Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа
Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр өнөөдөр (2021.04.12) "Хүннү эйр" компанийн онгоцоор БНСУ руу авч явлаа. Ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар түүнийг холбогдох эмнэлэгт хүргэж өгөхөөр ниссэн ба зорьсон газраа саадгүй хүрчээ.
Э.Энхбат начинг БНСУ-д эмчлүүлэх зардалтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл гарч байгаа юм. Тиймээс энэ талаар Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноровтой утсаар холбогдож, тодрууллаа.
-Э.Энхбат начин өнөөдөр эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон гэх мэдээллийг бид хүлээж авлаа. Эмчилгээний зардалд Н.Түвшинбаяр аваргын зүгээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ? Боломжтой бол та бидний асуултад хариулт өгнө үү?
-Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн нислэгээр өнөөдөр Э.Энхбат начныг БНСУ руу авч явлаа. Тухайн тусгай онгоцны зардлыг 100 хувь төлсөн. Мөн очоод хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг гаргаж, эмнэлэгт нь байршуулсан. Цаашид гарах бүхий л зардлыг төлнө.
-Эмчилгээ болон бусад зардалд хэчнээн төгрөг хэрэг болж байгаа бол?
-Тэр талаар гэр бүлийнхэнтэй нь зөвлөж, нэмж тодруулсны үндсэн дээр тодорхой хэлэх боломжтой.
-Та Н.Түвшинбаяртай сүүлд хэзээ уулзсан бэ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Ер нь уулзаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай байцаалт, тайлбарыг өгөөд явж байгаа. Хоригдоод шалгагдаж байна.
Н.Түвшинбаяр болон түүний гэр бүлийнхэн Э.Энхбатын биеийн байдалд маш их сэтгэл зовж байгаа. Н.Түвшинбаяр гэлтгүй Монголын ард түмэн нийтээрээ түүнийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Уулзахад хамгийн түрүүнд л Э.Энхбатын биеийн байдлыг асууж, яаралтай эмчилгээнд тусалж, шийдвэрлэх шаардлагатай бүх зүйлийг хийгээрэй гэж захиж байгаа.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ