Тэрүнофүжи озэки цолны болзол хангалаа

          Харү башёгийн 12 дахь өдөр зүүн жигүүрийн сэкивакэ Тэрүнофүжи нутаг нэгт Тамавашиг цукиотошигоор ялж, есөн даваа, гурван унаатай болсноор озэки цолны болзол хангалаа. Сумо бөхийн холбооноос энэ тэмцээнд ес давбал түүнд озэки цол олгоно гэж мэдэгдсэн юм. Сүүлийн гурван тэмцээний давааны нийлбэр 33 хүрвэл озэки цол олгодог бичигдээгүй хууль байдаг ба Тэрүнофүжи ноднингийн сүүлийн башёд 13, энэ жилийн эхнийхэд 11 давсан юм.                                          
Мөн Ичиножо маэгашира Мидорифүжиг ёрикиригээр, Кирибаяма маэгашира Ооношёог сукуинагэгээр давж, Хоошёорюү маэгашира Акисеямад ёрикиригээр, Чёошёома маэгашира Котоновакад уватэнагэгээр унажээ. Хоошёорюү, Ичиножо нар долоон даваа, таван унаатай, Чёошёома, Кирибаяма, Тамаваши нар таван даваа, долоон унаатай боллоо.                                                  
Өнөөдөр Чёошёома Рюүдэнтэй, Хоошёорюү Кагаякитай, Кирибаяма Точиношинтой, Ичиножо Хокутофүжитэй, Тамаваши комүсүби Митакэумитэй, Тэрүнофүжи озэки Шёодайтай барилдана.                        
 Харү башёг арван даваа, хоёр унаатай комүсүби Такаясу хошуучилж, нэг унаа илүү сэкивакэ Тэрүнофүжи, озэки Асанояма нар удаалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ