БАЙЛДАГЧ Х-ИЙН АХ Т: Харуулын дарга нь миний дүүг газарт унатал цохидог. Босоод ирэхээр нь цэнэглэчихсэн буу хүзүүнд нь тулгадаг, байнга зодож, дарамталдаг байсан гэж хэлсэн
Харуулын даргаа хөнөөсөн байлдагчийн ар гэрийнхний ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. “Эр цэргийн албыг нэр төртэй хаагаад ирээрэй” гээд баруун хацар дээр нь үнсээд үдсэн хүү нь нэг л өдөр хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн болчихно гэж төсөөлөөгүй гэдгээ тэд учирлаж байна лээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэрэгт татагдаж явахдаа “Хүү нь цэргийн хүн болно” гээд инээмсэглэн, мөрөөдлөө яриад явсан тухай нь ч дахин дахин онцлон хэлж байв. Амьдралд дөнгөж хөл тавьсан, 19 настай хилчид “Харуулын даргынхаа дарамт, доромжлолыг тэсэж чадаагүй. Эргүүлд гараад өдөржин яваад хилийн хайчнаасаа буугаад очихдоо даргадаа буудуулах байх гэж айсандаа ийм хэрэг үйлдсэн. Харуулын дарга нь байнга буу цэнэглэж тулгадаг байсан гэсэн” хэмээн байлдагч Х-гийн нагац ах ярьж байна. Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийнхэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэхдээ хэргийн үнэн зөвийг олоосой, хилийн цэрэг дэх дэглэлт, элдэв дарамтыг үгүй хийгээсэй гэсэндээ энэхүү дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын 10-ны 22:26 цаг. Байлдагч Х харуулын даргынхаа гар утсаар ээж рүүгээ залгажээ. Тухайн өдөр түүний аав, ээж, эмээ, өвөө, дүү нь Ховд аймгийн Чандмань сумаас Говь-Алтай аймгийн Алтай сум руу хөдөлсөн учир утас нь холбогдох боломжгүй байсан байна. Байлдагч Х үүний дараа ээжийнхээ ах руу залгаж, зургаан минут ярьжээ.
БАЙЛДАГЧИЙН АХ Т: Харуулын дарга нь “Та хоёрыг орой харуулаас бууж ирэхээр чинь цааш нь харуулна” гэж хэлсэн гэсэн
Энэ талаар байлдагч Х-ийн ах Т-оос тодруулахад,
“Дүү минь гэнэт залгаад “Ах аа, би тэсэхээ байгаад хүн буудчихлаа. Бид хоёрын бууны амнаас долоон сум гарсан” гээд уйлаад ярьсан. Би “Яагаад ийм айхтар зүйл хийчих вэ ээ” гэж асуухад “Дарга миний духанд буу тулгаж байгаад зоддог. Байнга ална гэж дарамтлаад байсан” гэж хэлээд уйлаад л байсан. Хэрэг гардаг өдрийн 04:00 цагт харуулын ээлж солилцох ёстой байсан юм байна лээ. Дүү маань хамт хэрэг хийсэн байлдагчтайгаа хил рүү алхаад, 05:00 цагийн үед очсон гэсэн. Хоцорч очсон гээд харуулын дарга нь уурлаж, цээж рүү нь бууны бөгсөөр цохиж, зодсон гэж байна лээ. Тэгээд дарга нь явахдаа “Та хоёрыг орой бууж ирэхээр чинь цааш нь харуулна” гэж хэлсэн байгаа юм. Хоёр байлдагч орой очоод яргалуулах, алуулахаасаа айгаад ийм хэрэг хийчихсэн юм байна гэж би ойлгосон.
Тэгээд дүү минь “Ах аа, бид өөрсдийгөө буудлаа” гэж хэлсэн. Би “Ахын хоёр дүү битгий тэгээрэй. Амьд л байгаарай. Одоо утсаа унтраагаад цэнэгээ гамна. Хэнтэй ч битгий яриарай. Уулнаасаа буу” гэж дүүдээ хэлсэн. Урдаас “Ах аа, яаж буух вэ” гэж асуусан. “Гэрийнхэн чинь чиний байгаа газар руу явж байгаа. Миний дүү наад уулнаасаа буугаад аав, ээждээ оч. Битгий буун дуу гаргаарай. Хүн амины хэрэг хийсэн нь үнэн учраас бууж өг. Чи өвөөгийнхөө машиныг мэдэх учраас буугаад очоорой” гэж хэлтэл “Та ирээгүй юм уу” гэж асуусан. Би “Ах нь очиж чадахгүй байна. Гэхдээ ах нь дүүгээ заавал очиж авна. Өглөө 09:00-10:00 цагийн үед уулнаас буугаарай. Хүн харагдахаар нь буугаа хойш нь тавиад, хоёр гараа өргөөрэй” гэж хэлэхэд утсаа тасалсан.
Ингэж яриад удаагүй буюу 10 минутын дараа “Тагнуулаас ярьж байна” гээд нэг хүн залгасан. Миний бүх яриаг хуулж, бичиж авсан юм билээ. Тэр шөнө Ховд аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хоёр мөрдөгчтэй утсаа чагнаад хамт хоносон.
Дүүгээсээ “Үнэхээр тэвчсэнгүй юү. Яагаад хүний амь хөнөөж байгаа юм бэ” гэж асуухад “Харуулын байрны хажуу талын хоолны газарт биднийг байнга зоддог байсан. Буугаа цэнэглээд миний духанд тулгадаг. Тэгээд намайг унатал, ойчтол цохиж, зодож байгаад босоод ирэхээр сумтай, цэнэглэчихсэн буу хүзүүнд тулгадаг. Байнгын зодуур, дарамтад байсан” гээд уйлж байна лээ
БАЙЛДАГЧ Х “ХАРУУЛЫН ДАРГА МИНИЙ ДУХАНД БАЙНГА ЦЭНЭГТЭЙ БУУ ТУЛГАДАГ БАЙСАН” ГЭЖ ХЭЛЖЭЭ
Дүү минь маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 11-ний 08:36 цагт над руу залгасан. Миний “Уулнаасаа төдийн үед буугаарай” гэж хэлсэн цагт л яг залгасан даа. Тэгээд “Ах аа, би одоо яах вэ” гэж асуухаар нь “Дахиад буун дуу гаргах юм бол миний дүүгийн ял улам хүндэрнэ шүү” гэж хэлсэн. Надаас “Одоо дахиад буу хэрэггүй юү” гэж асуухаар нь “Дахиж чамд буу хэрэггүй. Буугаа жалганд хая. Аав, ээждээ гараа өргөөд гүйгээд очоорой” л гэж хэлсэн.
Миний дүү өөрийнхөө хийсэн хэргийг мэдэж байсан учраас би худлаа хэлээгүй. Надаас “Харуулын дарга яасан бэ” ч гэж асуугаагүй. Би дахиад дүүгээсээ “Үнэхээр тэвчсэнгүй юү. Яагаад хүний амь хөнөөж байгаа юм бэ” гэж асуухад “Харуулын байрны хажуу талын хоолны газарт биднийг байнга зоддог байсан. Буугаа цэнэглээд миний духанд тулгадаг. Тэгээд намайг унатал, ойчтол цохиж, зодож байгаад босоод ирэхээр сумтай, цэнэглэчихсэн буу хүзүүнд тулгадаг. Байнгын зодуур, дарамтад байсан” гээд уйлаад ярьж байна лээ. Би дүүгийнхээ хэлснийг бүгдийг нь цагдаад мэдэгдсэн. Ингэж бид нэг цаг орчим ярилцсан. Миний яриаг бүгдийг нь тагнуулынхан болон цагдаагийнхан тэмдэглэж, бичиж, хурааж авсан.
Тэр хоёрыг баривчлагдахаас 20 минутын өмнө би дүүгийнхээ надтай холбогдож байсан дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Хамгийн сүүлд дүү минь уулнаас бууж ирээд, “Ах аа, бид мотоциклоо орхисон газартаа алхаад ирчихлээ. Энд хэн ч алга” гэж хэлсэн. Би дүүг минь хайж байсан эрлийн багийнханд "Дүүгээ уулнаас бууж ирсэн, тэнд байна" гэж байршлыг нь хэлж байж, тэд байгаа газарт нь очиж баривчилсан. Тэд миний дүүг аль ууланд байсныг ч үнэндээ тогтоож чадахгүй, мэдэхгүй байсан шүү дээ. Миний дүү надтай маш удаан ярихдаа "Бай буудсан, дуран эвдэлсэн" гэж огт хэлээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа. Ямар нэг өө сэв, алдаа байсан болгож харуулахыг оролдож байна” гэлээ.
Мөн тэрбээр дүүгийнхээ талаар ярихдаа хэдэнтээ хоолой зангируулж, Миний дүү чинь төлөв төвшин хүний үгнээс гардаггүй, зөрдөггүй аядуу зөөлөн хүүхэд шүү дээ. Үеийнх нь олон найз үүнийг нь гэрчилнэ. Сургуулийн сурагч байхдаа нэг ч удаа хэрэг тарьж, аав, ээжийнхээ санааг зовоож байгаагүй. Даанч яагаад ийм хэрэг хийчих вэ дээ. Багаасаа л хурдан морь унаж, үндэсний бөхөөр барилдаж өссөн хүүхэд. Олон ч тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа "Аварга" БТДС-д бэлтгэл хийдэг байсан. Миний дүү чинь цэргийн албанаасаа шантрах хүн биш шүү дээ. Анх очоод албандаа маш дуртай, тэндээ улирч ажиллана гэж ярьж байсан гэнэ лээ. Аав, өвөө нь дарга нар руу нь яриад тэр хүсэлтийг нь хүргүүлж байсан гэсэн. Гэхдээ тэрийг нь би яг сайн өөрөө мэдэхгүй байна" гэж байлаа.
Түүнчлэн "Сүүлд ярихдаа дүү минь “Ах аа, та намайг ирж авахгүй юм уу” гэж байн байн асуусан. Би чөлөө халаа олдоод, сум орон нутгаас гаргах зөвшөөрөл өгсөн бол дүүгийнхээ барааг харчихаад ирэх байсан юм. Эрлийн багийг удирдаж байсан дарга руу нь залгаад учир байдлаа хэлэхэд “Чиний хэрэг байхгүй” гэж хэлсэн. Харин тэр хүн дараа нь над руу залгаад “Чи эрэлхэг үйлдэл гаргаж, энэ бүгдийг хийлээ. Чамд баярлалаа” гэж байна билээ. Баярлаад яах вэ дээ, миний дүү ахтайгаа л уулзах юм сан гэж бодож байсан шүү” гэв.
БАЙЛДАГЧ Х БАРИГДАХЫНХАА ӨМНӨХ ӨДӨР ГЭРИЙНХНЭЭСЭЭ “АНГИЙН ЗАХИРАГЧИЙН ДУГААРЫГ ОЛООД ӨГӨӨЧ” ГЭЖ ХЭЛЖЭЭ
Байлдагч Х дөрөвдүгээр сарын 10-ны 22:20 цагийн үед ах, ээж, бэр эгч рүүгээ залгажээ. Тэрбээр бэр эгч рүүгээ залгаад “Ангийн захирагчийн дугаарыг олоод өгөөч” гэж гуйсан гэнэ.
Дүүг минь хайж байсан эрлийн багийнханд дүүгээ уулнаас бууж ирсэн, тэнд байна гэж хэлж байж, тэд байгаа газарт нь очиж баривчилсан. Тэд миний дүүг аль ууланд байсныг ч үнэндээ мэдэхгүй байсан шүү дээ
БАЙЛДАГЧ Х-ИЙН ЭЭЖ: Хүү минь хоёр гараа өргөөд “Бууж өглөө” гэж байгаа мэт зогсож байсан. Түүнийг нь хараад л би ухаан алдчихсан байна лээ
Говь-Алтай аймгийн Алтай сумын Зөөлөн богд ууланд юу болсон талаар бид байлдагч Х-ийн ээжээс дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Бид өнөөдөр (өчигдөр 14:00 цагийн үед) сумандаа ирээд байна. Миний хүү ээжтэйгээ ганц ч удаа яриагүй. Утасны сүлжээ байхгүй үед ганц л удаа залгасан байна лээ. Биднийг Алтай суманд очсоноос хойш эрлийн багийнхан миний хажуунаас огт холдоогүй. Утас дуугарвал чагнаж, дагаж байсан. Дөрөвдүгээр сарын 11-ний 10:20 цагийн үед хүүгийнхээ байгаа газарт очсон. Миний хүү аав, ээжийгээ хараад гараа өргөөд гүйгээд гараад ирсэн. Үүд хоймрын зайтай буу, сумаа орхисон байна лээ. Би хүүгээ тэврээд л авах шиг болоход цагдаа нар араас “Бууг нь аваад ир” гэж хашхираад байсан. Бууг нь аваад эргэхэд л машин дотроос олон хүн гарч ирээд, хоёр хүүг дараад авсан. Би тухайн үед ухаан алдаад уначихсан байна лээ. Нөхөр минь хүүгээсээ “Юу болсон бэ” гэж асуухад “Дарамттай байсан” гэж хэлээд, уйлаад л машинд суусан гэсэн. Нөхөр минь элэгний өвчтэй учраас бие нь тааруу байсан. Өөр юу ч санахгүй байна. Хүүг минь олуулахаар биднийг авч явж байсан цэрэг, цагдаагийнхан хоёр хүүг барьсныхаа дараа биднийг тэнд нь, уулын мухарт хаячихаад явчихсан. Бид Говь-Алтай аймаг руу хүүгийнхээ араас очих гэсэн боловч хөл хорионы улмаас оруулаагүй. Тэгээд л бид гэртээ ирэхээс аргагүй болоод ирчихээд сууж байна. Хүүгийнхээ алба хааж байсан застав, анги дээр ч очоогүй. Талийгаачийн ар гэрийнхэнтэй ч уулзуулаагүй” гэлээ.
“Намайг ухаан алдчихсан хойгуур тусгай албаныхан гишгэх нь холгүй дээгүүр нь харайж хүүг нь баривчилсан” хэмээн байлдагчийн ээж уйлан байж ярив. Тэрбээр “Миний суга таягтай, даралт ихтэй аав хүүг минь баривчлагдаж байгааг хараад зогсож байсан. Намайг ухаан алдаад унасан хойгуур алба хаагчид дээгүүр минь харайгаад, алхаад гарсан гэсэн. Анх очоод хүүгээ таниагүй. Өөр хоёр цэрэг явж байна л гэж харсан. Дөхөж очоод л “Мөн байна” гэж таньсан. Танигдахын аргагүй болтлоо турж, царай алдсан байна лээ. Мөн усгүй газар байсан болохоор ам нь цангаж, туйлдсан байна лээ. Аав нь ундаа өгөхөд хүү минь нэг балгаад л бөөлжөөд гаргасан гэсэн. “20 минут, ядаж хэдхэн минут хүүтэй минь уулзуулаад өгөөч” гэж гуйгаад нэмэргүй, хээр хаягдаж үлдсэн дээ” гэх мэдээллийг бидэнд өглөө.
Харин байлдагч М-гийн ар гэрийнхэн ковидын хөл хорионы улмаас тэдэнтэй хамт явж чадаагүй байна.
Хүүг минь олуулахаар биднийг авч явсан цэрэг, цагдаагийнхан хоёр хүүг барьсныхаа дараа биднийг тэнд нь, уулын мухарт хаячихаад явчихсан
БАЙЛДАГЧ Х-ИЙН АХ Т: Харуулын дарга нь миний дүүг газарт унатал цохидог. Босоод ирэхээр нь цэнэглэчихсэн буу хүзүүнд нь тулгадаг, байнга зодож, дарамталдаг байсан гэж хэлсэн. Эх сурвалж: Ergelt.mn |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ