Домогт Б.Чарльтоны амжилтыг 56 жилийн дараа М.Рэшфорд давтлаа
ЕХБХ-ны Европын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд болов. Английн алдарт "Манчестер Юнайтед" Испанийн "Гранада"-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожлоо. Тоглолтын 31 дэх минутад Маркус Рэшфорд, 90 дэх минутад Бруну Фернандеш талбайн эздийн хаалгыг мялаажээ. 23 настай англи довтлогч М.Рэшфорд энэ улиралд Аваргуудын лигд зургаа, Европын лигд хоёр, нийт найман гоол өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан бөгөөд 56 жилийн өмнөх домогт Бобби Чарльтоны амжилтыг давтсан анхны англи хөлбөмбөгч болсон аж. Харин "Манчестер Юнайтед"-ийн тоглогчдоос хамгийн сүүлд Криштиану Роналду 2007/2008 оны улиралд найман бөмбөг оруулсан юм. М.Рэшфорд "улаан чөтгөр"-үүдийн бүрэлдэхүүнд энэ улиралд 47 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулж, нөхөд нь түүний өгсөн 12 дамжуулалтыг "чулуу болгоод" байна. Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 15-нд "Ман Ю"-гийн алдарт "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ