Б.Давуусамбуу: Дөрвөн минутад шийдвэр гаргаж онгоцны замыг өөрчилсөн нь 400 гаруй иргэний амь насыг аварсан

Монгол, Оросын хилийн зурвас дээр мөргөлдөх гэж байсан хоёр онгоцны чиглэлийг нь өөрчилж, 420 гаруй хүний амь насыг аварсан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Б.Даваасамбуутай ярилцлаа. Түүнийг өнөөдөр ИНЕГ-ын хүндэт тэмдгээр шагнасан юм. 

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Хоёр онгоц мөргөлдөх гэж байсныг зохицуулсан байна шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Баярлалаа. Манайх хоёр ээлжээр ажилладаг. Би нэгдүгээр сарын 23-ны өглөөний ээлжид гарч байхад тухайн хоёр агаарын хөлөг хилийн зурвас дээр мөргөлдөх гэж байсан. Тэгээд манайхаас явж байсан онгоцны өндрийг өөрчилж арга хэмжээ авсан байгаа. Ингээд оросын талд мэдээлсэн.

Тухайн үед маш их сандарсан. Хоёр онгоц өөд өөдөөсөө ижил өндөртэй, тийм ойрхон явж байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Бид нарыг байнга сургаж байдаг болохоор тэр туршлагаараа ажиллаж  онгоцыг зөрүүлсэн. Онгоц зөрсний дараа уужирч, ажлаа сайн хийчихлээ дээ л гэж бодсон.

-Хэдэн минутын хугацаанд арга хэмжээ авч ажилласан бэ?

-Миний санаж байгаагаар 4 минутын л зайтай байсан. Хоёр минут хоцорсон байсан ч хэцүү байх байсан л даа. Агаарын хөлгүүд мөргөлдөхөөс сэргийлэх системтэй байдаг. Би хараагүй өнгөрсөн ч, тэр систем нь ажиллаж зөрж өнгөрнө. Гэхдээ аюулдаа хүрсэн байх болно. Хоёр онгоцонд ойролцоогоор 420 гаруй зорчигч байсан.

-Оросын талаас мэдээгүй, харин манайхаас мэдсэн байна шүү дээ. Тухайн үеийн хяналтыг тэдний тал алдсан уу? 

-Оросын талд ямар процесс болсныг мэдэхгүй байна. Байгалийн үзэгдлээс болж холбооны чанар хааяа унадаг. Тэгээд нисгэгчтэйгээ холбоо бариагүй ч байж болно.

-Нислэгийн удирдагч мэргэжлийнхээ талаар яривал?

-Товчхондоо бол агаарын хөлгүүдийг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлж, зохицуулалт хийдэг мэргэжил байгаа.  

-Тухайн хөлгийг агаарт гарахаас өмнө зохицуулалтын хийгээд, агаарт хөөрч байх үед хяналт тавьдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Агаарын хөлөг хөөрөхөөс авахуулаад буух хүртэлх хугацаанд зохицуулалт хийдэг гэсэн үг. Нисгэгч нартай байнга холбоотой байдаг. Хэрвээ манай мэргэжил байхгүй бол жилд хэдэн ч осол гарахыг мэдэхгүй. 

Олон агаарын зам байгаа шүү дээ. Агаарын хөлгүүд явж байхад зам заавал огтлолцдог. Тэгэхээр ижил өндөрт нислэг хийж байвал бид нар холбогдож зохицуулж байдаг гэсэн үг.

-Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Би 10-н жилээ төгсөөд шууд энэ чиглэлээр суралцсан. Тайландад нисэхийн сургууль төгссөн. 

Эх сурвалж: time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ