Монгол-Tажикистаны тоглолтыг цэнгэлдэхэд 10 мянган хүн үзнэ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан ердөө долоо хоногийн дараа Тажикистаны Душанбе хотод ДАШТ-2022, ААШТ-2023 урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийх гэж байгаа билээ. Үүнээс гадна 12 хоногийн дараа Японд дахин нэг тоглох хуваарьтай. Тэгвэл энэ хүрээнд манай хөлбөмбөгчид Туркийн Анталия хотод бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд бэлтгэлийн үеэр гурван удаа нөхөрсөг тоглолт хийжээ. Эхлээд Туркийн гуравдугаар лигийн багтай тоглоход эцсийн мөчид хаалгандаа нэг гоол алдсанаар 1:0-ээр хожигдсон байдаг. Харин уржигдар Украины “ЛНЗ Лебедин”-тэй нөхөрсөн тоглолт хийж 2:0-ээр хожигджээ. Уг тоглолтод Унгарын дэд лигт тоглож буй Г.Ганбаяр цөөн минутыг талбайд өнгөрүүлсэн байна. Тэд нөгөөдөр дөрөв дэх нөхөрсөг тоглолтдоо оролцоод Душанбе хотыг зорих аж. Энэ сарын 25-нд болох тоглолт орон нутгийн цагаар 18:00, Монголын цагаар 21:00 цагт болох юм. Энэ нь тус өдөр Азид болох цорын ганц албан ёсны тоглолт учраас олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Одоогийн байдлаар энэ хэсэгт Тажикистаны баг гуравдугаарт, манай шигшээ тавдугаар байрт явж байгаа. ДАШТ, Азийн цомын хариуцлагатай тоглолт тул Тажикистаны Засгийн газраас хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжин, хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхэд оруулах зөвшөөрөл өгсөн байна. Мөн Тажикистаны хөлбөмбөгийн холбооноос ФИФА-тай ярилцаж, аюулгүй байдлаа бүрэн хангасан хэмээн шалгуулж байж, 10 мянган үзэгчтэйгээр тоглолтыг зохион байгуулах эрх авчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа хөлбөмбөгийн тэмцээн болох гэж буй нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ