Синофарм группийн “Verocell” 86 хувийн үр дүнтэй

Хятадын тал Монгол Улсад “Синофарм” группийн “Verocell” вакцины 300 мянган тунг өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд хандивласан билээ. Уг идэвхгүйжүүлсэн вакцин нь “Кешин” компанийн бүтээл юм. Анагаах ухааны цэргийн академийн эмч нар вакциныг нэг сарын дотор гарган авчээ. Одоогоор энэ төрлийн гурван вакцин Хятадад хөгжиж байгаа юм. Эдгээр нь Sinopharm, Sinovac Biotech, CanSino компаниудын вакцин. Вакцин үйлдвэрлэгч “Кешин” нь 2021 оны босгон дээр албан ёсоор Ковидын эсрэг вакцин хэмээн зарласан анхны компани болж байв.

“Verocell” вакциныг уламжлалт аргаар бүтээжээ. Тухайлбал, тусгай хяналттай орчинд вирусийг ургуулан дархлаа тогтоосон. Улмаар хангалттай өндөр идэвхтэй вирусийг түүн авч дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирусийн хоруу чанарыг сулруулан гаргаж авчээ. Вакциныг тариулсны дараа тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30 минутын дотор илэрч байгаа аж. Мөн настай хүмүүст эдгээр шинж тэмдэг 1-2 хоногт илэрч буй талаар мэдээлжээ. Мөн эмийн найрлагад харшилтай хүмүүст хүчтэй анафлаксийн шок үзүүлж болохыг үгүйсгээгүй байна. Ямартаа ч вакцин хийх компаниас үүнийг тооцоолон эрүүл мэндийн удирдамж гаргажээ. Нөгөө талаас вирусийн хоруу чанар их тул зарим хүмүүст удаан хугацаанд зовуурь илэрч болох гэнэ. Зовуурь их байх тусам дархлаа тогтох боломж дагаад их байдаг аж. Хятадын эрүүл мэндийн хүрээлэнгийн анхааруулснаар огт зовуурь илрээгүй бол дархлаа сул тогтох боломжтой гэжээ. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байгаа аж.

Мөн 22 оронд вакцинаа экспортолжээ. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан удаатай. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхээр зориулагджээ. Хятадын Засгийн газар коронавирусийн вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа аж. Тухайлбал, вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж байгаа гэнэ.

Статистик судалгаагаар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас "Синофарм" группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээгээр, “Verocell” вакцин 86 хувийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99 хувь, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100 хувь сэргийлэх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.Дашрамд хэлэхэд, Монгол Улсад уржигдрын байдлаар 122 мянган хүнийг “Синофарм” вакциныг нэг тунгаар дархлаажуулаад байна. Мөн ойрын хугацаанд 28 мянган хүнийг дархлаажуулснаар уг вакцины нөөц дуусч байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Синофарм вакцины хоёр дахь тунг ХӨСҮТ-д хадгалж байгаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хоёр дахь тунг тарих юм байна. “Синофарм” вакцины 900 мянган тунг дөрөв, тавдугаар сараас татаж авна.

Д.ЦЭРЭНДОЛГОР dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ