Г.Алтанбагана хүрэл медаль авч, Тбилисийн их дуулгад гуравдугаарт орлоо

        Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өндөрлөв. Сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийнхэн барилдаж, эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн ОУХМ, "Жакарта-2018" Азийн наадмын дэд аварга Г.Алтанбагана эхлээд хийлж, Лихтенштэйний Р.Швендингерийг ердөө 36 секундэд цэвэр, Унгарын Р.Гозыг 6 минут 30 секундэд, хэсгийн аваргын төлөө Казахстаны И.Бозбайевийг 3 минут 12 секундэд тус бүр гурван торгуулиар цэвэр ялсан ч хагас шигшээд Италийн Н.Мунгайд нэмэлт цагийн 40 дэх секундэд вазари алдан хожигдлоо. Хүрэл медалийн төлөө Узбекистаны Ш.Жандреевийг 2 минут 39 секундэд иппон буулгасан түүнтэй цуг Шведийн М.Ниман, Италийн Н.Мунгай, Узбекистаны Д.Бобонов нар медалийн тавцанд зогссон юм.                     
25 настай Г.Алтанбагана өмнө 2018 онд Екатеринбург болон Дюссельдорфын "Их дуулга"-аас хүрэл, 2020 онд Унгарын "Их дуулга"-аас мөнгөн медаль авсан билээ.    Багийн дүнгээр алт, хүрэл тус бүр хоёртой манайхан гуравдугаарт орсон бол хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэй дэвжээний эзэд түрүүлж, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй канадчууд удаалав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ