Алдарт Хинчегашвили олимпийн эрхээ авч чадсангүй


“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох Европ тивийн тэмцээн өнөөдөр Унгарын нийслэл Будапештийн “Bok Sports Hall”-д эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 12 эрхийн төлөө “Хөгшин тив”-ийн 30 орны 99 тамирчин өрсөлдөв. Беларусь гурав, Армен, Азербайжан, Турк хоёр, Болгар, Гүрж, Герман улс тус бүр нэг эрх халаасаллаа.
Хамгийн анхаарал татсан жин 65 кг. 2019 оны Нур-Султаны Дэлхийн аваргад Ази тивээс дөрвөн бөх эрх авч, үлдсэн хоёрыг нь Европоос хоёр дагестан эр Гажимурад Рашидов (ОХУ), Исмаиль Мусакаев (Унгар) нар халаасалсан билээ. Тивийн өрсөлдөөнөөс олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили эрхээ авч чадсангүй. Тэрбээр 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Армений Вазген Теванянд 4:6-гаар ялагдсан. Армен залуу энэ жингийн ихэнх шилдгүүдийг ялж Токиог зорих эрхээ авсан бөгөөд Хинчегашвилиг мулталснаас гадна ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубов, Польшийн Магомедмурад Гажиев болон Беларусийн Ньюрген Скрябин нарыг ялж, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Алиевтэй хамт олимпийг зорих тийзээ баталгаажууллаа. 65 кг-ын жинд тавдугаар сард Болгарт болох Дэлхийн эрх олгох цорын ганц тэмцээнд хоёр эрхийн төлөө бидний хэлдгээр жинхэнэ “алаан” болно доо.
97 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Румыний Альберт Саритов шөвгийн наймд Туркийн Сулейман Караденизэд 4:6-гаар, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Европын гурван удаагийн аварга Сонер Демирташ цагтаа Оросын аварга болж байсан Беларусийн дагестан легионер Магтомедхабиб Кадимагамедовт 7:8-аар ялагдаж мултарсан. 57 кг-ын жингийн хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медаль Украины Андрей Яценко Армений Арсен Арутюнянд, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Словакийн Борис Макоев Туркийн Осман Гоченд оноогоор цэвэр ялагдсныг эс тооцвол таамагт байсан бөхчүүд олимпийн эрхээ авлаа. Харин хүнд ОХУ-аас зодоглосон 2020 оны Дэлхийн цомын аварга Шамиль Шарипов хагас шигшээд Беларусийн Денис Хроменковт эцсийн мөчид 4:4-өөр харамсалтай ялагдаж эрхээ авч чадаагүй. Болгарын эрхийн тэмцээнд энэ жилийн Оросын аварга 20 настай залуу Сергей Козырев явах нь бараг тодорхой биз. 125 кг-д нөгөө эрхийг харьцангүй хөнгөн сугалаа татсан Германы Геннадий Кудинович хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азербайжаны ахмад бөх Жамаладдин Магомедовыг хялаалгасаар оноогоор цэвэр ялж авлаа.
ЕВРОП ТИВЭЭС ОЛИМПИЙН НААДАМД ЭРХ АВСАН БӨХЧҮҮД
57 кг: Георги Вангелов (Болгар), Арсен Арутюнян (Армен)
65 кг: Хажи Алиев (Азербайжан), Вазген Теванян (Армен)
74 кг: Хаджимурад Гажиев (Азербайжан), Автандил Кенчадзе (Гүрж)
86 кг: Али Шабанов (Беларусь), Осман Гочен (Турк)
97 кг: Александр Гуштын (Беларусь), Сулейман Карадениз (Турк)
125 кг: Геннадий Кудинович (Герман), Денис Хроменков (Беларусь)

May be an image of 1 person and indoor

May be an image of 1 person


May be an image of 1 person and text that says 'WRESTLING'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ