COVID-19: Энэтхэгт илэрсэн давхар мутаци хэр аюултай вэ?

Энэтхэгт давхар мутацитай коронавирус илрүүлсэн талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. Одоо Энэтхэгийн мэргэжилтнүүд энэ штамм хэр халдвартай, мөн вакцинд тэсвэртэй эсэхийг шалгаж байгаа аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ мутациуд илэрсэн нь Энэтхэгийн зарим мужид өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбоотой эсэх нь хараахан тодорхойгүй байгаа гэнэ.

 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны ивээл дор үйл ажиллагаа явуулдаг, тэргүүлэгч 10 лабораториас бүрдсэн SARS-CoV-2 судлах Энэтхэгийн консорциум тус улсад илэрсэн штаммын генийн судалгааг хийжээ. 

 

Судалгаагаар, өнгөрсөн оны 12 дугаар сард илэрсэн халдвартай харьцуулахад E484Q и L452RВ мутациудын тоо нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Энэтхэгийн вирус судлаач Шахид Жамилийн өгүүлснээр энэ мутацийг дархлааны систем эсэргүүцэж чадахааргүй, илүү аюултай байж болзошгүй гэнэ. 

 

"Вирусийн давхар мутаци" гэдэг нь цочирдмоор сонсогдож байгаа ч үүнд гайхах зүйл үгүй гэж Энэтхэгийн эрдэмтэд өгүүлсэн байна. Вирус байнга мутацид орж байдаг, харин вирусийн мутаци дахин мутацид орсноор вирус илүү халдвартай болох эсэх, үүгээр үүсгэгдсэн өвчин хүндрэх эсэх, өнөөгийн вакцинууд ийм мутацийн эсрэг үйлчлэх эсэх зэрэг асуултад хариулт авах нь нэн чухал, эдгээрийг тодруулахаар ажиллаж байна гэж Энэтхэгийн эрдэмтэд мэдэгджээ.

 

Энэтхэгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, тус улсын зарим мужид халдвар эрс нэмэгдсэн нь энэ мутацитай холбоотой гэж хэлэх баримт байхгүй бөгөөд шинжилгээний тоог нэмэгдүүлж, ойрын хавьтлуудыг судлан, халдвар илэрмэгц нэн яаралтай тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. 

 

ВВС агентлагийн онцолсноор, хэд хэдэн оронд илэрсэн шинэ штаммуудын эсрэг өнөөгийн вакцин үр дүнтэй гэнэ. Түүнчлэн коронавирусийн шинэ мутациудтай тэмцэхийн тулд шаардлагатай бол одоо байгаа вакцинуудыг өөрчлөн боловсруулах бүрэн боломжтой гэж эрдэмтэд онцолж байгаа юм.

 

эх сурвалж : Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ