөг гэнэ.

"Элгэнд муугаар нөлөөлдөг. Элэгний ажиллах чадвартай эдүүд холбогч эдээр солигддог. Ингэснээр элэг бүрэн дүүрэн ажиллах чадвараа алдана" хэмээн Александр Чучалин өгүүлжээ.Түүнчлэн бөөр, нойр булчирхай болон бусад эд эрхтнүүд ч гэмтэх магадлалтай гэж тэрбээр онцолсон байна. 

 

Мөн Москвагийн Их сургуулийн эмнэлгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Симон Мацкеплишвилигийн өгүүлснээр коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараах эрүүл мэндэд учрах эрсдэл ихээхэн санаа зовоож байгаа гэнэ.

 

Түүний өгүүлснээр, коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүсийн 80 хувь нь өвчлөлөөс өмнөх үеийн эрүүл мэндийн байдалдаа эргэн очих боломжгүй аж.

 

Өвдөөд эдгэрсэн хүмүүст байнгын сэргээн засах эмчилгээ шаардлагатай бөгөөд ковидын дараах синдромын үр дагаврын тал хувь нь цочролд орсноос үүдэлтэй сэтгэлзүйн шалтгаантай холбоотой гэнэ.

 

Түүнчлэн, өвчтөн коронавирусийн халдвараар хөнгөн өвдөхийн хэрээр ковидын дараах синдром удаан үргэлжилдэг гэдгийг эрдэмтэн баталж байна.

"Биеийн халуун нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд зарим тохиолдолд хэдэн сараар үргэлжилж болно. Нэг талаас архаг үрэвсэлтэй үүнийг холбож болох ч нөгөө талаас ковидын дараах синдромын учир шалтгааныг тайлахад бид тун ойрхон байна. Энэ синдромыг эмчлэх цаг удахгүй байх" хэмээн Симон Мацкеплишвили өгүүлжээ.

 

Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтдийг багтаасан олон улсын эрдэм шинжилгээний бүлэгт багтсан бөгөөд эдгээр эрдэмтэд ойрын үед ковидын дараах синдромтой холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхээр зэхэж байгаа аж. Эрдэмтдийн бүлэг АНУ-ын Жон Хопкинсийн их сургууль, ӨАБНУ-ын Кейптауны их сургуультай хамтран ажиллаж байгаа юм байна. Ингээд хамтарсан судалгааны үндсэн дээр ковидын дараах синдромыг эмчлэх боломжтой болно гэж эрдэмтэн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ