Монголын эмэгтэй боксчин М.Мягмаржаргал анх удаа олимпын ринг дээр тулалдах болов
Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас Үндэсний шигшээ баг болон "Ширэн бээлий" клубын тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг авсан байна.
Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ.
ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Улмаар тив тивд нь хувааж, чансаагаар нь олимпын эрх олгох юм. М.Мягмаржаргалын хувьд чансаагаар эмэгтэйчүүдийн 75 кг-д тавд жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан учраас ийнхүү олимпод оролцох эрхтэй болов. Тэрбээр гэмтлийн улмаас олон сар ринг дээр тоглоогүй байгаа аж.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын эрх баталгаажсан байна.
Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригтой 3 боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.
Ташрамд дуулгахад, Турк улсын Станбул хотноо 2020 оны нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал мөнгөн медаль хүртсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ